Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Их эрдмийн далайгаас од шүүрэх залуус

Их эрдмийн далайгаас од шүүрэх залуус

2016-08-25 18:01:39

Их эрдмийн далайгаас од шүүрэх залуус

Хөдөө аж ахуйн их сургууль дэлхийн 33орны,160 их, дээд сургуультай хамтран ажилладаг. Японы шилдэг их сургуулийн нэг Хоккайдогийн их сургуультай 2009 оноос хамтран ажиллаж эхэлсэн юм. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн дөрвөнбагш тус сургуулийн докторантурт амжилттай суралцаж байна. Хоккайдогийн их сургууль нь 1876 онд байгуулагдсан. Бүрэлдэхүүний 12 сургуультай. 11727 бакалаврын оюутан, 6141 магистрант, докторант суралцаж, 3961 багш, ажилтан ажилладаг. Дэлхийн өнцөг булан бүрээс 1637 гадаад оюутан суралцдаг байна.

Япондоо шилдэг аравт багтах Хоккайдогийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуульд ХААИС-иас суралцаж байгаа докторант Н.Очирхүү, Д.Дэлгэрмөрөн, М.Цогбадрах, Б.Дагважамц нартай уулзаж ярилцлаа. Тэд Монголынхоо баруун хязгаар Увс, Ховд,  төвийн бүс болох Архангай, Булган аймгаас ХААИС-ийг сонгон суралцсан нь Японы тэргүүлэх их сургуульд эрдмийн зэрэг хамгаалах сайхан боломжийнх нь эхлэл байжээ. 

Н.Очирхүү: Нүүдэлчин соёл, бэлчээрийн мал аж ахуй бол судалгааны маш том баялаг

Хоккайдогийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн докторант Н.Очирхүүтэй ярилцлаа.

-ХААИС-ийг хэдэн онд төгссөн бэ?

-ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийг 2008 онд төгссөн. Сургуульдаа магистрантурт суралцаж, 2009 оноос үндсэн багшаар ажиллаж эхэлсэн. Харин 2013 оноос Хоккайдогийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлалын лабораторид докторантурт суралцаж байна.

-Тэтгэлэгтэй суралцана гэдэг их завшаантай хэрэг. Ямар боломж тохиосноо сонирхуулахгүй юу?

-Хоёр их сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны зэрэгцээ ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдсэн 2012 онд Хоккайдогийн их сургуулийн зарим профессор манай сургуульд ирж лекц уншдаг байсан юм. Энэ үеэр багштайгаа танилцсан. Дараа жил нь Япон улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдах үеэр холбогдох материалаа явуулж, багш маань зөвлөсний тусаар тэнцсэн. Ийм сайхан боломжийг нээж өгсөн бүх хүмүүст талархаж явдаг.

-Ямар чиглэлээр судалгааны ажил хийж байна вэ?

-Мал эмнэлэг, мал аж ахуйн салбар судлах зүйлээр арвин. Манай нүүдэлчин соёл, бэлчээрийн мал аж ахуй судалгааны маш том баялаг гэж боддог.   Бид ийм нөөц боломжоо ашиглан олон улсад үнэлэгдэх боломжтой.   

Миний судалгааны ажил үндсэн гурван чиглэлээр хийгдэж байна. Нэгдүгээрт, Монголын мал аж ахуйд үлэмж хэмжээний хохирол учруулдаг үхрийн лейкоз, иж сүрьеэ, вируст диарей болон үхэр, хонины анаплазмоз зэрэг халдварт өвчний үүсгэгчийн молекул эпидемиологийн судалгаа хийж байна. Дээрх өвчнийг үүсгэдэг вирус болон бактерын генетикийн дарааллыг нь тогтоосноор бусад улсад гарч байгаа ижил үүсгэгчтэй нь харьцуулан аль улсаас дамжсан байх магадлалтай болон Монголд эндемик байдлаар гардаг эсэхийг нь тогтоож болно. Жишээлбэл, үхрийн лейкоз өвчин Төв аймгийн Борнуур суманд нэлээд өргөн тархалттай байдаг. Энэ өвчнийг үүсгэгч вирус нь ОХУ-д гарч байгаа үүсгэгчтэй гарал нь нэг байсан. Тиймээс тус улсаас орж ирсэн байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

Хоёрдугаарт, Монгол сарлаг болон үхрийн дархлааны урвалд оролцдог молекулуудын бүтцийг хар тарлан үүлдрийн үхэртэй харьцуулан судалж байна. Монгол сарлаг болон үхэр нь фермийн үхэртэй харьцуулахад дархлааны хувьд тэсвэртэй, өвчинд өртсөн ч үхэл хорогдол нь харьцангуй бага байдаг. Үүнийг цаашид чадах хэрээрээ судалж онцлогыг нь гаргаж ирнэ.   

Гуравдугаарт, Филиппин улсын Мал эмнэлгийн судалгааны Карабао төвтэй хамтран ажилладаг. Тус улсын үхэрнээс цуглуулсан цусны дээжинд хачиг болон шавьжаар дамждаг цусны паразиттах өвчний молекул эпидемиологийн судалгаа хийсэн. Нэг сарын өмнө тус улсад энэ ажлаараа яваад ирлээ. Дээж авч ирсэн. Одоо судалгааны ажил хийж байна.

-Манай улс одоогоор малын гоц халдварт өвчний асуудлыг шийдэж чадахгүй байна шүү дээ. Үүнээс болж махаа экспортолж чадахгүй байна. Энэ талаар Та юу хэлэх вэ ...?

-Юуны өмнө олон улсад хөл хориотой шүлхий, хонь, ямааны цэцэг зэрэг гоц халдварт өвчний гаралтыг зогсоож, мал сүргээ эрүүлжүүлэх ёстой. Үүний тулд судалгаа сайн явуулж, шинжлэх ухааны үндэстэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлмээр санагддаг. Улмаар судлаачидтай хамтран эерэг үр дүнг баталгаажуулан, олон улсын сонин, сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зэргээр таниулж чадвал Монгол малын мах болон бусад түүхий эдийг сонирхож эхэлнэ.

Япон улсын хувьд малын гоц халдварт өвчин үндсэндээ гардаггүй. Бүрэн урьдчилан сэргийлж чадсан. Харин үхрийн лейкоз өвчин нэлээд өндөр буюу 30 гаруй хувийн тархалттай байдаг. Мөн үхрийн иж сүрьеэ өвчин фермүүдийн үхэрт нэлээд тохиолддог боловч эдгээр нь олон улсын худалдаанд нөлөөлөх нь харьцангуй бага юм.  

-Японы шилдэг 10 сургуулийн нэгд суралцаж байна. Тус сургуулийн сургалтын онцлогийг сонирхуулахгүй юу?

-Манай сургууль Япон улсын хэмжээнд мал эмнэлгийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудаас нэгдүгээрт эрэмблэгддэг. Жил бүр хамгийн өндөр оноо авсан 40 сурагчийг л бакалаврын түвшинд элсүүлдэг. Докторын түвшинд тус улсын оюутнуудаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн маш олон залуус суралцаж байна. Манай сургуульд олон чадварлаг профессорууд ажилладаг бөгөөд судалгаа хийхэд үнэхээр сайхан газар гэж онцолмоор байна. Яагаад гэвэл орчин үеийн бүхий л тоног төхөөрөмж байна. Мөн түүнд хэрэглэх урвалж, бодис нь хүрэлцээтэй байдаг. Нөгөө талаас Японд эм, био урвалжаа дотооддоо үйлдвэрлэдэг. Бид захиалга өглөө гэхэд маргааш нь хүргээд ирдэг. Тиймээс дутагдах зүйлгүй, хүссэн судалгаагаа хийх боломжтой. Мөн Америк болон Европын өндөр хөгжилтэй орнуудын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай нягт хамтран ажилладаг. Байнга мэдээлэл, туршлага солилцож, тэр хэмжээнд хүрэхийн тулд чармайн ажилладаг учраас төгсөгчид нь хаана ч гологдохгүй чадвартай болдог. Шинэ арга зүй эзэмших шаардлагатай бол Америкт ч юмуу томилоод явуулчихдаг. Тэр хүн нь буцаж ирээд сурсан мэдсэнээ хэрэгжүүлдэг учраас Япончууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа. Манайх ч бас гол гол чиглэлүүдээ тодорхойлоод тэр чиглэлийн мэргэжилтнүүдээ тухайн үйл ажиллагаа явуулдаг газар нь сургаад ирүүлвэл шинэ арга, технологи хурдан нэвтрэх боломжтой санагддаг. Суралцахын зэрэгцээ ажил, амьдралдаа хэрэгжүүлмээр зүйл Япон улсад маш их байдаг. 

 

Эм судлалын чиглэлээр судалгаа хийж, докторын зэргээ амжилттай хамгааллаа

Хоккайдогийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн докторант Д.Дэлгэрмөрөн

Би Хөдөө аж ахуйн их сургуульд багшилж байгаад Хоккайдогийн их сургуулийн  докторантурт 2012 оны 10 дугаар сарын 1-нд элссэн. Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд дөрөв дэх жилдээ суралцаж, 8 дугаар сарын 9-нд докторын зэрэгээ амжилттай хамгааллаа. Хоккайдогийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн Эм судлалын лабораторид судалгааныхаа ажлыг хийсэн. Энэхүүлабораторын судлаачдын судалгааны чиглэлийг тоймловол, бие махбодь дахь сэрэмтгий чанартай эсүүдийн үйл ажиллагааны механизм түүнд эмийн бодисууд хэрхэн нөлөөлж болох талаарх судалгааг хийдэг.

 Миний бие тахианы гол судасны хананд байрлах химийн хүлээн авуур эсүүдийн үйл ажиллагааны механизм, түүнд зарим нэг эмийн бодисууд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийсэн. Энэ ажил маань эх орондоо очоод цаашид судалгаа, шинжилгээ явуулах  суурь нь болж өгнө хэмээн бодож байна.

Энд суралцаж байгаагийн давуу тал гэвэл, Монголд судалгааны ажил хийхэд багаж, тоног төхөөрөмж учир дутагдалтай. Тиймээс хүссэн судалгааныхаа ажлыг хийхэд хүндрэл учирдаг. Дээрээс  нь судалгааны ажил хийхэд шаардагдах нэмэлт материал, эм урвалж зэрэг нь хомс байдаг. Энд тийм зүйлд санаа зовохгүйгээр хүссэн судалгаагаа хийдгээрээ давуу талтай. Япондоо дээгүүрт тооцогддог ийм сайхан сургуульд суралцана гэдэг нь бидний хувьд том завшаан юм.

 

Мал, амьтны нөхөн үржихүйн эмгэгийг судална

Хоккайдогийних сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн докторант Б.Дагважамц

Миний бие 2016 оны 4 дүгээр сард тус сургуулийн докторантурт элссэн. Хөдөө аж ахуйн их сургууль, ХХААХҮЯ, ЖАЙКА Олон улсын байгууллагатай хамтран “Мал эмнэлэг, МАА-н салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Уг төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа Умемура багшийн дэмжлэгтэйгээр тус сургуульд суралцах завшаан тохиосон юм. Умемура багшаас мэдээлэл авч, тэтгэлэгт шалгалтыг нь өгч тэнцээд, багш нартайгаа холбоо барьж энд ирсэн.

 Мал, амьтны нөхөн үржихүйн эмгэгийн чиглэлээр судалгааны ажил хийж байна. ХААИС-ийг 2004 онд төгсөн, Биокомбинатад ажиллаж байгаад 2013 оноос Мал эмнэлгийн сургуульд багшаар ирсэн. Энэ сургуульд суралцаж, шинэ мэдлэг, арга зүй олж авч байгаадаа баяртай байна.

Хурдан морины хөлний гэмтлийн эмчилгээ, оношилгооны чиглэлээр судалгаа хийж байна

Хоккайдогийних сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн докторант М.Цогбадрах

Би ХААИС-ийг 2007 онд малын их эмч мэргэжлээр төгсөөд, 2013 оныг хүртэл МОНГОЛ ВИ ТИ НЕТ төрийн бус байгууллагад төслийн зохицуулагч, малын их эмчээр ажилласан. Тус төрийн бус байгууллага нь Мал эмнэлгийн хөгжлийг дэмжих зорилготой олон улсын байгууллага юм. Сургуульдаа 2013 оноос багшаар ажиллаж байгаад Хоккайдогийн их сургуульд сурах боломж тохиож, өнгөрсөн жилийн 10 дугаар сарын 1-нд тус сургуулийн докторантурт элссэн.

Хурдан морины хөлний гэмтлийн эмчилгээ, оношилгооны чиглэлээр судалгааны ажил хийж байна. Судалгаа маань их онцлогтой. Монголд хурдан морины уралдаан тэмцээн өргөн дэлгэр болж байна. Хурдан моринд хамгийн их тохиолддог эмгэг бол хөлний гэмтэл юм. Үнэхээр сайн хурдан хүлгүүд хөл нь гэмтсэнээс уралдаж чадахгүй болдог. Үүнд шинэлэг хувь нэмэр оруулах, дээрх асуудлыг бага ч гэсэн шийдэх  зорилгоор Хоккайдогийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн Мэс заслын лабораторид сурч, судалгаа хийж байна.

Ярилцсан Р.Батчимэг


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn