Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Ч.Бямбадорж: Зориулалтын техник байхгүйгээс ургацынхаа талыг алддаг

Ч.Бямбадорж: Зориулалтын техник байхгүйгээс ургацынхаа талыг алддаг

2015-01-15 02:36:13

Ч.Бямбадорж: Зориулалтын техник байхгүйгээс ургацынхаа талыг алддаг

Монгол улс Хөдөө аж ахуйн инженер, техник,  технологийн салбарын мэргэжилтэн бэлтгээд хагас зууныг үджээ. Бусад салбарыг бодвол залуухан гэж хэлж болох энэ “гал тогоо”-ноос төрсөн анхны шинжлэх ухааны доктор бол Ч.Бямбадорж профессор юм. Тэрбээр 1971 оноос өдгөөг хүртэл эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, дээд боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийн техник хангамж, ашиглалтын асуудлаар олон жил судалгааны ажил хийж, энэ чиглэлээр төр засгийн бодлого шийдвэрт үнэтэй саналаа хэлж, үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөгөө өгч, оюутан, судлаачдад зааж сургасаар яваа манай улсын тэргүүлэх эрдэмтэдийн нэг. Зөвхөн эх орондоо төдийгүй хөрш улсдаа ч үнэлэгддэг эрдэмтэн маань саяхан Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн Хүндэт профессор цол хүртсэн байна. Мөн өмнө нь хоёр байгууллагын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ОХУ-ын ХАА-н Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар Хүндэт доктор цол хүртээж байсан юм.

Хоёр орны боловсрол, шинжлэх ухааны хөтөч нь болж яваа энэ эрхэмтэй  уулзаж, газар тариалангийн салбарын техник, технологийн тулгамдсан асуудлаар ярилцлаа.

- Юуны өмнө Танд баяр хүргэе. Таны ямар үйл хэргийг үнэлж, энэ нэр хүндтэй шагналыг олгосон юм бол...?

-Эрхүүгийн ХАА-н академи бол манай улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдмийн уурхай. Энэ хүндтэй цол олгох саналыг хэдэн жилийн өмнөөс тавьсан. Сая тус сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож, их сургууль гэсэн статустай боллоо. Ойн үеэрээ биднийг урьж надад Эрхүүгийн ХААИС-ийн хүндэт профессор цол хүртээлээ. Хоёр их сургуулийн харилцааг сэргээхэд оруулсан хувь нэмрийг минь үнэлсэн хэрэг гэж ойлгож байна.

 Ардчилсан нийгмийн эхний жилүүдэд бүдгэрээд байсан харилцааг 2000-аад оны эхээр тухайн үеийн манай сургуулийн удирдлага болон миний бие хамтран оюутан харилцан сургах, сургалтын хөтөлбөрийн зохицуулалт, кредит систем тооцох гэх мэт асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллах гэрээ байгуулан сэргээж байлаа. Энэ үеэс хойш хамтын ажиллагаа өргөжиж 2+2 хөтөлбөрөөр манай анхны 20-иод оюутан тус сургуульд суралцаж төгссөн. Үүнээс хойш эрдэм шинжилгээний хамтарсан бага хурал зохион байгуулах, профессоруудыг урьж лекц уншуулах, багш, оюутнууд харилцан туршлага солилцож, хамтарсан судалгаа хийх, өгүүлэл нийтлүүлэх гэх мэт олон хэлбэрээр идэвхтэй ажиллаж байна.  Жишээлбэл, сүүлийн хоёр жилд Эрхүүгийн ХААИС, Буриадын ХАА-н академийн судлаачид хамтран Орчин үеийн ХАА-н машин ашиглалтын зардалыг тооцох шинэ аргыг хамтран боловсрууллаа. Мөн миний бие ч очиж лекц уншсан. Оюутан солилцоогоор л гэхэд манай их сургуулиас мал эмнэлэг, инженер, эдийн засаг, экологи гэх мэт мэргэжлээр 63 оюутан суралцаж байна.  Тус сургууль ойн баяраараа улсын чанартай их сургууль болж өргөжлөө. Ийм статустай болоход Монголын ХААИС их хувь нэмэр оруулсан гэдгийг энэ үеэр онцлон тэмдэглэж хэлсэн. Мөн манай сургуулиас докторантурт ч хүмүүс суралцаж байна. Энэ мэт хамтын ажиллагааны бодитой үр дүн гаргахад миний бие сүүлийн 10 гаруй жил нэлээд чармайн ажиллажээ.  

-Газар тариалангийн механикжсан технологи, техник хэрэгсэлийг боловсронгуй болгох, ашиглалтыг сайжруулах асуудлаар Та олон жил судалгааны ажил хийжээ. Атрын анхны шанг татаж байх үеийнхтэй харьцуулахад энэ салбарт томоохон дэвшил гарсан нь ойлгомжтой. Гэхдээ шийдвэрлээгүй, шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгаа бол?

-Мэдээж өөр болсон. Атрын анхны шанг 55 жилийн өмнө 50 м.х-тэй трактораар татаж байсан бол өнөөдөр 510 м.х чадалтай трактор хэрэглэх болжээ. Мэдээж шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал бий. Манай орны байгаль цаг уурт тохирсон техникийн шаардлага гэсэн баримт бичгийг бид боловсруулж, ХХААЯ-аар баталгаажуулсан. Энэ баримт бичгийг үндэслэн тендер зарлагддаг. Жишээлбэл, тендерээр авах техник, хэрэгсэл ийм ийм үзүүлэлттэй байна гэдгийг нарийн тусгасан байдаг. Гэтэл нэг бэрхшээлтэй асуудал гарч ирсэн. Тендерээр газар тариалангийн техник хэрэгсэлийг авах нь сайн боловч ижил үзүүлэлттэй техник олон улсад үйлдвэрлэгдэж байгаа учир орон орных нийлүүлэгддэг. Ингэсэнээр нэг аж ахуй гурав, дөрвөн орны техниктэй болж, засвар үйлчилгээ, сэлбэг авах зэрэгт олон асуудал үүсч байна. Тиймээс лизингээр техник авах зарчимд шилжих нь зүйтэй гэдэг асуудлыг бид тавьж, энэ жил яамны баримт бичигт тусган хөөцөлдсөн боловч одоогоор шийдэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл хаанаас ямар техник авахаа үйлдвэрлэл эрхлэгч, фермерүүд өөрсдөө шийддэг байх. Харин төр хөрөнгө санхүүгийн хувьд тусалж дэмжихээ хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм. Аж ахуй нэгжүүд өөрийн сонгосон диллер компанитайгаа гэрээ байгуулаад техникээ захиалдаг ийм системийг хэлээд байгаа юм.  

Үүнээс гадна жижиг, дунд аж ахуйд тохирсон техник хэрэгсэл дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл үнэ хямд, найдвартай ажиллагаатай техник хэрэгсэл гэсэн үг. Газар тариалангийн салбарт 800 хүртэлх га-д тариалалт хийдэг жижиг аж ахуй нэгж дийлэнх хувийг эзэлдэг. Сүүлийн үед таримлын төрөл нэмэгдэж байгаа. Үүнийхээ хэрээр тухайн тарималд тохирсон техник хэрэгсэл шаардлагатай болж байгаа юм. Жишээлбэл рапс их тариалж байна. Гэтэл үүнийг тарьдаг, хураадаг тоноглолтой техник манайд бараг байхгүй. Хуучин үр тарианы үрлүүрээр тарьж байгаа ч энэ нь зориулалтын биш учир технологийн алдаа ихтэй, хураах үед хаягдал их гарах жишээтэй. Бараг ургацынхаа тал хувийг алддаг. Тиймээс энэ чиглэлийн техник хэрэгтэй байна гэсэн үг. Бид энэ чиглэлээр судлахад Омскийн туршилтын заводад ийм техник үйлдвэрлэгдсэн байна. Тухайлбал, 4-400 кг-ийн хооронд үрийн норм тохируулдаг, буурцагт ургамал,  үр тариа,  рапсын үрлүүр юм. Үүнийг эх орондоо сорьж туршья гэсэн асуудлыг тохироод ирлээ. Ирэх оны хавар Орхон аймгийн Жаргалант суманд байрлах “Бүтэлийн Ундарга” компанид дээрх тоног төхөөрөмжийн туршилтыг хийнэ. Техник үзүүлэлтийг нь тодорхойлоод Төвийн бүсийн ААН-үүдэд дээрх техникийг сурталчилсан талбайн өдөрлөг 2015 оны 2-р улиралд  зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Мөн ХАА-н техникийн  засвар үйлчилгээний асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Хуучин шиг орон нутагт нэгдсэн засварын төв байгуулах арга байхгүй. Фермерүүд диллер компанийн гарыг хардаг. Эдгээр нь чанар хангасан сервисийн төвтэй болж чадаагүй байна. Цөөн тооны диллер компаниас бусад нь сэлбэг хангамж болон баталгаат засварын үйлчилгээнээс төдийлөн хэтрэхгүй байна.  

Сонирхуулахад, бид Герман Монголын тогтвортой хөгжил төслийн хүрээнд дээрх орны техник хэрэгсэлийг чанар, ашиглалтыг өөрийн орны нутаг дэвсгэрт сорих туршилтын ажил хийсэн. Энэ жил төмсний үйлдвэрлэлийн иж бүрдэл машин дээр ашиглалт технологийн сорилт хийж тайлан гаргасан. Туршилтаас харахад Герман техник бүтээмж өндөр, найдвартай ажиллагаа сайтай, шатахуун бага зарцуулдаг гэсэн ерөнхий үзүүлэлт харагдаж байна.

- Газар тариалангийн салбар хөгжих гол амин сүнс нь технологи. Ямар технологи нэвтрүүлэх шаардлагатай байна вэ?

- Цомхотгосон технологийг аль болох өргөн хүрээтэй нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ технологи нь тариалалтын өмнөх боловсруулалт, үрлэх, бордох, булдах зэрэг олон удаагийн үйлдэлийг зэрэг хийдэгээрээ давуу талтай. Таримлын ургах үед химийн боловсруулалт  хийдэг. Намар үлдэгдэлийг талбайд хэрчиж цацан хучлага үүсгэнэ. Ингэсэнээрээ  хөрсийг хамгаалж байгаа юм. Манай орны хөрс хөнгөн, чийгийн нөөц муутай. Ийм технологийг нэвтрүүлсэнээр төрөл бүрийн зардал хэмнэгдэх давуу талтай.

Мөн тэглэх технологи гэж бий. Манай орны үр тарианы үйлдвэрлэлийн ирээдүйн технологи болох байх. Одоогоор туршилтын түвшинд байгаа. Машин жилд гурван удаа л талбайд явна. Үрлэнэ, ургамал хамгаалын ажил хийнэ, хураана гэсэн үг. Хөрсийг 30 хувиас илүү хөндөхгүй. Ургац хураах үедээ сүрлээр талбайн хучлага хийнэ. Сүрэл эхний 2 жилд 70 хувь, үлдсэн 30 хувь нь дараагийн жилүүдэд задардаг гэсэн Оросын эрдэмтэдийн судалгаа бий. Сүрлэн хучлагыг бий болгон хамгаалж чадвал тэр нь алсдаа үржил шим болно.

-Манай газар тариалан үйлдвэрлэгчид цомхотгосон технологи руу шилжиж чадаж байна уу?

-Томоохон аж ахуй нэгжүүд бол шилжиж байна. Жижиг аж ахуй нэгжийн хувьд техник хэрэгсэл муутай учир шилжиж чадахгүй байгаа. Тариа хураалт бол хамгийн эгзэгтэй үе. Бэлэн болсон тариаг 20 хоногийн дотор л хураахгүй бол гөвөгдөх  чанар нь муудах зэргээр ургацын 30 хувь үрэгддэг. Бэлчээрийн мал, цаг агаар гээд гадны хоёр том бэрхшээл тариаланчдад байна. Зарим том аж ахуйнууд бол талбайгаа хашчихсан. Тариаланчид үүнийг мэдэж байгаа ч хөрөнгө санхүүтэй холбоотойгоор шийдвэрлэж чадахгүй байна. Технологи биологигүй бол сохор, механикжуулалтгүй бол үхмэл гэсэн нэгэн эрдэмтний үг бий.

Төрийн дэмжлэгийн хүчинд газар тариалангийн салбар овоо хөл дээрээ зогсож байна. Гэхдээ цаашдаа ч дэмжих хэрэгтэй. Аль ч орон газар тариалангийн үйлдвэрлэлээ дэмждэг. Тэр тусмаа Монголд. Яагаад гэвэл байгаль цаг уурын нөхцөл таатай биш, бэлчээрийн мал аж ахуйтайгаа зэрэгцэн оршдог, ажиллах хүчин гээд эрсдэл ихтэй.   

-Судлаачдын заавар зөвлөмж, технологийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид хэр мөрддөг юм бол...?

-Сайн мөрддөг нь Сэлэнгийн тариаланчид л байна.

-Мэргэжлийн боловсон хүчний хувьд хэр хангалттай байдаг вэ?

- Мэргэжлийн боловсон хүчин аж ахуй нэгжүүдэд дутагдалтай байна. Тухайн компанийн эзэд инженер юм уу, агрономч бол гайгүй. Гэтэл мэргэжлийн биш хүмүүсийн хувьд шинэ техник, технологи нутагшуулах асуудал нэлээд дутагдалтай байдаг. Иймээс манай Инженер, технологийн сургууль орон нутагт техник, технологийн сургалт зохион байгуулж байна. Хичнээн сайн технологи байлаа гээд мэргэжилтэй боловсон хүчин байхгүй бол үйлдвэрлэлд нэвтэрч чадахгүй. Сүүлийн үед бүрэн электронжсон, компьюторжсон техник орж ирж байна. Тэнд өндөр мэдлэгтэй инженер ажиллахгүй бол чадахгүй. Тиймээс мэргэжилтнээ бэлдэх нь гурван гол тулгуур асуудлын нэг юм. Нөгөө талаар мэргэжлийн боловсон хүчин төгсөж байгаа ч үйлдвэрлэл дээр ажиллах сонирхолтой залуус цөөн байна. Үйлдвэрлэлийн нөхцөл хүнд хүчир шүү дээ.  Манай сургуульд компаниудаас боловсон хүчний захиалга хангалттай ирдэг. Гэхдээ зарим компани энэ асуудлыг тодорхой бодлоготойгоор шийдвэрлэж байгаа. Тухайлбал, орон нутгаасаа энэ чиглэлээр ажиллах хүсэл сонирхолтой сурагчдыг сонгож манайд сургаж байна.           

 Өнөөдөр сонин /2015.01.14-ний дугаарт нийтлэгдэв/


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn