Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургууль Монголын дээд боловсролын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ

Хөдөө аж ахуйн их сургууль Монголын дээд боловсролын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ

2014-09-22 07:09:59

Хөдөө аж ахуйн их сургууль Монголын дээд боловсролын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ
Б.Нарантуяа
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хичээлийг судалж, “Харвард”, “Оскфорд”-ын сертификат өвөртлөх боломжтой боллоо гэх мэдээллийн мөрөөр Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг зорилоо. Хичээлийн шинэ жил эхэлсэн болохоор сургууль хөл хөдөлгөөн ихтэй байв. Эмх цэгцтэй, орчны тохижилт сайтай, юун төлөө Хөдөө аж ахуйн их сургууль билээ гэсэн шиг янз бүрийн мод бут, цэцэг навч тарьсан, сэрүү татсан агаар сайхантай болохоор сургууль биш цэцэрлэгт хүрээлэнд яваад байна уу гэх сэтгэгдэл төрмөөр. Нэгэн бодлын гадаадын их, дээд сургуулийн кампус буюу хотхоныг санагдуулам. Тэрүүхэн зуурт энэ сургуулийн оюутнууд азтай юм аа гэсэн цагаан атаархал төрж явлаа. Бас нэг ч гэсэн их сургууль ийм орчин бүрдүүлж чадсанд бахархсан.
Зорьсон зорилгынхоо дагуу ХААИС-ийн захирал, доктор, профессор Төмөрбаатарын Хэрүүгатай уулзаж мэдээлэл авлаа.
- Ер нь, ХААИС руу орж ирэхэд гадаадын нэг их сургуулийн кампус уу гэмээр орчин бүрдүүлсэн нь сайхан санагдлаа. Тохижилт, зохион байгуулалт, спортын ил талбай, номын сан гээд. Театр гэсэн хаяг ч бас харагдах шиг болсон.
- Өнгөрсөн жил манай сургууль Нийслэлийн шилдэг тохижилттой байгууллагаар шалгарсан.
2013-2014 оны хичээлийн жилд “Оюутан бүрийн хөгжлийн төлөө” аяныг зохион байгуулж, гурван бүтээн байгуулалтыг хийсэн байгаа.
-Спортын ил талбай энэ бүтээн байгуулалтын нэг нь үү?
- Спортын ил талбайтай болсноос гадна сургуулийнхаа Соёл, урлагийн танхимыг “Хатан Туул” нэртэй оюутны театр болгож тохижуулсан. “Оргил”  мультмедиа студи байгуулсан. 2016-2017 оны хичээлийн жилд нээлтээ хийх хичээлийн шинэ цогцолборын шавыг тавьсан. Энэ цогцолбор маань сургалт, суралгааны хамгийн ухаалаг орчин бүрдүүсэн есөн давхар, эрдэм шинжилгээний лабораториуд байрлах гурван давхар, мөн спорт заал гэсэн гурван үндсэн хэсэгтэй.
Юун түрүүнд хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлж алхах үүднээс интернэтийн хурдаа хоёр дахин нэмэгдүүлж 40 Mbps болгож, Uniface 5.0 серверийг шинэчлэн хүчин чадлыг дөрөв дахин нэмсэн. Сургуулийн орчин утасгүй буюу Wi-Fi интернэтийн бүс болж, ашиглаж байгаа серверүүдийнхээ хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлсэн.
Уг нь ирсэн гол зорилго маань танай сургууль дээр хэрэгжүүлж эхэлж байгаа “Be Global” хөтөлбөртэй холбоотой юм. Гэхдээ өөрийн мэдэлгүй л сургуулийн асуудал руу татагдаад орчихлоо. Таны хувьд ХААИС-ийн захирлаар томилогдоод 2 жил шахам хугацааг ардаа үдсэн байна. Эргэж хараад өөртөө ямар дүн тавих вэ. Энэ хугацаанд хэр ихийг хийж амжуулсан гэж бодож байна вэ?
Дээр дурдсан ажлуудаас гадна өнгөрч буй хичээлийн жилээс эхлэн “Судалгааны нээлттэй их сургууль” болох зорилго тавьж, энэ хүрээндээ гурван зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт; суралцагч бүр судлаач байх, хоёрдугаарт; багш профессор бүр шинжлэх ухааны онолыг ойлголтуудыг хамгийн энгийн аргаар, бодит байдалд хөрвүүлэн, оюутнууддаа жинхэнэ мэдлэг болгож өвлүүлэх мэдлэгийн менежер байх, гуравдугаарт; судлаач, профессор бүр судалгаанд суурилсан, мэдлэгт түшиглэсэн өндөр технологийн эзэн байх
Тухайлбал?
Өнгөрсөн хичээлийн жилд манай багш, судлаачид олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийнхээ тоог өмнөх жилийнхээс долоогоор нэмэгдүүлж 17-д хүргэсэн байгаа. Үүнээс гадна “Профессорын багийн тогтолцооны журам” баталж, 19 багийг байгуусан. БШУЯ-ны санхүүжилтээр Байгалийн шинжлэл, биохимийн, ХАА-н биотехнологийн, Машин судлал, сорилын, цахилгаан техникийн лабораториудыг байгууллаа. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэнг түшиглэн хоёр цөм технологийн төслийг эхлүүлсэн.
-Төсөл гэснээс саяхан болж өнгөрсөн “Invest Mongolia” хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Монголд зөвхөн уул уурхай биш боловсрол, хөдөө аж ахуй тэр дундаа эрдэм шинжилгээний салбарт хөрөнгө оруулалт татах маш том боломж байна гэж ярьж байсан. ХААИС гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хэр татаж чадаж байгаа вэ?
-Бидэнд тийм боломж, бололцоо байгаа. Өнгөрсөн жил олон улсын JICA, KOICA байгууллагын дэмжлэгтэйгээр сургалт, судалгааны орчныг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр гурван төсөлийг нийт 9.2 сая америк долларын санхүүжилттэйгээр  эхлүүлсэн. Мөн хамтран судалгаа хийх, биотехнологийн парк байгуулах хоёр ч төслийг KOICA болон бусад олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудад хүргүүллээ. АНУ, Канад, Япон, Норвеги, ХБНГУ зэрэг өндөр хөгжилтэй улсын их дээд сургуулиудтай хамтран судалгаанд суурилсан гарааны компани байгуулах талаар хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Одоогоор хоер компанийг эхлүүлээд байна.
-Тэгэхээр ХААИС ойрын ирээдүйд эдийн засгийн хувьд нэлээд биеэ даасан, санхүүгийн эрх чөлөөтэй болох нь ээ дээ. Нийт төсөвтөө сургалтын төлбөрийн эзлэх хувийн жинг бууруулж, орлогын олон эх үүсвэртэй болохоор зорьж байгаа гэсэн. Монголын их, дээд сургуулиудынхаа дунд дэргэдээ анхны гарааны компани байгуулсан нь энэ зорилгодоо хүрэх нэг алхам гэж ойлгож болох уу?
-Аль ч их, дээд сургуулийн хувьд зөвхөн сургалтын төлбөр дээр суурилсан орлогын эх үүсвэрийг өөрчлөхгүй бол хөгжих боломж харагдахгүй байна. Манай сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жилд БШУЯ, ҮХААЯ-ны түншлэлийн гэрээний хүрээнд 933 сая төгрөгийн санхүүжилт бүхий “Малын тэжээл үйлдвэрлэл”-ийн чиглэлийн инновацын төсөлийг манай МААЭШХ хэрэгжүүлж, анхны гарааны компаниа байгуулсан. Мөн ҮХААЯ болон Монголбанктай хамтран нийслэлийн иргэдийг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах 80 фермийн аж ахуйг байгуулах, тэдэнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг бэлэн болгосон байгаа. Сургууль маань сүүлийн жилүүдэд банкнаас 1-3 тэрбум төгрөгийн зээл авч хэвийн үйл ажиллагаагаа хангадаг байсан. Харин энэ хичээлийн жилийг өр, зээлгүйгээр эхэлж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн жил багш, ажилтнуудынхаа цалинг 15 хувиар, тэтгэмж тэтгэлгийг 2-3 дахин нэмэгдүүлсэн.
-Нууц биш бол энэ хичээлийн жилийн эдийн засгийн төлөвлөгөөг тань сонирхож болох уу?
-Нууцлаад байх юу байх вэ. Сургуулийн төсөвт сургалтын төлбөрийн эзлэх хувийг жил бүр бууруулна. Энэ хичээлийн жилд 12 хувиар бууруулахаар төлөвлөсөн. Бид патент, лиценз, өрсөлдөөнт тэтгэлгээс 100 сая, төсөл, хөтөлбөрүүдээс 900 сая, судалгааны ажлаас 500 сая гээд энэхүү 12 хувь буюу 1.5 тэрбум төгрөгөө нөхөж олно доо.
-Бүх зүйлийг сонирхож асуугаад байвал ирсэн гол зорилгоо мартчих бололтой. Асар их зардал, цаг хугацаа хэмнээд эх орондоо суралцаж, Харвардын сертификаттай болох боломжийг Монголд анх удаа танай сургууль оюутан залууст олгож байгаа гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгнө үү. Залуус бүгд л сонирхох байх?
-ХААИС энэ хичээлийн жилээс эхлэн Монголын дээд боловсролын түүхэнд нэгэн шинэ алхмыг хийх гэж байгаа нь таны сураглаад байгаа “Be Global” гэж хөтөлбөр юм. Аль ч улс орны залуусын хувьд Харвард, Оксфорд гээд дэлхийн шилдэг сургуульд суралцах хүсэл мөрөөдөлтэй байдаг. Гэтэл сургалтын төлбөр, замын зардал, амьдралын өртөг нь өндөр. Тиймээс тэдгээр шилдэг сургуулийн боловсролыг эх оронд нь хямд зардлаар цахим хэлбэрээр эзэмшүүлж, сертификат олгох сургалтууд сүүлийн жилүүдэд түгээмэл болж байгаа. АНУ, Европт энэ чиглэлийн албан ёсны эрхтэй, нэр хүндтэй компаниуд ч бий болж, дэлхийн олон орны их, дээд сургуультай хамтран ажилладаг болсон. Манай сургууль дэлхий нийтийн энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, Люксенбургт төвтэй “Оксфорд Интерконтинентал” компанитай энэ чиглэлд хамтарч ажиллахаар болоод байгаа.
-Энэ хамтын ажиллагаа яг ямар боломжийг оюутан залууст олгож байгаа юм бэ?
-Дэлхийн шилдэг 100 их, дээд сургууль, тэр дундаа Харвард, Оксфордын хичээлүүдийг цахимаар судалж, кредит цуглуулан сертификат авах, өөрөөр хэлбэл олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг эх орондоо эзэмших, дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөж үнэлэгдэх сертификатыг өөрийн болгох, дэлхийн хаана ч өрсөлдөх боловсон хүчин болох боломжийг энэ хөтөлбөрөөр оюутан залуустаа, эрдэмтэн багш нартаа ч олгож байгаа юм. Энэ боломжийг ашиглан эдгээр сургуульд үргэлжлүүлэн суралцаж болно. Иймд бид ХААИС-ийн кампуст ажиллаж, суралцаж буй бүх хүн англи хэл эзэмших аяныг “Be Global” нэрийн дор зохион байгуулж байгаа юм.              
-Тэгэхээр ХААИС-ийн бүх оюутан хамрагдана гэсэн үг үү. Эсвэл?
-Оюутан бүр өөрийн хөгжлийн хөтөлбөртэй байх, англи хэл эзэмшсэн байж энэхүү аяны үр дүн гарах тул бүх оюутнууддаа уриалж байгаа юм.
Шилдэг оюутнуудаа энэ өвлийн амралтаар нь Харвардын их сургуульд зочлуулах болохоор бүгдээрээ хүсэл, мөрөөдлийнхөө төлөө хичээнэ гэдэгт итгэж байгаа.
-Бусдыгаа үлгэрлэн дэлхийн чиг хандлагыг мэдэрч, хөл нийлүүлэн алхах шинэ алхам хийж байгаа та бүхэнд амжилт хүсье.
-Баярлалаа. Бид, манай сургуулийн эрдмийн хамт олон Таны ирээдүйн зорилгыг биелүүлэхийн төлөө бүхий л талаар дэмжин тусалж, чин сэтгэлээсээ ажиллах болно. Энэхүү амлалт миний хувьд эрдэмтэн багш, профессоруудынхаа өмнөөс амлаж буй хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй амлалт байх болно.
Ингээд зав чөлөөгүй ажлын хажуугаар урт биш хугацаанд үргэлжилсэн ярилцлагаа энд хүрээд өндөрлүүлэхээс аргагүй болсон юм. Цаг давчуу байсан болохоор “Be Global” хөтөлбөрийн талаар зарим нэг мэдээллийг тус сургуулийн цахим хуудсаас авч болохыг тэрээр зөвлөсөн юм. Ямартай ч зорьсон мэдээллээ авсандаа сэтгэл хангалуун буцлаа.
Цахим хуудаст тавьсан мэдээллээр бол тус хөтөлбөрт хамрагдаж, Харвард, Оксфордын боловсрол эзэмшихийн тулд оюутны болон иргэний үнэмлэхтэйгээ ХААИС-ийн Оюутны холбоон дээр очиж бүртгүүлэх юм байна.. Төлбөрийн хувьд дэлхийн шилдэг сургуулиудын боловсрол эзэмшихэд бараг үнэ төлбөргүй гэхэд болно. 180 мянган төгрөг л шаардлагатай. Эхний ээлжийн бүртгэл энэ сарын 22 хүртэл явагдах юм байна. Бүртгүүлснээр та “Global Student” гишүүнчлэлийн картын эзэн болж, дэлхийн шилдэг 100 их сургуулийн монгол орчуулга бүхий хичээлийг цахимаар судална. Хэрэв хүсвэл англи хэл дээрх 300 гаруй хичээлийг хүлээж авах боломжтой юм билээ. Цахим сургалтдаа хамрагдахаас гадна дэлхийн олон шилдэг цахим номын сан, судалгааны санд үнэ төлбөргүй нэвтрэх боломж нээлттэй болно. Номын санд шөнийн 12.00 цаг хүртэл сууж, үнэгүй интернэт, хямд үнэтэй кофе шопоор үйлчлүүлэх гээд суралцахад нь аль болох таатай, сэдэлжүүлэх орчныг бүрдүүлж байгаа юм байна. Энэ том боломжийг битгий алдаарай залуус аа.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn