Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн 57 дахь хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

ХААИС-ийн 57 дахь хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

2015-09-01 13:35:51

 ХААИС-ийн 57 дахь хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

Эрхэм хүндэт эрдмийн хамт олон, ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР, БАГШ нар аа

Их сургуулийн эрдмийн босго алхаж байгаа итгэл, мөрөөдөл дүүрэн ОЮУТАН ЗАЛУУС АА

Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, мөрөөдөлдөө хүрэх зам тань дардан байхыг ерөөе.

  Эрхэм хүндэт оюутан, эрхэмсэг дүү нар аа

Монгол Улсын Засгийн газраас энэ онд "Эрэлт, хэрэгцээтэй 20 мэргэжил’’-ийг тодорхойлсон.  Дээрх мэргэжлийн 10-ийг ХААИС-ийн сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж байна.

Тиймээс Та бүхэн сонголтоо бататган, хичээн суралцаарай. Манай эрдмийн хамт олон хоёр жилийн өмнөөс судалгааны их сургууль болох зорилго тавин ажиллаж, тодорхой үр дүнд хүрлээ.

Тухайлбал, Сургалтын чанар, хүртээмж, орчныг сайжруулах чиглэлээр:

-Өнөөдрөөс эхлэн оюутан залуус маань шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ. Хөтөлбөрийн шинэчлэл хийхдээ ХХААЯ, БОНХЯ-ны мэргэжилтнүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, ажил олгогч, төгсөгч, оюутан залуус, профессор багш нарыг оролцуулан шат дараатай хэлэлцүүлж, тэдний гаргасан саналыг тусган боловсрууллаа. 

-Мөн богино улиралын системд шилжин 16 долоо хоногоор хичээллэдэг байсныг, 8 долоо хоногоор 4 улиралд багтаан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо. Ингэсэнээр оюутнууд нэг улиралд олон хичээл үзэх биш 1-3 хичээлийг системтэй суралцах боломж бүрдэж байна.

-ХААИС-ийн багшлах боловсон хүчний чадамж сайжирч, нийт багш нарын 40,8 хувь нь доктороос дээш зэрэгтэй боллоо. Зөвхөн өнгөрсөн хичээлийн жилд 11 багш гадаадын хамтын ажиллагаатай их, дээд сургуульд докторын зэргээ амжилттай хамгаалан, сургуульдаа багшилж, хөгжингүй орны туршлагыг түгээж байна.

Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлээр ч тодорхой амжилт гарлаа.

-Сургалт, эрдэм шинжилгээний орчныг бэхжүүлэх чиглэлээр олон улстай хамтарсан төсөл, хөтөлбөр болон БСШУЯ-ны санхүүжилтээр өндөр технологи бүхий 24 лабораторыг ашиглалтад орууллаа.  

- Ноолуурын гарц, чанарын өндөр ашиг шимтэй ямааны “Залаажинст Эдрэн“, “Завхан буурал”, ноосны чиглэлийн “Дархад” хонийг шинэ үүлдрээр баталгаажуулав.

- Монголд анх удаа эвцэлдүүлэх аргаар гүзээлзгэний эрлийз эх материал гарган авлаа. Ингэсэнээр ил талбайд ургах боломжтой, зэрлэг гүзээлзгэнээс том, амт чанартай гүзээлзгэнэ тариалах боломж бүрдэв. Эх орондоо анх удаа усан үзэм тариалж, ургацаа хураан авлаа.

- Эрдмийн бүтээлийг нийтлүүлэх нийтийн хүртээл болгох чиглэлээр “Экосистемийн судалгааны төв”-ийн судлаачид, Япон улсын Тотторигийн их сургуулийн “Хуурай бүс судлалын төв”-ийн судлаачидтай хамтран олон жилийн судалгааны үр дүнд тулгуурлан “Монгол орны малын бэлчээрийн гуурст ургамал” сэдэвт 2 боть бүтээлийг нийтлүүлэн гадаад дотоодын судлаачдын хүртээл болгосон нь Монгол орны экосистемийн өөрчлөлтийг танин мэдэх, хамгаалах шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой бүтээл болсон байна.

Импакт фактор бүхий эрдэм шинжилгээний бүтээлд манай салбарын судлаачдын нийтлүүлсэн бүтээлийн тоо болон чанарт ахиц гарсан жил байлаа.

-Гадаад харилцаа өргөжин, олон орны оюутан залуустай хамт суралцах боломж нэмэгдлээ.

-Өнгөрсөн хичээлийн жилд 10 орны 15 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагтай шинээр гэрээ байгуулсанаар нийт 30 орны 153 их, дээд сургуультай хамтран  ажиллаж байна. Дээрх их, дээд сургуульд 234 оюутан, 88 багш, судлаач суралцаж байгаагаас оюутнуудын 70.9 хувь нь хос зэрэг олгох хөтөлбөрт, багш нарын 81 хувь нь докторантурт суралцаж байна.

-Энэ хичээлийн жилд БНХАУ-аас бакалаврын 24, магистрын 22 оюутан ХААИС-д элсэн суралцсанаар БНСУ, ОХУ, Казакстан, Лаос, Вьетнам зэрэг орны 100 гаруй залуус Та бүхэнтэй хамт суралцана.

-Эдийн засгийн хувьд ч томоохон өөрчлөлтийн жил байлаа.

-ХААИС-ийн нийт төсвийн орлогын 95 хувийг сургалтын төлбөр бүрдүүлдэг байсан бол олон улстай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдлэгийг инноваци болгох замаар дээрх хэмжээг 25 хувиар буурууллаа.

-Эрдэм шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж Оюу-толгой ХХК-д 150 тонн бионүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа.

Шинэ хичээлийн жилд илүү амжилт бид бүхнийг хүлээж байна.

 

Эрдмийн их өргөөнөөс цацрах эрдэм мэдлэг, эх орныг минь гэрэлтүүлэх болтугай.

ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn