Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Их сургуулиуд орлогын эх үүсвэртэй болох ёстой

Их сургуулиуд орлогын эх үүсвэртэй болох ёстой

2015-08-10 17:22:37

Т.Хэрүүга: Их сургуулиуд орлогын олон эх үүсвэртэй болох ёстой

 

 

 

“Ярилцах цаг” буландаа Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүгаг урилаа.

 

-Элсэлт, төгсөлт зэрэгцээд их сургуулиуд хөл ихтэй байна. Багш нар ч зав муутайхан. Та Монголын их, дээд сургуулиудын Консорциумын Ерөнхийлөгч, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүн гээд боловсролын салбарт олон алба хашдаг хүн. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа?

-Монгол Улсад 101 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. 78 сургууль нь нэг удаа, эдгээрээс 47 сургууль нь хоёр дахь удаа, зарим сургуулийн хөтөлбөрүүд олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. Эдгээр 47 сургууль Монголын их дээд сургуулиудын консорциумыг бүрдүүлдгээс 16 төрийн өмчийн, бусад нь хувийн өмчид суурилсан байна. Шинээр зургаан сургууль элсэхээр өргөдлөө өгсөн. Гишүүнээр элсэх сургууль тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн байх шаардлага хамгийн чухал.

 

-Дэлхий нийтэд дээд боловсролын салбарт шинэчлэл хийж байна. Монголын боловсролын салбар ч бас арга барил, үйл ажиллагаандаа шинэчлэл хийж эхэллээ. Ахицтай зүйл ч харагдаж байна. Эгнээндээ 47 сургуулийг нэгтгэсэн МИДСК-д бас өөрчлөгдөж, шинэчлэгдсэн зүйл цөөнгүй байгаа байх?

-Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн боловсрол, шинжлэх ухааны шинэчлэлийн дэд хөтөлбөрт “Чанартай сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж, дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулан, өндөр технологийн компанийг бойжуулж, бүтээлээ зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжинэ” гэж заасан байдаг.

 

Дээрх бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд их сургуулийн судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн орчныг шинэ шатанд гаргах, их сургуулийн оюуны их нөөцийг Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглүүлэх шаардлага гарч байгаа. Манай гишүүн сургуулиуд энэ хөтөлбөрийн хүрээнд бүтцийн өөрчлөлтөө хийж, шинэчилсэн хөтөлбөрүүдээ 2015-2016 оны хичээлийн жилийн эхний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр бэлэн болоод байна.

 

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил элсэгч цөөхөн, их сургуулиудын хувьд өрсөлдөөн ихтэй жил. Элсэгчид хүртэл элсэх сургуульдаа олон шалгуур, шаардлагыг тавьж байна. Таны хувьд, дээд боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийг хэрхэн харж байна. Мөн энэ жилийн элсэгчдэд өгөх зөвлөгөө юу байна вэ?

-Бид зарим нэг чанарын шинэчлэлийг хийхийн тулд бага зэргийн эрсдэлийг хүлээх хэрэг гарна. Цаашид зөвхөн сургалтын төлбөрт суурилсан орлогын эх үүсвэрийг өөрчлөхгүй бол хөгжих боломж харагдахгүй байна. Орлогын олон эх үүсвэртэй болохыг их сургуулиуд хичээх, мөн засгийн газар их сургуулиудаа санхүүжилтээр дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгаа нь зөв алхам гэж ойлгож байна. Түрүүчийн асуултад хариулахдаа хэлсэн, Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн нь хоёр дахь удаагаа үндэсний хэмжээнд, зарим сургуулийн хөтөлбөрүүд олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн гэж. Иймд шинээр элсэх оюутнууд маань хамгийн эхлээд үүнийг анхаарч, сургуулиа, хөтөлбөрөө, мэргэжлээ зөв сонгохыг зөвлөх байна.

 

МИДСК-ийн гишүүн зургаан сургуулийн 10 орчим хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдаж, эдгээр хөтөлбөрүүд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ үйл ажиллагаа цаашид тасралтгүй үргэлжилнэ.

-Монголыг уул уурхайн баялгаар биш, мэдлэгийн хүчээр хөгжүүлье гэж их ярьдаг болжээ. Үүнд мэдээж, их сургуулиудын үүрэг, оролцоо их чухал. Тэр утгаараа багш, оюутныг хөгжүүлэх, сурах орчин, сургалтын чанарыг сайжруулахад МИДСК-ын зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Тухайн салбарын бизнесийн хөгжил зөвхөн элсэлтэд биш, энэ салбарын сургалт судалгааны орчин, багш судлаачдын чадавхийг дэмждэг. Өнөөдөр хүнс, хөдөө аж ахуйн салбар үндэсний эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлж, малын тоо толгой эрс өсч, газар тариалан эрхлэх сонирхол бүхий олон аж ахуй нэгжүүд бий болсноор ХААИС -д суралцахыг хүсэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иймд манай их сургуулиуд тухайн салбарынхаа бизнесийг хөгжүүлэхэд сургалт, судалгааны ажлаа чиглүүлэх, шинжлэх ухаанд шинэ нээлт хийх, мэдлэгт түшиглэсэн шинэ бизнес бий болгох, гарааны компаниудыг байгуулахаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, их сургуулиуд маань тухайн салбарынхаа бизнесийн хөгжилд анхаарлаа хандуулж байна.

 

-Ялангуяа, багшийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна. Зарим сургуульд оюутнаасаа ч дор мэдлэгтэй багш нар ажиллаж байна гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?

-Профессор бүр шинжлэх ухааны онолын ойлголтуудыг хамгийн зөв аргаар, бодит байдалд буулган, оюутнууддаа жинхэнэ мэдлэг болгон өвлүүлэх мэдлэгийн менежер байх, мөн судлаач бүр, профессор бүр судалгаанд суурилсан, мэдлэгт түшиглэсэн технологийн эзэн болох зорилтуудыг дэвшүүлж байгаа.

 

-МИДСК-ийн чиг үүрэгт их, дээд сургуулиудын бие даасан байдлыг хангуулах, инновацийг хөгжүүлэх талаар хэрхэн тусгасан байдаг вэ?

-Дээд боловсролын байгууллагын багшлах бүрэлдэхүүнийг чадваржуулах, сургалтын орчин, арга технологийг хөгжүүлэх, эрдэм судлал, сургалтад шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийг нэвтрүүлэхэд гишүүдийнхээ хамтын хүч чармайлтыг чиглүүлэн дэмжлэг үзүүлэх, мөн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, нэр хүндийг хамгаалж, дээд боловсролын байгууллагын бие даасан хараат бус байдал, сургалт, судалгааны академик эрх чөлөөг хангах тогтолцоог бүрдүүлэх зорилт тавин ажилладаг.

 

-Жил бүр бид элсэлт, төгсөлт зэрэгцэх үеэр их сургуулиудын сургалтын төлбөр хэд болох бол гэсэн айдастай явдаг. Зарим нь чанартай мэдлэг үнэтэй байх ёстой гэх юм. Та үүнтэй санал хэр нийлдэг вэ. Чанартай боловсрол үнэтэй байх ёстой юу?

-Сургалтын төлбөрт нөлөөлдөг олон хүчин зүйл байна. Сүүлийн жилүүдэд сургалтын төлбөрийн хэмжээ зөвхөн оюутнуудын санхүүгийн боломж, үндэсний эдийн засгийн чадавх дээр суурилж байна. Мэдээж, чанартай сургалт, судалгааг явуулахад хамгийн сайн технологи бүхий өндөр үнэтэй сургалт, судалгааны лаборатори бүхий орчинг бүрдүүлэх шаардлагатай. Иймд бид гадаадын томоохон сургалт, судалгаа, бизнесийн байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар сургалт, судалгааны орчноо сайжруулах, багш судлаачдын чадавхийг бэхжүүлэх ажлыг хийж байна.

 

-Зарим сургууль багш нарынхаа мэдлэгийг бизнес болгоод эхэллээ. ШУТИС л гэхэд нано технологийн даавууны үйлдвэртэй боллоо. АШУҮИС дэргэдээ эмнэлэгтэй боллоо?

-АШУҮИС, ШУТИС энэ чиглэлээр үнэхээр санаачилгатай сайн ажиллаж байгаа. Манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын судлаачид Монгол Улсын засгийн газраас баталсан шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологид дэвшүүлсэн экологи, хүрээлэн байгаа орчинд ээлтэй газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, мал амьтныг эрүүлжүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг технологи боловсруулах чиглэлээр төсөл, судалгааны ажил гүйцэтгэж, одоогийн байдлаар 22 технологи үйлдвэрлэлд шилжүүлэхэд бэлэн болсон.

 

-Монголд эзэмшсэн дээд боловсролын дипломыг гаднын ихэнх оронд хүлээн зөвшөөрдөггүй. Тэр утгаараа олон улсын магадлан итгэмжлэл элсэгчдэд бас их чухал байна. Танай байгууллагын зүгээс энэ талаар санаачлан зохион байгуулсан ажил юу байна вэ?

-МИДСК-ийн гишүүн зургаан сургуулийн 10 орчим хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдаж, эдгээр хөтөлбөрүүд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ үйл ажиллагаа цаашид тасралтгүй үргэлжилнэ. Бид олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн туршлага, мэдээлэл, мэдлэг дээрээ түшиглэн одоо хөтөлбөрүүдээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээр бэлтгэж байгаа бусад гишүүн сургуулиуддаа туслах, сургалт явуулах зэргээр хамтран ажиллаж байна.

 

Б.Туул

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn