Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС хоёр шинэ лабораторитой боллоо

ХААИС хоёр шинэ лабораторитой боллоо

2015-06-22 17:05:00

ХААИС хоёр шинэ лабораторитой боллоо

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд “Хор судлал” болон “Эмгэг судлал”-ын лаборатори нээлтээ боллоо. Нээлтэд ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, сургуулийн удирдлага, ЖАЙКА олон улсын байгуулагын төлөөлөгчийн газрын дарга Сато Мицүми болон ХХААЯ-ны төлөөлөгчид оролцлоо.

 Дээрх хоёр лаборатори нь сургалт, эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглагдах юм. Хор судлалын лабораторид уул уурхайн эрчимтэй үйлдвэрлэл, эмх замбараагүй олборлолт тээвэрлэлтээс хамааралтай байгаль орчны бохирдол, монгол орны нутагшмал өвчний шалтгаан, эмгэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмчилгээний шинэ хувилбар боловсруулах болон хөрс, ус, ургамал амьтны гаралтай дээжинд бохирдолт болон хүнд металл тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлийн бүхий л судалгаа шинжилгээ хийх боломжтой.

Харин эмгэг судлалын лабораторид  мал, амьтны эд эрхтний хэвийн үлэмж ба бичил бүтцийн сургалтыг мал эмнэлгийн ангийн оюутнуудад эд судлалын үндсэн арга техникүүдийг ашиглан явуулахын зэрэгцээ бүх төрлийн өвчний оношийг эд, эсийн түвшинд судлан тогтоох, ялгаварлан оношлох, оношийг баталгаажуулах замаар сургалт судалгааг хослуулан суралцагчдын чадварыг дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

 Лабораторийн давуу тал нь суралцагч оюутан бүрт мал амьтны эмгэг морфологийн шинжилгээг биечлэн гүйцэтгэх, эд судлалын дээж авахаас эхлээд бичил бэлдмэл бэлтгэх, будах бүхий л дамжлагыг шат дараалан хийж гүйцэтгэх, бэлтгэсэн  бэлдмэлийг микроскодоор уншиж, харилцан ойлголцох, улмаар оношийг тогтоох бололцоог олгоно.

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль нь Мал эмнэлэг, МАА-н салбарын Хүний Нѳѳцийн Хѳгжлийн Чадавхийг Бэхжүүлэх (VEP) 5 жилийн хугацаатай тѳслийг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага Хүнс, Хѳдѳѳ аж ахуйн Яамтай хамтран 2014 оны 5-р сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд дээрх хоёр лабораторийг байгуулаад байна.

 Тус тѳслийн зорилго нь ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн сургалтыг сайжруулах, малын эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд багш, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хүрээнд Хоккайдогийн их сургуулийн профессор багш нар ирж, онол практикийн хичээл заах, Мал эмнэлгийн сургуулийн 16 багш дээрх сургуульд урт, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон ажил хийгджээ. Мөн тус сургуулийн сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 1 тэрбум, 100 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж, 160 сая төгрөгийн өртөг бүхий ном, сурах бичгийг хүлээлгэн өгөөд байна.

Дашрамд сонирхуулахад ХААИС өнгөрсөн жил 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий орчин үеийн 20 гаруй лабораторийг төсөл хөтөлбөр болон өөрийн хөрөнгөөр ашиглалтад оруулж, сургалтын баазаа бэхжүүлээд байна.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn