Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
 
Энэхүү журам нь ХААИС-ийн дүрэм, дотоод журам зэргийг мөрдлөгө болгон оюутны суух эрх үүрэг, амьдрах орчин нөхцлийг ханган дэг журмыг сахиулахад оршино.
 
Хоёр. Оюутны эрх
 
2.1. Оюутны дотуур байранд оршин суух хяналтын тоонд багтаж, бүрэлдэхүүн сургуулиудын захирлын тушаалд нэр заагдсан оюутнууд дотуур байранд оршин суух эрх эдэлнэ.
2.2. Оюутны дотуур байрын төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд оюутны байрны захирал, багш нартай гэрээ байгуулан оюутны дотуур байранд амьдрах эрхийг эдлэнэ.
2.3. Оршин суугч оюутан нь байрны ариун цэвэр, гэрэл, дулаан зэрэг үйлчилгээний талаар санал, шүүмжлэлээ илэрхийлж, биелэлтэнд нь хяналт тавина.
2.4. Оюутны байрны захирал, багш, ажиллагсдын үйлчилгээний талаар улирал бүр үнэлэлт дүгнэлт өгнө.
2.5. Оршин суугч оюутан нь байранд гал тогоо, уншлагын танхим, амралтын болон бие даалтын өрөө, ариун цэврийн өрөө, угаалгын өрөөг зохих журмын дагуу ашиглана.
2.6. Оршин суугч оюутан нь байранд интернэт, ариун цэврийн болон угаалгын өрөөг зохих журмын дагуу ашиглаж хэрэглэнэ.
2.7. Байранд оршин суугч оюутан нь эмнэлгийн тусламж болон бусад ямар нэг зайлшгүй дэмжлэг авах, шаардлага гарсан тохиолдолд холбогдох хүмүүст заавал мэдэгдэнэ.
2.8. Оюутны дотуур байрны нэг тасагт тавдагч нэмэлт оюутнаар бүртгүүлэн орох тохиолдолд тухайн тасагт амьдран суугч бусад оюутны саналыг бичгээр авсан байна.
2.9. Оршин суугч оюутан нь тасгийнхаа ариун цэвэр, дэг журам болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг ариг гамтай ашиглах талаар бусад оюутнуудад шаардлага тавих эрхтэй.
2.10. Оршин суугч оюутан нь тасагтаа тохижилт хийж, гэрээний үүрэг, оюутны байрны дотоод журмын заалтыг үлгэр жишээ сахисан оюутан дараа жил тэргүүн ээлжинд оршин суух эрхтэй.
 
Гурав. Оюутны хүлээх үүрэг
 
3.1. Оршин суугч оюутан нь багш, ХААИС-ийн оюутны холбоо, байрны оюутны зөвлөл, ажилтан, ажиллагсадтай зөв зохистой харьцаж, тэдний тавьсан шаардлага, ариун цэвэр, байрны дотоод журам сахих талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ.
3.2. Оршин суугч оюутан нь оюутны дотуур байр, нийтийн эзэмшлийн газарт архи уух, тамхи татах, хог хаях, хөгжим чанга тавих, орилж хашгирах, зорилгогүй сэлгүүцэх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан зүй бус авир гаргахгүй байх үүрэгтэй.
3.3. Оршин суугч оюутан нь сургуулиас олгосон эд хөрөнгийг эвдэж, гэмтээж дутаасан тохиолдолд хохирлыг тухайн үеийн үнийн ханшаар төлж барагдуулна.
3.4. Оюутны дотуур байранд согтууруулах ундаа худалдаалах архидан согтуурах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дотуур байранд нэвтрэхийг хориглоно.
3.5. Нийтийн хэв журмыг зөрчин танхайрахгүй байх, бусдын эд зүйлийг хулгайлах, цонхоор хүн оруулах, гаргах, хонуулах, нохой, муур зэрэг амьтан тэжээхийг хориглоно.
3.6. Байрны дотоод, гадаад орчны их цэвэрлэгээнд хамрагдан оролцох, өрөө тасгийнхаа тохижилт, ариун цэвэр, дэг журамд анхаарна.
3.7. Байранд оршин суугч оюутан нь галын аюулгүй байдлыг чанд мөрдөн сахих ба зориулалтын бусаар элдэв цахилгаан хэрэгсэлийг ашиглахгүй байх үүргийг хүлээнэ.
 
Дөрөв. ХААИС-ийн эрх, үүрэг
 
4.1. ХААИС нь эрх, үүргээ оюутны байрны захирал, багш ажиллагсадаар дамжуулан эдэлж, хүлээнэ.
4.2. Оюутны байрны захирал, багш, ажиллагсад ажлын байрны тодорхойлолтод хүлээсэн үүргийг биелүүлж ажиллана.
4.3. Оюутны байрны захирал, багш, ажиллагсад хагас болон бүтэн жилээр ажлын тайлангаа захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
4.4. ХААИС-ийн оюутны байрны галын аюулгүй байдлыг хангах, материаллаг баазыг бэхжүүлэх, түүнийг хэрэгжүүлэх дүрэм, журмыг танилцуулж баталгаа гаргуулна.
4.5. Байранд суух оюутнуудад өрөө, ор, дэвсгэр, ширээ, сандал зэрэг эд хөрөнгө олгож, цэвэр ус, дулаан цахилгаанаар ханган, байрны эд хөрөнгийн жагсаалт гарган өрөө тасагт байрлуулна.
4.6. Оршин суугч оюутантай гэрээ байгуулж, зөрчил гаргасан оршин суугч оюутны гэрээг цуцлана. 4.7. Байрны гадаад, дотоод орчин, эрүүл ахуйн нөхцөлийг хангана.
4.8. Байрны багш, оюутнуудны байрны жижүүр нь ээлжийн хугацаандаа байранд суугч оюутны бичиг баримтыг шалган орох, гарах хөдөлгөөнийг зохицуулахаас гадна цахилгаан, цэвэр усны алдагдал, гал түймэр, хулгай, гэмт хэргээс урьдчилан сэргийлж хяналт тавина.
4.9. Оюутны байрны жижүүр нь ажлынхаа талаар рапорт бичин байрны захиралд мэдэгдэж, дараагийн жижүүрт хүлээлгэн өгнө.
4.10. Оюутны байрны захирал, багш, байрны оюутны зөвлөл, ажиллагсад нь байрны оршин суугч оюутнуудыг байрны дотоод журам, гэрээ биелүүлэхэд хамтран ажиллана
4.11 Байранд оршин суугч оюутны овог нэр, анги курсыг хаалганы гадна нэг загвараар хийж хадсан байна.
4.12. Байрны зөвлөлийн гишүүдийн байрны төлбөрийг 25-50 хувь, бүтэн өнчин оюутанг байрны төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.
4.13. Өрөөндөө засвар тохижилт хийж, гэрээний үүрэг, байрны дотоод журмын заалтыг сахин биелүүлж байсан оюутанг дараа жил тэргүүн ээлжинд оюутны байранд оршин суух эрх олгоно.
4.14. Үлгэр жишээ байр, тасгийг шалгаруулж шагнаж урамшуулна.
 
Тав. ХААИС-ийн Оюутны холбоо  /ХААИСОХ/ болон Байрны Оюутны зөвлөлийн /БОЗ/ эрх, үүрэг
 
5.1. ХААИС-ийн оюутны холбоо нь оршин суугч нийт оюутнуудын эрх ашгийг хамгаална.
5.2. ХААИСОХ, БОЗ нь байранд суух оюутныг сонгох, бүртгэхэд ХААИС-ийн удирдлагатай хамтран хяналт тавина.
5.3. Оршин суугч оюутнууд оюутны дотуур байрны дотоод журмыг хэрхэн биелүүлж байгаад ХААИСОХ, БОЗ хамтран хяналт тавьж, оюутны байрны захирал, багш ажиллагсадтай хамтран ажиллаж, ХААИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын алба, Нийгэм эдийн засгийн албанд мэдээллийг танилцуулж байна.
5.4. Оюутны байрны тохижилт үйлчилгээний талаар ХААИС-ийн удирдлагад санал хүсэлтээ тавьж шийдвэрлүүлнэ.
5.5. Оюутны байрны захирал, багш, ХААИС-ийн Оюутны холбоо нартай хамтран байранд оршин суугч оюутнуудын байрны нэгдсэн хурлаар Бүрэлдэхүүний Оюутны Зөвлөлийг сонгоно. 5.6. Бүрэлдэхүүний оюутны зөвлөл нь оюутны байранд оршин суугч оюутнуудын дунд сэтгэл ханамжийн судалгааг авч зөрчлийг шийдвэрлүүлнэ.
5.7. ХААИС-ийн Оюутны Холбоо, БОЗ нь оршин суугчдын дунд биеийн тамир, соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулна.
5.8. ХААИС-ийн Оюутны Холбоо, БОЗ-ийн гишүүд нь оюутны байранд хийж гүйцэтгэсэн ажлын хагас болон бүтэн жилийн тайланг оршин суугч оюутнуудаар хэлэлцүүлэн дүгнүүлнэ.
 
Зургаа. Хариуцлага
 
6.1. Оршин суугч оюутан нь дараах зөрчлүүдийг гаргасан тохиолдолд гэрээг шууд цуцлана. Үүнд:
6.1.1. Энэхүү журмын 3.4-д заасан зөрчил гаргасан тохиолдолд
6.1.2. Оршин суугч оюутнуудын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрах, хэв журмын зөрчил гаргаад нотлогдсон тохиолдолд
6.1.3. Оюутны байранд гадны хүн хонуулах, цонх болон бусад хэлбэрээр оюутны дотуур байранд хүн оруулах
6.1.4. Удаа дараа байрны захирал, багш, ажиллагсдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх
6.2. Оюутны байранд 23 цагаас хойш орох, гарах хөдөлгөөнийг хориглоно.
6.3. Цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэсэн тохиолдолд хуулийн дагуу төлбөр ноогдуулна.
6.4. Энэхүү журмын 6.1 дэх заалтад хамаарах зөрчлөөр байрнаас хөөгдсөн бол дахин оюутны дотуур байранд хүлээн авахгүй.

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn