Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХХАА-н сайд Р.Бурмаа ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

ХХАА-н сайд Р.Бурмаа ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2015-03-02 10:49:58

ХХАА-н сайд Р.Бурмаа ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш нар 2-р сарын 27-нд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль болон харьяа хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэд ХААИС-ийн удирдлагтай уулзан, бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгээр зочилж, эрдэмтэдийн санал хүсэлтийг сонсон, судалгааны үр дүнтэй танилцсан юм. ХХАА-н Сайдын зөвлөл анхны хуралдаанаараа эрдэмтэдээ урьж, саналыг нь сонсож байсан бол энэ удаа судалгааны үр дүнтэй биечлэн танилцаж, цаашид улам илүү хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Учир нь хэсэг бүлэг хүмүүсийн лоббигоор биш судалгаан дээр тулгуурласан эрдэмтэдийн санал төрийн бодлогод чухал гэдгийг тэрбээр онцолсон юм. 

Ингээд ХХАА-н сайдтай уулзах үеэрээ хэлсэн зарим эрдэмтэдийн саналыг товчлон хүргэж байна.

ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, дэд профессор Н.Баярсүх:

ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн өнгөрсөн хугацаанд Монгол орны газар тариалангийн бодлого, технологийн асуудлыг бүрэн шийдвэрлэж ирсэн. Манай хүрээлэнгийн эрдэмтэд өнгөрсөн хугацаанд эх орныхоо хөрсөнд дасан зохицсон 200 гаруй төрлийн үр сорт гаргаж авсан байдаг. Эдгээрийн 20-30 хувь нь улаан буудайн тариалалтанд ашиглагдаж байна. Үүнээс гадна төмс, хүнсний ногооны үр сортыг нутагшуулж, ихэнх нь үйлдвэрлэлд тариалагддаг. Энэ мэтээр шинэ сорт гаргах, элит үр үйлдвэрлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, сэргээх шинэ технологийг боловсруулан тариаланчдадаа хүргэж байгаа. Одоо энэ үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдан цаашид хоёр зүйл дээр анхаараасай гэж хүсэж байна. Нэгдүгээрт, сорт сорилтын асуудалд анхаарах хэрэгтэй болсон. Өнгөрсөн нийгмийн үед улсын үр, сорт сорилтын алба энэ асуудлыг шийддэг байлаа. Үүнийг зах зээлийн зарчимтай нь уялдуулан зохицуулах хэрэгтэй.  

Хоёрдугаарт бордооны асуудал. Хөрснөөс ямар шим тэжээлийг үр тарианы хамт авна түүнийгээ буцааж өгдөг байх хэрэгтэй. Бордоо гэхээр экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм шиг яриад байна. Үүнийг иргэдэд зөв таниулах шаардлага бий. Эрдэмтэдийн гаргасан технологийн дагуу бордоход ямар ч сөрөг нөлөө байхгүй юм.

МААЭШХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор Б.Минжигдорж :

Манай улс ОХУ-д 110 мянган тонн үхрийн мах экспортлох гэрээ хийсэн. Гэтэл манайх жилд 5 мянган тонн үхрийн мах экспортлох боломжтой. 110 мянган тонныг экспортлохын тулд 22 жил болно гэсэн үг. Нядалгааны хониноос дунджаар 16 кг, үхрийнхээс 126 кг мах гардаг. Манай улс ердөө 3 сая гаруй үхэртэй. Эдгээрийн 80 орчим хувь нь үнээ болон төл байдаг.   

Дээр үед мах экспортлох олон жилийн гэрээ хийчихээд түүндээ хүрэхийн тулд хамаг малаа  нядалж, сүргийн бүтэц алдагдсан түүх бий. Ийм хүнд байдалд орж, өөрсдөө үнэтэй маханд дугаарлахгүй байхаас болгоомжлох хэрэгтэй.  Богт шилжүүлсэнээр 68 сая толгой малтай гэж тооцвол төлийнх нь 70 орчим хувийг л мах болгох боломжтой гэж тооцох хэрэгтэй.  Ер нь жилд хамгийн дээд тал нь 60 мянган тонн мах экспортлох боломж бий. Гэхдээ амалж болохгүй. Тухайн жилийн малын өсөлтэйгөө уялдуулж энэ тоог нарийн гаргах хэрэгтэй гэв.

Бэлчээрийн тал дээр гэхэд 2004 оны байдлаар гаргасан тойм судалгаагаар 30 гаруй хувийн даац хэтрэлттэй гэж гарсан байдаг бөгөөд тухайн үед богт шилжүүлсэнээр 70 гаруй сая толгой малтай байжээ. Нарийн судалгаа хийхэд мөн л хөрөнгө мөнгөний асуудал чөдөр тушаа болдог тухай ярьж байлаа.

Эрдэмтэд энэ мэт тооцоо судалгаа, уялдаа холбоогүй шийдвэр олон гарч байгааг салбарын сайдад дуулгасан юм.

Мөн эрдэмтэдийн судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтэрэх шатандаа хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн хана мөргөөд зогсдог ижил бэрхшээлтэй. Гаднаас тендер нэрээр өндөр үнээр оруулж ирдэг эм, биобэлдмэл, оношлуур, үр бордоог дотооддоо хямд үнээр үйлдвэрлэх жор норм, технологи, үйлдвэрлэлийн судалгаа нь эрдэмтэдийн ширээнд байдаг. Гэвч оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтэрүүлэх систем сайн бүрдээгүйгээс эрдэмтэд судалгаагаа хийх биш мөнгө бодож, бизнесмений ажил хийхэд хүрдэг гэв.

ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгээр бүтэн өдөр зочилж, судалгааны үр дүнтэй танилцан, санал хүсэлтийг нь сонссонд эрдэмтэн судлаачид баяртай байлаа.

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn