Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА - 2017” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

“МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА - 2017” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2017-04-10 20:13:44


Монгол орны хөдөө аж ахуйн хөгжлийн чиг хандлага - 2017сэдэвт үндэсний чуулганыг Монголын үндэсний стартап сан-ийн санаачилгаар, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. Уг чуулганд Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллага,  Монгол улсад хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг 20 гаруй байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцлоо.

Уг чуулганы хуралдаанаар Монгол орны хөдөө аж ахуйн хөгжлийн тулгуур, тулгамдсан асуудлууд болох салбарын бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн хэрэгжих боломж (1); хүнс, хөдөө аж ахуйн зах зээлийн өнөөгийн бодит байдал, олон улсад зорилтот зах зээлд органик бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломж (2); хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж (3); махны экспортын саад, бэрхшээл, шийдэл (4); хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, инноваци, хөгжлийн хандлага, эрэлт, хэрэгцээ (5); хөдөө аж ахуйд үйлдвэрлэлийн зохистой дадлын тогтолцоо хэвшүүлэх шаардлага, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал (6) зэрэг асуудлыг олон талаас нь оролцогч талуудын өргөн оролцоотой хэлэлцсэний эцэст дараах зөвлөмжийг боловсруулан гаргаж, бодлого, боловсруулагчид, хэрэгжүүлэгчид, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод эрдэм шинжилгээний байгууллагад хүргэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Чуулганаас дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд;

  1. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 урт хугацааны баримт бичигт хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн талаар тусгагдсан зорилго, зорилтуудыг дунд, богино хугацааны хөтөлбөр, бодлогод тусган, хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарал хандуулан, төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг ханган ажиллах;
  2. Монгол орны байгалийн болон биологийн давтагдашгүй нөөцөд тулгуурлан мал аж ахуй, ургамлын болон таримлын гаралтай органик бүтээгдэхүүнээр дэлхийн зорилтот зах зээлд өрсөлдөх өргөн боломжийг төрөөс бодлогоор дэмжиж, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах;
  3. Малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоонд биш гагцхүү чанарт онцгой ач холбогдол өгч, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн төвшин, бүтээгдэхүүний чанартай уялдсан урамшууллын уян хатан тогтолцоог хөгжүүлж, мэдлэгт тулгуурласан, экологид ээлтэй ногоон, эдийн засгийг бодлого, үйл ажиллагаагаар тууштай дэмжих;
  4. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зохистой дадал (Good agricultural Practice)-н тогтолцоог Монгол улсад хөгжүүлэх, төлөвшүүлэх замаар хүнсний  баталгаат, аюулгүй байдлыг хангах, улмаар органик, эрүүл хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх орчныг бүрдүүлэх ажлыг хөхүйлэн дэмжиж хамтарч ажиллах;

Малчид, тариаланчид, фермерийн эзэд, үйлдвэрлэгчдэд;

  1. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, үйлдвэрлэлийн нөөц, хэрэгсэл, байгалийн болон биологийн нөөцийн зохистой менежментэд байнга суралцаж, үйлдвэрлэлийн технологи, арга барилаа байнга шинэчлэх замаар үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулах, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх боломжийг ашиглах;
  2. Хүний өдөр тутмын хэрэгцээ болсон хүнс, тэжээл үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж буйгаа алхам тутамдаа гүнээ ухамсарлаж, хүнсний  чанар, аюулгүй байдлыг хангах асуудалд нухацтай хандаж, үйлдвэрлэлийн бүх үйл явц, дамжлагад ХАА-н зохистой дадал (Good agricultural Practice)-г нэвтрүүлэх замаар органик, эрүүл хүнсний үйлдвэрлэхийг нэмэгдүүлэхэд мэргэжил, мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллах;
  3. Малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, бэлчээр, тэжээлийн нөөцийг зохистой ашиглах, хөрсний эрүүл ахуй, үржил шимийг хамгаалах, үйлдвэрлэлийн нөөцийг хэмнэсэн дэвшилтэт технологи ашигласнаар малчид, тариаланчдын орлого нэмэгдүүлэх, амьжиргааны төвшин сайжрах зөв арга зам гэдгийг ухамсарлан, сэтгэлгээ, хандлагаа өөрчлөн үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллах;

Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод;

  1. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын оролцогч талуудын харилцан ашигтай, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр нягтарч ажиллах;
  2. Үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, сайн туршлага, зөв арга барилыг үйлдвэрлэгчдэд эзэмшүүлэх, нутагшуулах чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар зуучлах;
  3. Малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийн мэргэжил, мэдлэг, ур чадвар, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, тэдний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх;

Их сургууль, эрдэм шинижлгээний байгуулагад;

  1. Зах зээлийн эрэлт, хэрэглээнд суурилсан судалгаа, хөгжүүлэлтийн ажлын хамрах хүрээг өргөтгөн, туршилт судалгааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх;
  2. Үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлийн дэвшилт технологи, сайн туршлага, зөв арга барилыг эзэмшүүлэх, нутагшуулах чиглэлээр зөвлөх, нэвтрүүлэх үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд санаачлагатай ажиллах;
  3. Салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, ажил олгогчдын шаардлага, шалгуурыг хангасан, мэргэжлийн өндөр ур чадвартай сайн мэргэжилтэн бэлтгэх замаар салбарын бүтээмж, үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах;
  4. Салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг нотолгоонд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга замыг мэргэжил арга зүйн өндөр төвшинд боловсруулж, бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчид, үйлдвэрлэгчид болон оролцогч талуудад зөвлөх зэрэг болно.

Чуулганд оролцогсод

 

 

 

 

Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn