Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“THE FEELING KOREA WINTER 2017” хөтөлбөрт амжилттай оролцоод ирлээ

“THE FEELING KOREA WINTER 2017” хөтөлбөрт амжилттай оролцоод ирлээ

2017-02-04 11:58:25

“THE FEELING KOREA WINTER 2017” хөтөлбөрт амжилттай оролцоод ирлээ

БНСУ-ын Чонбук Үндэсний их сургууль (CBNU)-иас гадаадын оюутнуудын дунд  жил бүр зохион байгуулдаг “THE FEELING KOREA WINTER 2017” хөтөлбөр 1 дүгээр сарын 12-24-ий хооронд зохион байгуулагдсан юм. Хоёр их сургуулийн гэрээний дагуу тус хөтөлбөрт хөнгөлттэй нөхцөлөөр оролцоод ирсэн Агроэкологийн сургуулийн 3-р курсийн оюутан Б.Нямдагватай товч ярилцлаа.

- Тус хөтөлбөрт амжилттай оролцож, их зүйл сурч мэдэв үү?

-Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу тус хөтөлбөрт оролцоод тухайн орны урлаг соёл, зан заншил, хөгжил дэвшил, үе тэнгийн оюутан залуусын зорилго тэмүүлэл гээд богино хугацаанд ч гэсэн их зүйлийг сурч мэдээд ирлээ.

-Төсөөлөх, бодит байдлыг харах хоёр бас ялгаатай. Тухайн орны оюутан залуусын амьдралын хэв маягаас юу нь илүү таатай сэтгэгдэл төрүүлсэн бэ?

- Бие биедээ маш хүндэтгэлтэй ханддаг юм байна. Хичээл номондоо шамддаг нь ажиглагдсан. Биднийг очих үеэр хичээл нь амарсан байсан ч номын сандаа хичээлээ хийсээр л байсан. Манай ихэнх оюутан залуучууд бие даалт, даалгаврыг цагийг нь тулгаж хийдэг. Гэтэл тэд эртнээс бэлтгэдэг нь анзаарагдсан.

-Тэднээс бид юуг нь суралцаж, хэвшүүлмээр санагдсан бэ?

-Нэгдүгээрт, маш сайхан цэвэрч, орчин тойрондоо ч бас тийм байж чаддаг. Хоёрдугаарт олон нийтийн газар болон анги танхимдаа бусад хүмүүст аль болох саад болохгүйг хичээж, хүлээцтэй ханддаг нь ажиглагдаж байсан. Гуравдугаарт өөрсдийн ухамсартай. Хамгийн энгийн жишээ гэхэд анги танхим, сургууль бүр гудамжинд хүртэл хог хаядаггүй. Энэ соёлд манай залуус суралцаасай хэмээн бодсон.  

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Сургуулиа амжилттай төгсөөд гадаадын их сургуульд магистраа хамгаалах зорилготой. Энэ хөтөлбөрт оролцохын далимаар  тус сургуульд суралцах боломжтой эсэх талаар судалж явлаа. Цаашид тухайн суралцсан орныхоо газрын харилцааны салбарын тодорхой хэсгийг өөрийн улсынхтай харьцуулан судалж, давуу талыг нь эх орондоо хэрэгжүүлэх зорилготой явдаг.   

-Анхнаасаа ХААИС-д суралцах зорилготой байсан уу?

-Би олон улсын харилцааны чиглэлээр суралцах бодолтой байсан. Гэвч эгчийнхээ зөвлөсөнөөр энэ ангид элсэн суралцсан. Энэ мэргэжлийн чиглэл бусад сургуулиудад ховор байдаг хэрнээ ирээдүйтэй хэмээн эгч маань зөвлөсөн. Миний суралцаж буй мэргэжил хууль эрх зүй, эдийн засаг, экологи, гэх мэт олон шинжлэх ухааны нэгдэл юм. Тиймээс төгсөөд бусад салбарт ч хөрвөн ажиллах боломжтой.

-Оюутнууд гадагшаа явж сурах юмсан гэж ярьдаг хэрнээ мөрөөдлөө хэрэгжүүлэх алхам бага хийдэг шиг санагддаг. Чи мөрөөдлийнхөө төлөө алхам хийсэн байна. Ижил зорилготой оюутнуудад хандаж юу гэж хэлэх вэ?

-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамгийн эхэлж өөртөө тодорхой зорилго тавих ёстой. Дараа нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд алхам алхамаар цаг хугацаатай төлөвлөгөө гаргаж шантралгүйгээр тууштай түүнийгээ төлөө зүтгээрэй гэж хэлмээр байна. Ингээд бүх оюутан залуучууддаа амжилт хүсье.  


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn