Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн захирал Т. Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын их сургууль, бизнесийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулав

ХААИС-ийн захирал Т. Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын их сургууль, бизнесийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулав

2017-02-23 11:12:52

ХААИС-ийн захирал Т. Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын их сургууль, бизнесийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулав

ХААИС-ийн захирал Т. Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 2 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд  БНСУ-ын их сургуулиуд, бизнесийн байгууллагуудад ажиллаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ нарийвчлан тогтоож, зарим байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулав.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Чежү-ийн үндэсний их сургууль, Кореа политехникийн их сургууль, Хангионы их сургууль, Сеүл үндэсний их сургууль, Кореа шинжлэх ухаан, технологи, бизнесийн форум, Даеван Энержи ХХК зэрэг байгууллагуудад зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн хамтын ажиллагааны шинэ чиглэл тогтоох талаар ажил хэргийн уулзалтуудыг амжилттай зохион байгуулж ажилласан болно.

Чежү-ийн үндэсний их сургуулийн Мал эмнэлгийн коллежтэй тус их сургуулийн Мал эмнэлгийн сургууль хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд оюутан солилцох хамтарсан эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллаж байна. Чежү-ийн үндэсний их сургууль нь 15 бүрэлдэхүүний сургууль, 19 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй бөгөөд одоогоор 11000 оюутан, 1000 гаруй багш, судлаачтай үйл ажиллагаа явуулдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Азийн нэр хүнд бүхий томоохон их сургууль юм. Манай төлөөлөгчид тус их сургуулийн захирал Хөх Хиангжин-тэй албан ёсны уулзалт хийж, цаашид их сургууль хооронд санамж бичиг байгуулах, оюутан солилцоо, багш, судлаачдыг чадавхижуулах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, ахисан төвшний сургалтанд ХААИС-ийн оюутныг өргөн хамруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж харилцан тохиролцов. ХААИС-ийн захирал профессор Т.Хэрүүга тус их сургуулийн захирлыг Монгол улсад айлчлахыг албан ёсоор урисан ба урилгыг таатай хүлээн авч 2017 оны 7 сард Монгол улсад айлчилж, ХААИС-тай санамж бичиг байгуулахаар болов.

Бид тус их сургуулийн Тогтвортой ХАА-н судалгааны хүрээлэн, Мал эмнэлгийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсаны зэрэгцээ Манай их сургуулийн Мал эмнэлгийн сургууль, тус их сургуулийн Мал эмнэлгийн коллеж Монгол болон Чежү адуу судлалын чиглэлээр судалгааны төслийн санал боловсруулж БНСУ-ын Засгийн газарт хүргүүлэхээр тохиролцов.

 Бидний дараагийн айлчилсан их сургууль болох Кореа политехникийн их сургууль нь Солонгос улсын 22 000 үйлдвэрлэгчдээс бүрдсэн үндэсний хэмжээний аж үйлдвэрийн комплекс дотор байрладгаараа онцлог бөгөөд их сургууль – үйлдвэрлэлийн амьд холбоог хөгжүүлж чадсан цорын ганц сургууль болохыг танилцуулж байлаа. Тус их сургууль гарааны бизнесийг дэмжсэн, их сургууль – үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлсэн БНСУ-ын шилдэг их сургуулиар сүүлийн 4 жил дараалан шалгарсан байна. Үүнээс гадна үндэсний хэмжээний чадварлаг инженер техникийн ажилтан нарыг бэлтгэдэг бөгөөд төгсөгчдийн ажил эрхлэлтийн төвшингээрээ Солонгос улсдаа тэргүүлдэг их сургууль юм. Тус их сургуулийн дэргэд үйлдвэрлэл дээр ажиллаж буй шилдэг инженерүүд, бизнесмен зөвлөхүүд, их сургуулийн профессор багш нар, төгсөх курсийн оюутнуудаас бүрдэх 60 гаруй Инженерийн танхим ажилладаг бөгөөд эдгээр нь үйлдвэрлэл, технологийн тулгамдсан асуудлыг хамтын хүчээр оновчтой шийдвэрлэдэг байна. Манай төлөөлөгчид тус их сургуулийн сургалт, судалгааны лабораторийн үйл ажиллагаатай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Манай сургуулийн Инженер технологийн сургуультай цаашид нягт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд санал нэгтэй дүгнэж байв. Түүнчлэн тус их сургуулийн зохион бүтээх, механотроникийн тэнхимтэй ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн Механик инженерийн тэнхим хамтран ХААИС-ийн механтроник, электроник, зохион бүтээх чиглэлийн сургалт, судалгааны орчныг бэхжүүлэх замаар төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан төслийн санал боловсруулж БНСУ-ын Боловсролын яаманд хүргүүлж хамтран ажиллахаар тохиролцсон болно. Энэ чиглэлээр урьд нь бас зарим оролдлогуудыг хийж байсан билээ.

Бид энэ удаагын айлчлалын хүрээнд Хангионы үндэсний сургууль дээр 2 хоног ажилласан. БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр манай их сургууль, Хангионы үндэсний сургуультай Экологид  ээлтэй ХАА-н бүтээгдэхүүний бүтээмжийг нэмэгдүүлэх нь”, “ХАА-н биотехнологи ба биоаюулгүй байдал сэдэвт төслийг 2013-2016 онуудад тус тус амжилттай хэрэгжүүлсэн билээ. Эдгээр төслийн хүрээнд Амьтны биотехнологи, Геномикс, Хор судлал, Хүнсний чанар, аюулгүй байдлын үнэлгээний зэрэг чиглэлээр ХААИС-д судалгааны 8 лаборатори шинээр болон шинэчлэн байгуулагдсан ба давхардсан тоогоор 48 багш, судлаачид урт богино хугацаагаар БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн юм. Мөн эдгээр төслийн хүрээнд Монгол Улсад ХАА-н зохистой дадал /GAP/-ын тогтолцоог Солонгос улсын жишгээр бий болгох, түүнчлэн Монгол орны ургамал, амьтны биологийн дахин давтагдашгүй нөөцийн онцгой шинжүүдийг судлах хамтарсан туршилт судалгааны ажлууд амжилттай хэрэгжсэн билээ. Цаашид дараагийн буюу 3 дахь төслийн саналыг ХАА-н бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, ХАА-н зохистой дадал /GAP/-ын тогтолцоог иж бүрэн нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр санал нэгтэй тохиролцсон болно. Уг төслийн саналыг боловсруулах ажлын хэсгийг талуудын өргөн оролцоотой байгуулан ажиллаж байна.

Мөн түүнчлэн бид Кореа шинжлэх ухаан, технологи, бизнесийн форумын ерөнхийлөгч, ноён Баунгок Чанг болон бусад албаны хүмүүс, форумын гишүүн компаниудын төлөөлтэй хийх албан ёсны уулзалтыг Сеул Үндэсний  их сургууль дээр зохион байгуулсан. Уг уулзалтын үеэр ХААИС-ийг төлөөлж захирал, профессор Т.Хэрүүга,  Кореа шинжлэх ухаан, технологи, бизнесийн форумыг төлөөлж ноён Баунгок Чанг нар хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Уг форум нь одоогоос 35 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба их сургууль, эрдэм шинижлгээний байгууллагуудтай хамтран ажилладаг байгууллага юм. Тус форум Солонгос улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан бөгөөд ихэвчлэн технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийдэг ба одоогоор 4 их наяд воны жилийн төсөвтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай их сургуулийн хувьд тус форумтай санамж бичиг байгуулсанаар БНСУ-ын томоохон их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагч нартай өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн манай төлөөлөгчдийн хувьд уг уулзалтанд оролцсон Даеван Энержи ХХК-ны үндсэн үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр танилцах боломж олдсон нь олзуурхууштай байлаа.

Уг компани нь дэлхийн хамгийн орчин үеийн халаалтын технологи болох нүүрсэн мяндсан утсан халаалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНСУ төдийгүй дэлхий олон оронд нийлүүдэг нэр хүндтэй компани юм. Уг халаалтын систем нь цахилгаан эрчим хүчний олон эх үүсвэрээр хэмнэлттэй горимоор ажилладаг ба бүтээмж, үр ашиг, аюулгүй байдал, өөрийн өртөг, зардлын хувьд өмнөх үеийн ийм төрлийн шийдлүүдээс хавьгүй давуу болохоо амьдралд харуулсан шийдэл юм. Уг төхөөрөмжийг ашиглан Монгол улсад тулгамдаад буй Улаанбаатар хотын гэр хорооллын утааг бууруулах асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой болох талаар компаны удирдлагуудтай уулзах үеэр санал солилцож байв. Уг төхөөрөмжийг Монголд нутагшуулах чиглэлээр ХААИС хамтран ажиллахаар тохиролцсон болно.

Эцэст нь дүгнэж хэлэхэд бидний энэ удаагын айлчлал, маш шахуу, олон талын хүмүүстэй асуудлыг газар дээр нь шийдсэн, үр дүнтэй, бүтээлч айлчлал байсан ба ХААИС-ийн цаашдын хөгжилд чухал түлхэц өгөх олон олон сайн үр дүнгүүд гарах айлчлал байлаа.

 

Г.Гантулга

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn