Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Гурван эрдэмтэн хамтран нөхөн сэргээлтийн гарын авлага бүтээлээ

Гурван эрдэмтэн хамтран нөхөн сэргээлтийн гарын авлага бүтээлээ

2017-01-30 15:57:10

Гурван эрдэмтэн хамтран нөхөн сэргээлтийн гарын авлага бүтээлээ  

Хөрс, ургамал, биологи амьтан судлаач гурван эрдэмтэн хамтран өөрсдийн олон жилийн судалгаа шинжилгээ, туршлага дээр үндэслэн “Уул уурхайн байгаль хамгаалал нөхөн сэргээлт” номыг бүтээн өнөөдөр нээлтээ хийж, олны хүртээл болголоо.

Номын нээлтэд ХААИС-ийн Инноваци, Бизнес Хөгжлийн төвийн захирал профессор Б.Мөнхбат, АЭС-ийн багш дэд профессор Д.Түмэнжаргал, МААБС-ийн ахлах багш Ч.Ууганбаяр, ХААИС-ийн төв номын сангийн эрхлэгч Ж.Төмөртогоо болон оюутан шавь нар нь оролцсон юм.

Номыг бүтээсэн ахлах багш Ч.Ууганбаяр, дэд профессор Д.Түмэнжаргал, профессор Б.Одгэрэл нарын эрдэмтэд өнгөрсөн хугацаанд үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай олон уул уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт шинжилгээний ажилд хамтран оролцож, судалгаа хийн, мөн зохион байгуулсан сургалтын ажлынхаа хүрээнд хуримтлуулсан туршлагаа энэхүү бүтээлдээ оруулсан нь номын практик ач холбогдолыг нэмэгдүүлсэн хэмээн  профессор Б.Мөнхбат тэмдэглэн хэллээ.

ХБНГУ-ын Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны яам, Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв, Герман улс дахь Монгол Академичдын холбоо, Монгол улсын Орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө холбоо болон ХААИС-ийн инноваци, бизнес хөгжлийн төв хамтран хэрэгжүүлсэн “Доройтсон газрын биологийн нөхөн сэргээлтийн сургагч багш бэлтгэх” төсөл энэхүү сурах бичгийг санхүүжүүлсэн байна.

Дэд профессор Д.Түмэнжаргал, Монгол улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг туршлага зайлшгүй хэрэгтэй. Нөхөн сэргээлттэй холбоотой шинжлэх ухааны мэдлэгийг хөгжүүлэхийн тулд энэ салбарт суралцаж буй залуу үе, мөн олон нийтэд гар дор хэрэглэгдэх энгийн өгүүлэмжтэй гарын авлага, сурах бичиг зайлшгүй хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр энэхүү номыг бүтээсэн гэлээ.

Ахлах багш Ч.Ууганбаяр хэлэхдээ “Залуу багш миний хувьд ХААИС-д олон жил ажилласан, эрдэм судлалын их туршлагатай профессоруудтай хамтарч энэхүү номыг бүтээсэндээ баяртай байна” гээд бидний бүтээсэн гарын авлага биологи, экологи, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлд суралцаж байгаа оюутнуудын суралцах үйлсэд нэмэр болно гэдэгт найдаж байна” гэв.

Энэхүү ном нь байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус, уул уурхайн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон сонирхогч хэн бүхэнд зориулагдсан бүтээл гэдгийг зохиогчид онцоллоо.

Номын дээжээс 60 гаруйг зохиогчид ХААИС-ийн төв номын сан, АЭС-ийн Экологийн тэнхим болон мэргэжлийн ангийн оюутнуудад хандивлав.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn