Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИЙН ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
 Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1 ХААИС-ийн оюутны “Ёс зүйн дүрэм” нь оюутан суралцах явцад үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулах, оюутан нэр төрөө өндөрт өргөж явах, хариуцлага, ухамсарыг өндөржүүлэхэд чиглэнэ.
1.2 Боловсролын тухай хуулийн 6-р бүлэг 45-р зүйл, дээд боловсролын тухай хуулийн 7-р бүлэг 16-р зүйлд заасан суралцагчын үүрэг, ХААИС-ын дүрэм, Оюутны холбооны дүрэм, бусад холбогдох дүрэм, журам болон энхүү дүрэм журмын хэм хэмжээний хүрээнд ёс суртахууны зөрчил гаргалгүй өөрийгөө удирдан авч явна.
 
ХОЁР. Оюутны даган мөрдөх ёс суртахууны хэм хэмжээ
 
2.1 ХААИС-ын оюутны суралцах үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны хэм хэмжээ 2.1.1 Суралцах сургалтын төлбөр, бусад дүрэм журамд заасан кредит цаг ба үнэлгээний голч дүнгийн дундажийг ханган суралцах.
2.1.2 Суралцагч нь бүтээлчээр бие даан суралцах чадвар эзэмшихэд анхаарч, сурах мэдэхийн төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийдэг байх
2.1.3 Суралцагч нь нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, удирдах шинэлэг арга барилтай мэргэжилтэн болохын тулд авъяас, мэдлэг чадвараа дайчлан суралцах
2.2 ХААИС-ын оюутан нь Монгол улсын хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрэм, журмын дагуу биеэ авч явахад тавигдах ёс сууртахууны хэм хэмжээ
2.2.1 Оюутан сургуулийн дүрэм, журам сургалтын гэрээгээр хүлээсэн үүрэг, ёс зүйн энэхүү дүрмийг ягштал баримтлан сургуулийн дотоод дэг журам, сахилгыг чанд мөрдөнө.
2.2.2 Сургуулиас зохиож буй соёл, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцож, хөгжих, төлөвших, багаар ажиллах чадвартай болох боломжийг байнга эрэлхийлэх
2.2.3 Сургуулийн хичээлийн байр, номын сан, сургалт- эрдэм шинжилгээний лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу эдэлж хэрэглэх, ариг гамтай өөриймсөг хандан ашиглах
2.2.4 Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх
2.3 ХААИС-ийн оюутан нь бусадтай хамтран ажиллах явцад тавигдах ёс суртахууны хэм хэмжээ
2.3.1 Багш шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх
2.3.2 Багшаас тавьсан зүй ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
2.3.3 Хамт суралцагч бусад оюутанд хүндэтгэлтэй хандаж, ажил хэрэгч бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэх
2.3.4 Бусдын нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, бусад оюутны хууль ёсны эрх чөлөөг хүндэтгэх 2.3.5 Бусад оюутнуудтай өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцан мөн тэднээс суралцан үршэлж манлайлж явах
 
Гурав. Оюутан сурах үүргээ хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй дараах зөрчлийг хориглоно.
 
3.1 Оюутан хичээлээс байнга хоцрох, хүндэтгэх шалтгаангүй хичээл таслах
3.1.1 Оюутан сурч мэдэхийн төлөө бие даан эрэл хайгуул хийлгүй бэлэнчлэх, залхуурах
3.1.2 Сурах үйл явцдаа хуулах, хууран мэхлэх зэрэг шудрага бус аргуудыг хэрэглэх
3.1.3 Шалгалтаас хоцрох, дур мэдэн таслах, шалгалтын журмыг зөрчих
3.1.4 Бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар, хууль бусаар өөрийн болгон танилцуулах, ашиглах
3.1.5 Багшийн хичээлийг үймүүлж, бүдүүлэг зан гаргасан, бусдын анхаарлыг сарниулсан, гэх зэргээр хичээлийн дэг журмыг зөрчсөн
3.1.6 Багш, ажилтан, ажилчдыг үл хүндэлсэн, зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн, бүдүүлэг үг хэллэг хэрэглэж бусдыг доромжилох
3.2 Дараах гарч болзошгүй зохисгүй хэлбэр зөрчлийг хориглоно
3.2.1 Сургуулийн дотоод дэг журам, сахилгыг алдагдуулсан үйлдэл хийх
3.2.2 Сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах
3.2.3 Сургуулийн эд материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг эвдэж сүйтгэх
3.2.4 Сургуулийн байр, орчин, дотуур байранд согтууруулах ундаа, мансууруулах эм, бодис худалдах, хэрэглэх, согтуу ирэх
3.2.5 Сургалтын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхгүй чирэгдэл учруулах
3.3 Бусадтай хамтран ажиллах явцад гарч болзошгүй дараах ёс суртахууны зөрчлийг хориглоно
3.3.1 Суралцагч нь хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих
3.3.2 Суралцагч нь бусдыг хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус хандах
3.3.3 Суралцагч нь багш болон хамт сурах оюутныхаа хувийн дутагдлыг ярих, нэр хүндийг нь гутаах, хов цуурхал дэгдээх, бусадтай нийлж гүтгэх
3.3.4 Бусдын санаа бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, загнах, зандрах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах
 
Дөрөв. Ёс зүйн зөрчил гаргасан оюутанд хүлээлгэх хариуцлага
 
4.1 Ёс зүйн зөрчил гаргасан оюутанд зөрчлийн хэр хэмжээ, өхцөл байдлыг харгалзан ХААИС-ийн Бүрэлдэхүүн сургуулиас доорх хариуцлагыг хүлээлгэнэ.
4.1.1 Амаар буюу бичгээр анхааруулах, сануулга өгч уучлал гуйлгах
4.1.2 Учруулсан хохирлыг төлүүлэх
4.1.3 Сургуулийн дотоод журмын дагуу сануулах, донгодох сургуулиас хөөх хүртэлх арга хэмжээг авах
4.2 Сануулга өгч уучлал хүсүүлэх хариуцлагыг ёс зүйн хөнгөн зөрчил гаргасан этгээдэд ногдуулах ба /3-с дээш удаа сануулга авсан тохиолдолд дараагийн хариуцлагыг хүлээлгэнэ/ хичээлийн нэг жилийн хугацаанд оюутанд нэгээс илүү ногдуулахгүй.
4.3 ХААИС-ийн оюутан байх эрхийг хасах хариуцлагыг ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан буюу давтан ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хувьд сургуулиас хөөх хариуцлагыг хүлээлгэнэ.
4.4 Сургуулиас болон дотуур байрнаас хасагдах шийтгэл хүлээсэн этгээд сургалтын, дотуур байрны төлбөрийг нь буцаан олгохгүй бөгөөд энэ дүрэмд ёс зүйн зөрчил гэж заасан үйлдлүүдийг мэдээгүй байсан нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй
 
Тав. Ёс зүйн зөвлөл
 
5.1 ХААИС нь дэргэдээ оюутны ёс зүйн зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хамт олон, оюутны байгууллагын саналыг үндэслэн ХААИС-ийн ректор тушаалаар томилж ажиллуулна.
5.2 Оюутны ёс зүйн зөвлөлд ХААИС-ийн сургалт эрхэлсэн проректор,оюутны асуудал эрхэлсэн мэргэжилтэн хяналт тавина.
5.3 Оюутны ёс зүйн зөвлөл нь тэргүүн, тодорхой үүрэг бүхий гишүүдтэй байх ба ХААИС-ийн оюутны зөвлөлийн тэргүүн, хяналтын зөвлөлийн дарга, сургуулийн удирдах зөвлөлд байгаа багш нарын төлөөллөөс тус тус бүрдэнэ.
5.4 Оюутны ёс зүйн зөвлөл нь ХААИС-д суралцагч оюутнуудын ёс зүйн зөрчлийг магадлан судалж, дүгнэлт гарган сургуулиас хасуулахаас бусад тохиолдолд шийдвэр гаргах, сургуулиас хасах саналтай бол захиргааны зөвлөлийн хуралд оруулан шийдвэрлүүлнэ.
5.5 Тус журмын 4.3-т заасан шийтгэл ноогдуулах асуудлыг захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулна.
Зургаа. Журамд өөрчлөлт оруулах тухай
6.1 Энэхүү журам нь 2010 оны 09 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөнө.
6.2 Журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ёс зүйн зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэн Захиргааны Зөвлөлийн хуралдаанаар батална.

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn