Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЭМГЭНЭЛ СОНОМЫН АМГАА

2019-01-29 14:50:08

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн ЭЗБС-ийн Нягтлан бодох бүртгэл шинжилгээний тэнхимийн зөвлөх профессор,

                                                                      СОНОМ ОВОГТОЙ АМГАА

                                                                                      /1949-2019/

 Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн ЭЗБС-ийн Нягтлан бодох бүртгэл шинжилгээний тэнхимийн  зөвлөх профессор, доктор, дэд профессор, Монгол улсын НББ-ийн хүндэт багш С.Амгаа нь 2019 оны нэгдүгээр сарын 27-нд өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл, төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Сономын Амгаа нь 1949 онд Сүхбаатар аймгийн Хонгор сумын нутагт төрсөн.

1960-1967 онд Сүхбаатар аймгийн Хонгор сумын 7 жилийн дунд сургууль, 1967-1971 онд Санхүү-Эдийн засгийн техникумыг барилгын нягтлан бодогч, 1971-1975 онд Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлээр төгссөн.

1996 онд Хөдөө аж ахуйн их сургуульд эдийн засгийн ухааны магистр, 2001 онд эдийн засгийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан ба 2008 онд дэд профессорын цол хүртсэн.

1970-1971 онуудад Дорнод аймгийн Хүнсний комбинатын нягтлан бодогч, 1974-1975 онуудад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн эдийн засагч, 1975-1993 онуудад Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, тэнхмийн эрхлэгчээр, 1993-1997 онуудад Монголын Хөдөө аж ахуйн биржийн дэд захирал, биржийн харъяа “Шим” компанийн дэд захирлаар, 1997 оноос өнөөг хүртэл Эдийн засаг бизнесийн сургуулийн нягтлан бодох бүртгэл, шинжилгээний тэнхимд профессор багш, зөвлөх профессороор ажиллаж байв. 

С.Амгаа нийт 200 гаруй хэвлэлийн хуудас 20 гаруй сурах бичиг товхимол, 30 орчим өгүүлэл бичиж, 10 орчим ном хянан тохиолдуулж, 20 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, 40 орчим бакалавр, магистрын дипломын ажил, нэг докторын диссертаци удирдаж, хамгаалуулжээ.

Мөн сурган хүмүүжүүлэх, эрдэм судлалын ажлын зэрэгцээ хөдөө аж ахуйг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх үйл явцад идэвхтэй оролцож, хөдөө аж ахуйд өмч хувьчлах санал боловсруулж, тухайн үеийн Өмч хувьчлалын комиссын дэмжлэгтэйгээр 1992 онд Монголын Хөдөө Аж Ахуйн Биржийг санаачлан байгуулж, ажиллаж байв.

Түүний сурган хүмүүжүүлэх их үйлс, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 60,70, 80 жилийн ойн хүндэт медаль, “Боловсролын тэргүүний ажилтан”, “Санхүү, банкны тэргүүний ажилтан”, “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Атрын алдар” медаль, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор  тус тус шагнажээ.

С.Амгаа нь Монголын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажил, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, эрдэм судлалын үйлст 50 орчим жилийн оюун ухаан, хөдөлмөрөө зориулсан бидний бахархалт багш, эрдэмтэн, судлаач байсан билээ.

Багш таны  зөөлөн, даруу, шударга, хүнлэг, шинийг санаачлан хэрэгжүүлэгч, бүтээлч,   ажилласаг, нямбай, оюунлаг зан, гэгээн дүр төрх тань олон мянган шавь нарынхаа сэтгэлд мөнхөд орших болно.

 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

ХААИС-ИЙН РЕКТОР Т.ХЭРҮҮГА

ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn