Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Шинжлэх ухааны дэлхийн 7 дахь удаагийн чуулган

Шинжлэх ухааны дэлхийн 7 дахь удаагийн чуулган

2015-11-16 12:56:46

Шинжлэх ухааны дэлхийн 7 дахь удаагийн чуулган

Шинжлэх ухааны дэлхийн чуулган Нэгдсэн үндэстний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО), Шинжлэх ухааны олон улсын зөвлөл (ICSU), Шинжлэх ухааны дэвшлийн америкийн нийгэмлэг (AAAS), Шинжлэх ухааны дэлхийн академи (TWAS)  Европын академуудын шинжлэх ухааны зөвлөх зөвлөл (EASAC), Унгарын шинжлэх ухааны академи зэрэг эгнээнтэй улс орнуудын шинжлэх ухааны томоохон байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын дэмжлэг, шууд оролцоотойгоор Унгар улсын нийслэл Будапешт хотноо 2015 оны 11 дүгээр сарын 3-7- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганы үйл ажиллагаанд дэлхийн 100 гаруй орны 400 гаруй төлөөлөгчид оролцлоо. Монгол улсаас ШУА-ийг төлөөлж, Монгол улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, ХААШУА-ийн тэргүүлэх гишүүн, академич Ш.Дэмбэрэл, ХААИС-ийг төлөөлж, ХААШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга нар оролцов. Энэ удаагийн чуулган Шинжлэх ухааны боломжийг нээхүй ерөнхий сэдвийн дор үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд чуулган үндсэндээ хүн төрөлхтөний амьдрал ахуйг сайжруулах, бизнесс инновацийг хөгжүүлэх болон бодлого тодорхойлох зэрэг асуудлыг шийдвэрлэх шинэ боломжуудыг шинжлэх ухаан хэрхэн нээх, тодорхойлох асуудалд анхаарлаа хандууллаа

Чуулганы үеэр Тулхтай хөгжлийн шалгуур,Нийгмийн харилцаан дах шинжлэх ухааны үүрэг, Шинжлэх ухааны итгэл үнэмшил, Инновацийн экосистем ба шинжлэх ухаан,Дэлхийн хамтын ажиллагааны боломжууд: практик сургамж,Бодлого тодорхойлоход шинжлэх ухааны үүрэг зэрэг 6 чиглэлээр нэгдсэн хуралдаан мөн үүний зэрэгцээ Энх тайвнаар оршихуй ба шинжлэх ухаан, Хүний оюун чадамж ба сэтгэхүйг нээхүй,Шинжлэх ухаанд засаглалаар дамжуулан боломж олгох нь, Дэлхий эрүүл мэндийн бодлого ба шинжлэх ухаан, Хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицохуй, Дэлхийн тулхтай хөгжил ба сэргээгдэх эрчим хүчзэрэг  хүн төрөлхтөний өмнө тулгамдсан, өнөөдөр шийдвэрээ хүлээсэн 9 сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж нийтдээ 60 орчим илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Уг чуулганаас тунхаглал гаргасан бөгөөд уг тунхаглалд 21 зууны хүн төрөлхтөний өмнө тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухаан дан ганцаараа шийдвэрлэх боломжгүй хэдий ч хүн төрлөхтөний шинэ шинэ амжилтуудын хөдөлгүүр болж байдгыг онцлоод шинжлэх ухаан нь дэлхий нийтийн тулхтай хөгжлийн тулгуур болж байх учир бодлого тодорхойлоход шинжлэх ухааны боломжуудыг өргөн ашиглах, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн байна. Уг чуулганд оролцогсод дараах 6 асуудалд онцгой ач холбогдол өгч анхаарал хандуулан ажиллахыг улс орнуудын удирдлага, бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллага, олон нийтийн байгууллага, үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагад уриалав. Үүнд:

1.    Шинэ, тулхтай хөгжлийн замд тууштай шилжих;

2.    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчээр тэмцэх;

3.    Гамшгийн эрсдлийг бууруулахад мэдлэгт тулгуурлах;

4.    Бодлого тодорхойлоход шинжлэх ухааны зөвлөмжийг өргөн ашиглах;

5.    Хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны чадавхийг бэхжүүлэх, идэвхижүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх;

6.    Шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлэх зэрэг багтаж байна.

Чуулганд оролцогчийн болон хувь судлаачийн хувьд энэ удаагын чуулганы онцлог, ач холбогдлыг дараах байдлаар тайлбарлаж болох юм. Үүнд:

1.    Чуулганы бэлтгэл үйл ажиллагаа, урьдчилсан хуралдаан, нэгдсэн болон салбар хуралдааны зохион байгуулалт өндөр төвшинд бэлтгэгдсэн нь харагдаж байна. Энэ нь хуралдааны илтгэгч нараас гадна чиглүүлэгч нарыг маш оновчтой сонгож, асуудлыг олон талын өнцгөөс, салбар бүрийн төлөөлөлтэй дэлхийн төвшинд ярилцах боломж олгож байгаагаар илэрхийлэгдэж байлаа. Салбартаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан, бизнес, улс төр, олон нийтийн болон олон улсын байгууллагын нэртэй эрдэмтэд, сайн бизнесменүүд, улс төрчид, экспертүүд идэвхитэй, санаачлагтаай оролцсон нь чуулганыг амжилттай, үр дүнтэй болоход чухал үүрэгтэй байв.

2.    Шинжлэх ухааныг хүлээж авах нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх шаардлага байгааг хүлээн зөвшөөрч тал талдаа санаачлага гарган, хамтран ажиллахын чухлыг тэмдэглэж байсан нь олзуурхууштай.

3.    Шинжлэх ухааны ид шид, дэвшил, ололтын үр шимийг тэр бүр дэлхийн өнцөг булан бүрт тэгш, хүртэж, ашиглаж чадахгүй байна.

4.    Аливаа улс орны хөгжлийн бодлогын цөм нь хүн байдаг ба хүмүүсийн сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх, шинжлэх ухааны өргөн боломжийг ашиглахад улс орнууд түүний дотор бодлого тодорхойлогчид онцгой анхаарах хэрэгтэй байгааг тэмдэглэж байлаа.

5.    Хүн төрөлхтөний өмнө тулгамдсан даян дэлхийн шинжтэй асуудлууд болон улс орны хөгжлийн тулгуур зорилтуудыг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, мэдлэгийг өргөн ашиглах менежментийн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг чухалчилав.

6.    Шинжлэх ухаанд хуримтлагдсан асар их мэдээлэл, мэдлэгийг үнэ, цэнэтэй болгох, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх гарц болгон ашиглах талаар эрдэмтэд, судлаачид, бодлого тодорхойлогчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хэрэгтэйг онцлов. Үүний тулд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг зөв, оновчтой тодорхойлох үүний дараа шийдвэрлэх боломж, арга зам, механизмыг тогтоох, эцэст нь шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож хэрэгжүүлэх шаардлага байдаг.

Мэдээ бэлтгэсэн:

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал,

ХАА-н Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.ГАНТУЛГА

Монгол улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич

Ш.ДЭМБЭРЭЛ

2015 оны 11 дүгээр сарын 07

Будапешт хот


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn