Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Тэнхимийн эрхлэгчдийн зөвөлгөөн боллоо

Тэнхимийн эрхлэгчдийн зөвөлгөөн боллоо

2017-02-23 16:04:25

Тэнхимийн эрхлэгчдийн зөвөлгөөн боллоо 

ХААИС-ийн тэнхимийн эрхлэгчдийн зөвөлгөөн өнөөдөр /2017.02.23/ Эрдмийн зөвлөлийн танхимд болж “ХААИС-ийн багшийн хөгжил хөтөлбөр”, “ХААИС-ийн профессор багш ажиллуулах журам”-ын төслийг хэлэлцэв. Зөвөлгөөнд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Т.Гантулга, Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа, Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч Р.Чанцалдулам болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, бүрэлдэхүүн сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, тэнхимийн эрхлэгч нар оролцлоо.  “ХААИС-ийн багшийн хөгжил хөтөлбөр” нь сургуулийн зорилго, стратегийн зорилтуудтай уялдуулан профессор багш нарыг үе шаттайгаар хөгжих таатай нөхцөл бүрдүүлж, багшийн чадамжийг нэмэгдүүлэх, тэдний карьерийг тасралтгүй хөгжүүлэх зорилго бүхий хөтөлбөр юм.

Харин “ХААИС-ийн профессор багш ажиллуулах журам” нь Монгол Улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд нийцүүлсэн ХААИС-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч профессор багшид тавих шаардлага, багшийн хөгжил, чадамжийн үнэлгээ, профессор багшийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэл тооцох үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах журам юм.

Дээрх хөтөлбөр болон журмын төсөлд тэнхимийн эрхлэгч нар өөрсдийн санал, шүүмжийг хэллээ. Тус баримт бичгүүдэд хамт олны саналыг тусгахаар боллоо.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга багш нарын тавьсан асуултад хариулах үеэрээ “Хөдөө аж ахуйн их сургууль нь Дээд боловсролын шинэчлэл, “Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль” болох зорилгын хүрээнд суралцагч бүр судлаач, бүтээлч байх; профессор багш бүр мэдлэгийн менежер байх; судлаач, профессор бүр судалгаанд суурилсан, мэдлэгт түшиглэсэн өндөр технологийн эзэн байх стратегийн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Их сургуулийн багш гэдэг шинэ мэдлэг бүтээдэг, судлаач, мэдлэгийн менежер байх ёстой. Бэлэн байгаа зүйлээр аливааг хийх амархан. Тиймээс бий болгож бүтээдэг байх хэрэгтэй. Дэд захиралуудад дансанд байгаа мөнгөөр бүтээн байгуулалт хийх биш, өөрсдөө төсөл, хөтөлбөр боловсруулан хөрөнгө босгож хий гэсэн чиглэл өгч байгаа.  

 ХААИС-д 24 профессорын баг байгуулагдсан. Профессорын баг бүр 100-200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлсэнээр багийн багш нар судалгаа хийж, мэдлэг, баялаг бүтээж байна. Энэ бол ололт юм. Тиймээс багш бүр судлаач, мэдлэгийн менежер болоход анхааран ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Энэ удаагийн зөвөлгөөн “ХААИС-ийн багшийн хөгжил хөтөлбөр”-ийг “ХААИС-ийн профессор багш ажиллуулах журам”-тай уялдуулан хэлэлцүүлсэнээрээ онцлог байв.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn