Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Нармандах сан”-ийн нэрэмжит шилдэг бүтээл шалгаруулах хурал болов

“Нармандах сан”-ийн нэрэмжит шилдэг бүтээл шалгаруулах хурал болов

2016-02-24 18:30:22

“Нармандах сан”-ийн нэрэмжит шилдэг бүтээл шалгаруулах хурал болов

Залуу судлаачдын  шилдэг бүтээл шалгаруулах  эрдэм шинжилгээний  дөрөвдүгээр бага хурал  2016 оны 02 -р сарын 24-ний өдөр ХААИС -ийн эрдмийн зөвлөлийн танхимд болов.

            Уг арга хэмжээг "Нармандах сан"-гаас  БСШУЯ -ны Шинжлэх ухааны  бодлого зохицуулалтын газар, ХАА-н Шинжлэх ухааны салбар академи, ХААИС-тай хамтран 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгаруулалтанд Их сургууль болон судалгааны байгууллагуудын   докторант, докторын зэрэгтэй  залуу судлаачдын 20 гаруй бүтээл иржээ. Тэдгээрээс  эцсийн шалгаруулалтад шалгарсан 10 бүтээлийг танилцуулсан юм.   

 Дээрх бүтээлээс шүүгчдийн нийлбэр дүнгээр:

Нэгдүгээр байрт: ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн докторант Д.Эрдэнэчимэгийн “Хачигт энцефалитийн халдварыг илрүүлэх шууд бус фермент холбох урвалын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн” бүтээл

Хоёрдугаар байрт: ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор (Ph.D) И. Хатанбаатарын “Тугалын криптоспоридиозын тандалт судалгааны дүнгээс” бүтээл

Гуравдугаар байрт: ХААИС-ийн Мал аж ахуй , биотехнологийн  сургуулийн докторант Н.Туулын “Газрын тосыг биозадралд оруулах чадвартай бактерийг илрүүлэх судалгаа” бүтээл

Шагналт байранд- ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор (Ph.D) С.Сэржмядагын “Малын махны зохицуулагч үйлчлэлийн үндэслэл” бүтээл тус тус шалгарлаа.

Нармандах сангаас тэргүүн байрыг 1.0 сая, дэд байрыг 700.0 мянга, гутгаар байрыг 500.0 мянга, шагналт байрыг 100.0 мянган төгрөгөөр тус тус урамшуулав.

Хурлыг нээж “Нармандах сан”-ийн тэргүүн, академич Ш.Дэмбэрэл хэлсэн үгэндээ: Орчин цагийн Мал эмнэлэг, Биотехнологийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ, сургалт, үйлчилгээ  явуулж, мэдлэгийг үйлдвэрлэл хэрэглээ болгох оюунлаг үйлст хүчин зүтгэж яваа боловсролын доктор, докторант  залуусын  шилдэг бүтээлийг эрдэм шинжилгээний өгүүлэл , илтгэл хэлбэрт оруулан  шалгаруулдаг манай сангийн арга хэмжээ эдүгээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Шилдэг бүтээлийн шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдийн арга зүйн төвшин, онолын сэтгэлгээ  дээшилж, амжилт үзүүлсэн судлаачид эрдмийн ажлаа үргэлжлүүлэн,  үр дүнгээрээ дараагийн  арга хэмжээнд  давтан оролцдог  боллоо. Энэ бол залуу докторуудын маань эрдмийн ажилд тууштай, тэвчээртэй  хандаж, ахиж, дэвшиж  буйг харуулах  сайн хандлагын  нэг гэж  олзуурхаж байна. Шалгаруулалтаас шалгаруулалтанд судлаач залуусын маань оюуны цар, хүрээ,  бүтээлийн  чансаа сайжирч, оролцогсдын  идэвх сонирхол  өссөнийг  харгалзан Сангийн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр  энэ удаагийн шалгаруулалтаас  эхлэн шагналын санг өсгөж, оролцогсдын  насны хязгаарыг 46 хүртэл болгож, журамд өөрчлөлт оруулсан. Мөн хурлын ач холбогдол, эрдэм судлалын  замд сэтгэл шулуудан дөрөө харшуулж яваа залуус та нарынхаа ажил үйлст  сэтгэлийн дэм, урам өгч, санхүүгийн тодорхой  дэмжлэг үзүүлж,  хамтран ажилласан албан  байгууллага, хамт олон, хувь хүмүүст гүнээ талархаж байна гэлээ.

Мөн тэрээр: Бидний бодол сэтгэхүйд цэл залуухан, гэгээлэг дүрээрээ мөнхрөн үлдсэн авьяаслаг эрдэмтэн-судлаач, сурган хүмүүжүүлэгч агсан мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор Нармандахынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний хийж бүтээсэн болон хийж бүтээхээр зорьж байсан үйлс, эрмэлзлэлийг залуу үеийн судлаачдаар дамжуулан үргэлжлүүлэх, нөгөө талаас шинжлэх ухаанд мэдлэг оюунаа сорьж байгаа докторант, докторантуудынхаа ажил үйлст сэтгэлийн дэм, урам өгч санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү уламжлалт арга хэмжээг зохион байгуулж ирсэнийг цохон тэмдэглэсэн юм. 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn