Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний судалгааны нэгдсэн лаборатори нээлтээ хийлээ

Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний судалгааны нэгдсэн лаборатори нээлтээ хийлээ

2016-02-23 14:23:41

Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний судалгааны нэгдсэн лаборатори нээлтээ хийлээ

 Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ШУТЯ хоорондын “Монгол Улсад Шинжлэх ухааны парк байгуулах талаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг”, мөн талуудын “Молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийн байранд “Молекул биологийн хэрэглээний судалгааны нэгдсэн лаборатори” байгуулагдаж өнөөдөр /2016.02.22/ нээлтээ хийлээ.

Уг лабораторийг БНХАУ-ын Засгийн газрын 1 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монгол Улсын БСШУЯ, ШУТ-ийн Сан, БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн яам, Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Мэргэжлийн Танхим, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Технологи дамжуулах төв  хамтран байгуулсан байна.

Лабораторийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, ШУТС-ийн захирал Х.Дондог, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга болон бусад зочид төлөөлөгчид, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэд, залуу судлаачид оролцлоо.

Хамтарсан лаборатори нь Монгол, Хятадын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, судлаачид молекул, биологийн чиглэлээр өргөн хүрээтэй, өндөр төвшний туршилт, судалгаа, хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой нээлттэй лаборатори юм.

Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад нэн шаардлагатай лаборатори, судалгааны багаж, тоног төхөөрөмжүүдийн саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр өндөр үзүүлэлттэй шингэн хроматограф, ELISA, полимеразын гинжин урвалын төхөөрөмж, гель электрофорезийн дүрслэлийн машин, сүүний найрлага тодорхойлогч машин, азот хэмжигч, тослог тодорхойлогч төхөөрөмж зэрэг молекул биологийн туршилтанд шаардагдах нарийн багаж төхөөрөмжүүд болон эм бэлдмэл үйлдвэрлэлийн зориулалттай капсулаар бүрэгч хагас автомат машин, хавтгай хэлбэрээр бүрэгч машин, үрэл хэлбэрээр шахагч машин зэрэг тоног төхөөрөмжүүд тус лабораторид суурилагдсан байна. Мөн эдгээр тоног төхөөрөмжөөс гадна лабораторийн үйл ажиллагаанд шаардлагатай эм, урвалж бодисоор хангажээ.

   Уг нэгдсэн, хамтарсан судалгааны лабораторид дараах чиглэлийн туршилт, судалгааны ажлууд гүйцэтгэхээр төлөвлөгдөөд ажиллаж байна. Үүнд:       

1.      Генийн дараалал тогтоох энгийн болон цогц судалгаа, биологийн төрөл зүйлийн аналитик шинжилгээ, РНХ-ийн дараалал тодорхойлох, ДНХ-ийн метилжэх болон гидроксилжэх дарааллуудыг тогтоох зэрэг геномын туршилт, судалгаа;

2.      Уураг ялгах болон цэвэршүүлэх, уураг тодорхойлох судалга, пептидийн синтез, модификацлагдсан пептид, уургийн экспресс болон цэвэршилт, уургийн тоон үзүүлэлтийн анализ зэрэг уургийн судалгаа, туршилт;

3.      Пробиотик бактерийг ашиглах, бактерийн омгийг тодорхойлох, пробиотик бактерийн хэрэглээ зэрэг пробиотикийн судалгаа ба хөгжүүлэлт;

4.      Монгол орны ургамал, амьтны гаралтай хүнсний органик бүтээгдэхүүний, эрдэс бодис, витамин, тэжээллэгийн найрлагын судалгаа ба хөгжүүлэлт зэрэг болно.

 Дээрх чиглэлийн судалгаа ба хөгжүүлэлтийн ажлын хүрээнд дараах нарийвчилсан туршилт, судалгааны өргөн хүрээтэй ажлууд гүйцэтгэхээр төлөвлөгдөж байгаа болно. Үүнд:                                                   

        Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний найрлагын нарийвчилсан судалгаа;

        Хүнсний бүтээгдэхүүний витамин, эрдэс бодисын хэмжээг тодорхойлох судалгаа;

        Монгол малын сүүний шинж чанар тодорхойлох судалгаа;

        Амин хүчлийн хэмжээг тодорхойлох судалгаа;

        Мал амьтдын генетикийн судалгаа;

        Ургамлын химийн найрлагын судалгаа;

        Уламжлалт анагаах ухааны чиглэлээр Монгол орны эмийн ашигт ургамлын болон жимс жимсгэний найрлага, байгалийн гаралтай уурагт нэгдлийн биологийн идэвхийн судалгаа;

        Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хүрээнд үйлдвэрлэх боломжтой.



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn