Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Академич А.Бакейд ХААИС-ийн удирдлага, хамт олны төлөөлөл хүрдэтгэл үзүүллээ

Академич А.Бакейд ХААИС-ийн удирдлага, хамт олны төлөөлөл хүрдэтгэл үзүүллээ

2017-01-25 17:47:48

Академич А.Бакейд ХААИС-ийн удирдлага, хамт олны төлөөлөл  хүндэтгэл үзүүллээ

 

Монгол улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдсон, ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч А.Бакейг ХААИС-ийн удирдлага, хамт олны төлөөлөл хүндэтгэн хүлээн авч, баяр хүргэлээ.  

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Бакей багш маань ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөн дагалдан багшаас, тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн захирал, нийгэм, эдийн засаг, сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал гээд сургуулийн бүхий л салбарт хичээл зүтгэл, хувь нэмрээ оруулан ажиллаж, эрдмийн сургуулиас ард олны төлөөлөл болон УИХ-д хоёр ч удаа сонгогдон ажилласаныг Та бид мэднэ. Төр засгаас хөдөлмөр бүтээлийг нь үнэлэн, өнгөрсөн жил гавьяат эдийн засагч цол хүртээсэн. Хэдхэн хоногийн өмнө  ШУА-ийн гишүүн академичаар сонгогдон бид бүхэнтэй баяраа хуваалцаж байгаад талархаж байна” гээд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүг дээжлэн барилаа.

Академич А.Бакей энэ үеэр эрдмийн хамт олонтойгоо баяраа хуваалцан хэлсэн үгэндээ, “Хүний амьдралын зам гурван зүйлээс шалтгаалдаг хэмээн боддог. Төрсөн нутаг ус, төрүүлсэн эцэг эх, хамт олон, хувь хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс ихээхэн хамаардаг. Би улсад 34 жил ажилласаны найман жилд нь УИХ-ын гишүүний сонгуульт ажилтай байснаас бусад цаг үед энэ эрдмийн хамт олонтой холбоотой ажиллаж, амьдарч ирсэн байна. Ажлын гараагаа дагалдан багшаас эхэлж, энэ хугацаанд дөрвөн сурах бичиг бичиж хэвлүүлсэн байдаг. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхэн үед, социалист нийгэм, эдийн засгийн үеийн сурах бичгээр сургалтаа явуулах боломжгүй болсон. Оюутнуудаас ч ихээхэн санал, шүүмжлэл гарч эхэлсэн. Ингээд Оросоо багштайгаа хамтран “Эдийн засгийн ухаан” хэмээх сурах бичиг бичиж хэвлүүлсэн. Энэ ном маань одоог хүртэл их, дээд сургуулийн оюутан, залуусын үндсэн сурах бичиг, гарын авлага болж байгаад баяртай байдаг. Мөн Монголын төв номын сан болон Нацагдоржийн нэрэмжит номын сангийн хамгийн олон уншигчтай бүтээл болж байсан. Судалгааны ажлын хүрээнд 80 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, хэвлүүлсэн байдаг.

Амьдралд хүн ялж, ялагдана. Мөнхийн тэмцэл дунд оршдог. Сонгуулийн дараа зүгээр суусангүй. Эрдмийн ажилдаа анхаарлаа хандуулсан. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан “МОНГОЛЫН БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ"” бүтээлээ ном болгон хэвлүүллээ. Энэ сонгуульт ажилд ч тодорхой хэмжээгээр бэлтгэсэн. Зорьсон зорилго маань талаар өнгөрсөнгүй. Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, академич хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар ХАА-н салбарын гурван хүн одоо ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийн тоог нэгээр нэмлээ.

Академичаар сонгогдоход гишүүдийн 75-аас дээш хувийн санал авах ёстой байдаг. Улс төрч гэсэн өнцгөөс биш хувь хүн талаас нь илүүтэй харж сонгосон болов уу хэмээн бодож байна.  Ингээд бүхий л үед түшиж, тулж, дэмжиж ирсэн эрдмийн хамт олон Та бүхэндээ баярлалаа” гэсэн юм.

Академич А.Бакей нь Хөдөө аж ахуйн их сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн захирал, ХААИС-ийн дэд захирлын албыг 24 жил хашиж, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсан СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ.
Бэлчээрийн мал аж ахуйн эдийн засаг, менежмент, тогтвортой хөгжлийн онол, арга зүйн асуудлаар судалгаа, шинжилгээний ажил хийж, олон арван бүтээл туурвиж, Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ЭРДЭМТЭН.
УИХ-ын гишүүнээр 2004-2008, 2012-2016 онуудад ажиллаж, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, төрийн байгуулалтын чиглэлээр хууль санаачлах, ажлын хэсэг ахлах зэргээр идэвх санаачлага гарган ажиллаж ирсэн туршлагатай ТӨРИЙН ТҮШЭЭ.

Хөдөө аж ахуйн салбарын чадварлаг боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны орчныг бэхжүүлэх, бодлого тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮН хэмээн хамт олон нь тодорхойлсон юм.

Шинжлэх ухааны Академиас хоёр жил тутам ШУА-ийн гишүүн (академич)-ийн сонгуулийг явуулдаг. Энэ жилийн сонгуульд 11 эрдэмтэн нэр дэвшсэн. Тэд бүтээлийн үзэсгэлэнгээ энэ сарын 17-нд бүтэн өдрийн турш дэлгэсэн юм. ШУА-ийн Их чуулганы гишүүд тэдний эрдэм шинжилгээний ажилтай танилцаад, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, шинжлэх ухааны ёс зүйг хүндэтгэдэг зэрэг үзүүлэлтийн дагуу ШУА-ийн гишүүн буюу академичаар сонгодог уламжлалтай.  

Энэ удаагийн сонгуулиар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дамдинсүрэнгийн Цэвээндорж, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэлэгийн Сангаа, ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Агипарын Бакей нарыг академичаар сонгосон билээ.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn