Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Монгол-Хятадын анхдугаар экспо”-д ХААИС-ийн төлөөлөгчид амжилттай оролцлоо

“Монгол-Хятадын анхдугаар экспо”-д ХААИС-ийн төлөөлөгчид амжилттай оролцлоо

2015-11-01 13:44:01

 “Монгол-Хятадын анхдугаар экспо”-д ХААИС-ийн төлөөлөгчид амжилттай оролцлоо

 “Монгол-Хятадын анхдугаар экспо” БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо 2015 оны 10 дугаар сарын 19-нээс 27-ны өдрүүдэд боллоо.

Монголоос 1800, Хятадаас 7500 гаруй төлөөлөл оролцсон тус экспо нь Худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт, Форум, Үзэсгэлэн, Монгол-Хятадын соёлын солилцооны 7 хоног гэсэн үндсэн дөрвөн томоохон хэсгээс бүрдсэн юм.

 ХААИС-ийн ректор Т.Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчид, “Хятад-Монгол улсын технологи, инновацийн хамтын ажиллагааны их хурал”, “Дээд боловсролын хөгжлийн форум”, “Хил дамнасан хамтын ажиллагааны бүсийн уулзалт”, “Олон улсын адууны аж ахуй, адууны соёлын форум”, “Мах, махан бүтээгдэхүүний салбарын хамтын ажиллагааны уулзалт”, “Шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн” зэрэгт амжилттай оролцоод ирлээ.

10-р сарын 23-нд болсон Хятад-Монгол улсын технологи, инновацийн хамтын ажиллагааны их хуралд ХААИС-ийн ректор Т.Хэрүүга “Хоёр улсын ХАА-н салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж”-ийн талаар илтгэл тавьсан юм. Тус хуралд ӨМӨЗО-ны Засгийн газрын тэргүүлэгч Бай Сианг Чүн, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэд сайд Хөү Жианг Гүо, МУ-ын БСШУ-ны дэд сайд Б.Тулга, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин болон хоёр орны шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцлоо. Хуралд оролцогсод хоёр орны шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх, хамтран ажиллах, харилцан туршлага солилцох томоохон хаалга нээгдлээ хэмээн үзэж байлаа. МУ-ын БСШУ-ны дэд сайд Б.Тулга тус хурлын нээлтэд хэлсэн үгэндээ “Монгол улс байгалийн баялаг арвинтай. Тиймээс энэхүү органик түүхий эддээ түшиглэн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн бий болгож, үйлдвэрлэх, худалдаалах бүрэн боломжтой. Иймд хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцаа  тааламжтай байгаа өнөө үед шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх  байнгын ажиллагаатай механизм бий болгох нь зүйтэй юм. БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам, МУ-ын БСШУЯ хооронд Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа. Цаашид тус хэлэлцээрт тусгагдсан ажлуудын хэрэгжилтэд анхаарал хандуулах, мэргэжлийн байгууллага,  хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах болно. Монгол Хятадын тунхаг бичигт талууд ард түмэнд зориулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтыг тууштай дэмжихийг заасан байгаа. Энэ үүднээс ХАА, газар тариалан, мал аж ахуй, анагаах ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон төсөл хамтран хэрэгжүүлэхээр болж байгаад баяртай байна” гэсэн юм.

Энэ үеэр хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд нийт 25 төсөл хамтран хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүний 4 нь ХААИС, харьяа хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төсөл байв.

Тухайлбал, Монгол хонины үр хөврөл шилжүүлэх төсөл /ӨМӨЗО-ны ХААИС, МУ-ын ХААИС/  Байгальд ээлтэй дэвшилтэт ШУ-ны аргаар бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, ой мод болон хотын ногоон бүсийн хортон шавьжийг устгах /ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн шавьж судлалын төв, Ургамал хамгааллын хүрээлэн /Малын ихэсд агуулагдах био идэвхит бодис болох пептидийг ялган авах судалгаа /ӨМӨЗО-ны ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, МУ-ын Мал эмнэлгийн хүрээлэн/Хятад Монголын хамтарсан ногоон ургамлыг хамгаалах технологийн хамтын ажиллагааны гэрээ /Бээжин хотын ургамал хамгааллын хөдөө аж ахуйн академийн байгаль орчныг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн/  

 Хятад-Монгол улсын технологи, инновацийн хамтын ажиллагааны их хуралд ХААИС-ийн ректор Т.Хэрүүга “Хоёр улсын ХАА-н салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж”-ийн талаар тавьсан илтгэлдээ “ХАА-н салбар нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн тулгуур салбарын нэг. Сүүлийн жилүүдэд манай улс хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах үүднээс эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг тогтвортой хөгжүүлэх Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2015 онд малын тоо толгой 52 саяд хүрлээ. Түүнчлэн үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл жилээс жилд  нэмэгдэж байгаа ч дэлхийн жишиг үзүүлэлтээр нэг хүнд нэг тонн үр тариа ногддог бол манай орны хувьд 0,2 хувьтай байгаа нь үр тарианы үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлэх шаардлагатайг илтгэж байна.  Цаашид дэлхийн зах зээлд ХАА-н бүтээгдэхүүнээ экспортлох зорилгоор үйлдвэрлэл явуулахад анхаарч тус салбарыг шинжлэх ухаан, инновацийн чиглэлээр тогтвортой хөгжүүлэх,  байгаль орчны эрсдлийг бууруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, ХАА-н гаралтай бүтээгдхүүнийг дэлхийн зах зээлд гаргах боломж, эдийн засгийн нөлөөллийг тодорхойлох шаардлагатай байна” гэсэн юм.

Үзэсгэлэн хоёр жил тутам зохион байгуулагдана

“Монгол-Хятадын анхдугаар экспо”-ийн томоохон арга хэмжээний нэг болох шинжлэх ухаан, технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа ӨМӨЗО-ны Олон улсын үзэсгэлэнгийн төвд 23-наас 27-ныг хүртэл үргэлжилсэн юм. Тус үзэсгэлэнд манай улсын 300 гаруй компани бүтээгдэхүүнээ танилцуулж, оролцсон бөгөөд 2000 квадрат метр үзэсгэлэнгийн талбайг Монголын бизнес эрхлэгчдэд үнэгүй хуваарилж, худалдаа хийх боломжоор хангасан байна.

Үүнээс гадна хоёр орны шинжлэх ухаан, технологи, монгол уламжлалт анагаах ухаан, ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн салбарын хөгжил, үйлдвэрлэл, аялал жуулчлал, БНХАУ-ын муж, МУ-ын аймгуудын хөгжил, онцлогыг харуулсан үзэсгэлэнг гурван давхар 49 000 метр квадрат үзэсгэлэнгийн төвд дэлгэсэн байлаа. Тайвань, Малайз, Гүрж, БНСУ-ын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа ч  тус төвд болсон юм.

Манай улсаас ШУА, харьяа хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд сүүлийн үеийн дэвшилтэт технологи, судалгаа шинжилгээний үр дүнг харуулсан бүтээлүүдээрээ тус үзэсгэлэнд оролцлоо. ХААИС-ийг төлөөлөн Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирал, доктор Б.Мөнхбат, МААБТС-ийн багш, доктор Д.Түмэнжаргал, Шинжлэх ухааны зөвлөлийн мэргэжилтэн Д.Батцэцэг нар оролцож, бүрэлдэхүүн сургуулийн судлаачдын бүтээлийг 5 хоног олон нийтэд танилцуулсан юм.

“Монгол-Хятадын анхдугаар экспо” нь БНХАУ-ын дарга Си Зиньпинь, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, талууд хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу хийгдсэн анхны арга хэмжээ бөгөөд цаашид хоёр жил тутам зохион байгуулагдахаар боллоо.

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn