Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ОЮУТНЫ ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. ХААИС-ийн оюутанд чөлөө олгох, гадаад, дотоодын их, дээд сургуулиудаас оюутан шилжин ирж суралцах, мөн ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль хооронд шилжүүлэн суралцах, ХААИС-ийн оюутныг сургуулиас чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
 
Хоёр. Оюутанд чөлөө олгох
 
2.1. Оюутан нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч болно.
2.2. Оюутанд 1-3 хоногийн чөлөөг тэнхмийн эрхлэгч, 3-5 хоногийн чөлөөг сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, 2 долоо хоног хүртэлх чөлөөг бүрэлдэхүүний сургуулийн захирал олгоно.
2.3. Цагийн чөлөөг тухайн хичээл зааж буй багш олгоно. 
2.4. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оюутан цаашид үргэжлүүлэн суралцах боломжгүй болсон тохиолдолд нэг хичээлийн жилийн хугацаатай чөлөө авч болно. Энэ тохиолдолд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бичгээр өргөдөл гаргана. 
2.5. Оюутны өргөдлийг үндэслэн бүрэлдэхүүний сургуулийн захирал тушаал гаргаж баталгаажуулна.  
2.6. Өргөдлийн дагуу бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба тухайн оюутны нийт цуглуулсан кредит, үнэлгээний голч дүн, тухайн улирлын хичээл сонголтын нийт кредитийг тус тус баталгаажуулан гаргаж өгнө. 
2.7. Жилийн чөлөөтэй оюутан чөлөөтэй байх хугацаандаа өмнөх F үнэлгээтэй болон хангалтгүй үнэлгээтэй хичээл дахин сонгож судлах эрхтэй.
2.8. Жилийн чөлөө авсан оюутны төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, үндэсний тэтгэлгийг түр хугацаагаар зогсоож, холбогдох материалыг төрийн санд хүргүүлнэ.
2.9. Хүндэтгэн үзэх шалтгаангүй, албан ѐсны чөлөө аваагүйгээр 30 хоногоос дээш хугацаагаар хичээлд суугаагүй оюутанд сургалтын албанаас жилийн чөлөө олгоно. 
2.10.Оюутан суралцах хугацааны турш нийт 3 хүртэл жилийн чөлөө авч болно. Гэхдээ оюутан нь хоѐр чөлөөний хооронд намар, хаврын бүтэн 2 улиралд хэвийн ачаалалтайгаар суралцсан байх шаардлагатай. 
2.11. Жилийн чөлөөнөөс ирж байгаа оюутан нь улирлын эхэнд сургалтын нэгдсэн хуанлийн "Хичээл сонголт 2" явагдаж дуусахаас өмнө бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хандаж, тухайн улиралд суралцах хичээлүүдээ сонгоно. Оюутны чөлөөнөөс ирж, үргэлжлүүлэн суралцаж байгаа тухай захирлын тушаал улирлын эхний 7 хоногт багтаж гарсан байна.
2.12. Бүрэлдэхүүний сургуулийн захирал сар бүрийн эхний 5 хоногт багтаан оюутны шилжилт хөдөлгөөний тайланг санхүүгийн албанд хүргүүлэх ба тушаал гаргана.  
 
 Гурав. Оюутны шилжилт хөдөлгөөн
 
3.1. ХААИС-д шилжин суралцах оюутан
 
3.1.1. Гадаад болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаас ХААИС-д шилжин ирж суралцах хүсэлтэй оюутнууд бүрэлдэхүүний сургуулийн захиралд хандаж өргөдөл гаргана. 
3.1.2. Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч материалтай танилцаж захирлын цохолтыг үндэслэн доорх шаардлага хангасан оюутныг шилжүүлэн суралцуулна. Үүнд:
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх.
  • Дүйцүүлсэн нийт кредитийн зөрүү 12 кредитээс ихгүй тохиолдолд тухайн ангид нь шилжүүлэн суралцуулж болно. Дүйцүүлсэн нийт кредитийн зөрүү 12 кредитээс их тохиолдолд тохирсон ангид нь шилжүүлэн суралцуулж болно.
  • Төгсөх ангид оюутан шилжүүлэн суралцуулахыг хориглоно.
  • ЭЗБС, БУС-ийн математик программ хангамж, Бүртгэлийн мэдээллийн систем, Газрын чиглэлийн ангиудад зөвхөн математикаар суурилсан мэргэжлийн ангиас оюутан шилжүүлэн суралцуулж болно.
  • Магадлан итгэмжлэгдээгүй их дээд сургуулиас ХААИС-д оюутан шилжүүлэн суралцуулахгүй.
  • Анх элсэн орсон мэргэжлээр нэг улирал буюу түүнээс дээш хугацаагаар тасралтгүй суралцсан байх
  • Суралцсан хугацааны нийт хуримтлуулсан үнэлгээний голч дүн нь 2.5оос доошгүй байх 
3.1.3. Оюутны хүсэлт гаргасан хугацаа сургалтын нэгдсэн хуанлийн "Хичээл сонголт 2" явагдаж өнгөрснөөс хойш, мөн түүнчлэн шилжин суралцахаар хүсэлт гаргасан мэргэжлийн анги дүүргэлт бүрдсэн тохиолдолд оюутан шилжүүлэн суралцуулахыг хориглоно. 
3.1.4. Шаардлага хангасан шилжин ирэх хүсэлтэй оюутан дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Шилжин суралцах оюутны хувийн өргөдөл 
  • Иргэний үнэмлэхийн батлагаажуулсан хуулбар 
  • Суралцаж байсан сургуульд анх элсүүлсэн захирлын тушаал
  • Ерөнхий шалгалтын батламж 
  • Суралцах эрхийн /томилолт/ баталгаажуулсан хуулбар
  • Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт
  • Өмнө нь суралцаж байсан сургуулиас шилжүүлэн суралцахыг зөвшөөрсөн захирлын албан бичиг, тодорхойлолт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг зэрэг баримт бичгийг бүрдүүлж өргөдлийн хамт холбогдох бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд ирүүлнэ.
3.1.5. Бүрэлдэхүүний сургуулийн захирал хичээлийн улирлын эхний 7 хоногт багтаан шилжилт, хөдөлгөөний тушаал гаргаж СБЗА-нд хүргүүлнэ. 
3.1.6. Бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн эрхлэгч шилжин суралцах зөвшөөрөл олгогдсон оюутны дүнгийн жагсаалтыг мэргэжлийн ангийн сургалтын төлөвлөгөөтэй өмнө сургуульд үзэж судалсан хичээлүүдээс агуулгын хувьд дүйцүүлэн тооцож, зөрүү кредитийн төлбөр төлүүлж "Бакалаврын сургалтын гэрээ" байгуулна. 
3.1.7. "Бакалаврын сургалтын гэрээ" байгуулсан оюутныг бүртгэж, оюутны код олгоно.
3.1.8. Оюутан нь тухайн улиралд суралцах хичээлээ сонгох ба сургалтын төлбөрөө төлсний дараа бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанаас оюутны карт олгосноор сургалтын үйл явцад оролцох эрхтэй болно. 
3.1.9. Шилжилт хөдөлгөөний төлбөр тооцоо нь ХААИС-ийн санхүүгийн журмаар зохицуулагдана.
   
3.2.      ХААИС-аас оюутан шилжүүлэх

 

 

3.2.1. Оюутан өөрийн хүсэлтээр ХААИС-аас шилжин суралцах тухай хүсэлтээ бүрэлдэхүүний сургуулийн захиралд хандаж өргөдөл гаргана. 
3.2.2. Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч материалтай танилцаж захирлын цохолтыг үндэслэн оюутныг шилжүүлнэ.
3.2.3. ХААИС-аас шилжих оюутан нь тойрох хуудас бөглүүлж төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан байна.
3.2.4. Оюутныг шилжүүлэхтэй холбоотой төлбөр тооцоо нь ХААИС-ийн санхүүгийн журмаар зохицуулагдана.
3.2.5. Бүрэлдэхүүний сургуулийн захирал сар бүрийн эхний 5 хоногт багтаан оюутныг шилжүүлэх тухай тушаал гарган, мэдээг санхүүгийн албанд хүргүүлнэ. 
  
Дөрөв. Оюутныг сургуулиас чөлөөлөх
 
4.1. Сургуулийн захиргаанаас дараах тохиолдолд оюутантай байгуулсан "Сургалтын гэрээ"-г цуцалж, сургуулиас чөлөөлнө. Үүнд: 
  • ХААИС-ийн оюутны ѐс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн;
  • Бакалаврын сургалтын гэрээ зөрчсөн; o ХААИС-ийн хичээлийн болон оюутны байр, орчин тойронд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн 
  • ХААИС-ийн дүрэм, дотоод журам, оюутны ѐс зүйн журам зөрчиж гэмт хэрэг, ѐс зүйн ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон
  • Захирлын тушаалд заасан хугацаанд чөлөөнөөс ирж, үргэлжлүүлэн суралцаагүй;
  • Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр заагдсан;
  • Оюутан өөрөө сургуулиас гарахыг хүссэн; 
  • Оюутны суралцсан хугацааны үнэлгээний голч дүн 0,7-оос бага, эсвэл анхааруулах хуудсыг 3 удаа давтан авсан  
4.2. Бүрэлдэхүүний сургуулийн захирал сар бүрийн эхний 5 хоногт багтаан оюутныг сургуулиас чөлөөлөх тухай тушаал гарган, мэдээг санхүүгийн албанд хүргүүлнэ. 
 
Тав. Бусад
 
5.1.   Оюутны шилжилт хөдөлгөөний мэдээг бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба сарын бүрийн эхний 5 хоногт багтаан гаргаж, СБЗА болон Санхүүгийн албанд хүргүүлнэ. 
 
Оюутны шилжилт хөдөлгөөний тайлан
  
Мэдээ гаргасан:          Сургалтын арга зүйч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Мэдээг хянасан: Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
 
Дүйцүүлэн тооцох хуудас
 
Овог . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . нэр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 
Шилжсэн сургуулийн нэр . . . . . . . . . . . .     Шилжих сургуулийн . . . . . . . . . . . . . 
 

нэр        

 
Мэргэжлийн анги.  . . . . . . . . . . . .             Мэргэжлийн анги.       . . . . . . . . . . . . . 
 
Курс             . . . . . . . . . . . .             Курс    . . . . . . . . . . . . . 


201 оны . . . сарын . . . . өдөр 
          
Дүнг дүйцүүлсэн: Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч     . . . . . . . . . . . . . . .
 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn