Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн модон бөмбөгийн тамирчид 128 алт, 144 мөнгө, 78 хүрэл медаль, 8 цом хүртжээ

ХААИС-ийн модон бөмбөгийн тамирчид 128 алт, 144 мөнгө, 78 хүрэл медаль, 8 цом хүртжээ

2016-06-07 12:49:15

ХААИС-ийн модон бөмбөгийн тамирчид 128 алт, 144 мөнгө, 78 хүрэл медаль, 8 цом хүртжээ

Модон бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээн, Солонгосын нээлттэй 5 дугаар тэмцээн БНСУ-ын Жэжү аралд 5-р сарын 25-31-нд болж 15 орны тамирчид өрсөлдөв. Энэхүү тэмцээнд монгол улсын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч Ж.Загас багшийн хамт оролцлоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр болсон талбайн цохилтын эмэгтэй багийн төрөлд спортын мастер Б.Хишигжаргал, Б.Оюунтуяа, спортын дэд мастер Н.Долгорсүрэн, М.Сугарсүрэн, Ж.Загас нар дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.

Мөн дэлхийн аваргын талбайн цохилтын холимог хосын төрлөөс Г.Төмөрбаатар, М.Сугарсүрэн нар хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа. Тэмцээний замд нэг цохилтоор хаалганд бөмбөг оруулсан тамирчдыг шалгаруулдаг бөгөөд манай тамирчдаас ОУХМ Б.Мөнхбат, спортын дэд мастер Ж.Загас нар тус тус 1 цохилтоор оруулж (Gate In One) алтан медалиар шагнуулсан байна. Дараагийн өдрүүдэд болсон Солонгосын нээлттэй 5 дугаар тэмцээнд манай баг тамирчид шилдэг гэдгээ дахин баталж холимог хосын төрөлд Б.Мөнхзаяа, Б.Оюунтуяа нар хүрэл медаль, эмэгтэй хосын төрөлд Б.Хишигжаргал, Н.Долгорсүрэн нар хүрэл медаль, эрэгтэй багийн төрөлд Б.Мөнхбат, Г.Төмөрбаатар, Б.Мөнхзаяа, Д.Отгонпүрэв, Х.Пүрэвжаргал, Э.Энх-Алдар нар багаараа хүрэл медаль хүртжээ. Дэлхийн аварга шалгаруулах шигшээ багийн 12 тамирчны 5 нь ХААИС-ийнх байсан юм. Амжилттай оролцсон тамирчдыг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хүлээн авч, баяр хүргэлээ.

ХААИС-ийн хувьд 2011 оноос модон бөмбөгийн тэмцээнд тамирчдаа оролцуулж эхэлсэн бөгөөд 128 алт, 144 мөнгө, 78 хүрэл медаль, 8 цом хүртсэн амжилт үзүүлж, спортын мастер 3, дэд мастер цолтой 10 тамирчинтай болжээ. Спортын дэд мастер, дасгалжуулагч Ж.Загас ярихдаа, “ХААИС-ийн удирдлага энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тиймээс өнөөдөр нийт модон бөмбөгчдын 50 гаруй хувийг бүрдүүлж байна. Спортын амжилт бол тамирчдын тууштай бэлтгэл сургуулилт, хамт олны дэмжлэгээс шалтгаалдаг” гэв.

Модон бөмбөгийн спорт нь 1990 онд Тайвань улсад үүссэн. Гольфийн спортой төстэй ч хэрэглэл нь хямд, мөн модоор хийгдсэн гэдгээрээ онцлог юм. Хэрэглэлийг нь Тайвань улс үйлдвэрлэдэг бөгөөд ОУ-ын тэмцээнд ч тус орныхыг зөвшөөрдөг байна. Манай улсын тамирчид энэ спортоор 2003 оноос эхлэн хичээллэж, Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байжээ.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn