Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн модон бөмбөгийн тамирчид 128 алт, 148 мөнгө, 82 хүрэл медаль, 9 цом хүртжээ

ХААИС-ийн модон бөмбөгийн тамирчид 128 алт, 148 мөнгө, 82 хүрэл медаль, 9 цом хүртжээ

2017-04-17 13:49:27


ХААИС-ийн модон бөмбөгийн шигшээ багийн тамирчид Хонгконгийн нээлттэй олон улсын тэмцээнд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тэмцээнд Япон, Солонгос, Тайвань, Сингапур, БНХАУ, Малайз, Хонгконг, Уганда улсын баг, тамирчид  оролцсоноос эрэгтэй багийн төрөлд 24 замын нийлбэрээр 3 дугаар байрт шалгарч, хүрэл медаль, цом хүртэж 2013 онд тус тэмцээний эрэгтэй багийн төрөлд хүрэл медаль авч байсан амжилтаа дахин бататгасан юм.

Мөн эрэгтэй хосын төрөлд нийт 27 хос тамирчин өрсөлдсөнөөс ХААИС-ийн тамирчин М.Ууганбаяр, Г.Санзайдорж нар 96 оноогоор 2 дугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэд боллоо.

Багийн дасгалжуулагчаар модон бөмбөгийн спортын мастер, ХААИС-ийн багш, МУБИС-ийн докторант Ж.Загас, тамирчинаар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн 3-р ангийн оюутан спортын дэд мастер Э.Энх-Алдар, Агро-экологийн сургуулийн 4-р ангийн оюутан М.Ууганбаяр, Инженер технологийн сургуулийн 2-р ангийн оюутан Г.Санзайдорж, О.Мижиддорж нар оролцлоо. Энэ удаагийн баг нь шинээр эхлэн хичээллэгч тамирчидаас бүрдсэн юм.

Амжилттай оролцсон тамирчдыг өнөөдөр /2017.04.17/ ХААИС-ийн удирдлага хүлээн авч баяр хүргэлээ.

ХААИС-ийн хувьд 2011 оноос модон бөмбөгийн тэмцээнд тамирчдаа оролцуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 128 алт, 148 мөнгө, 82 хүрэл медаль, 9 цом хүртсэн амжилт үзүүлж, ОУ-ын хэмжээний мастер 3,  спортын мастер 5, дэд мастер цолтой 12 тамирчинтай болжээ. Спортын мастер, дасгалжуулагч Ж.Загас ярихдаа, “ХААИС-ийн удирдлага энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тиймээс өнөөдөр нийт модон бөмбөгчдын 50 гаруй хувийг бүрдүүлж байна. Спортын амжилт бол тамирчдын тууштай бэлтгэл сургуулилт, хамт олны дэмжлэгээс шалтгаалдаг” гэв.

Модон бөмбөгийн спорт нь 1990 онд Тайвань улсад үүссэн. Гольфийн спортой төстэй ч хэрэглэл нь хямд, мөн модоор хийгдсэн гэдгээрээ онцлог юм. Хэрэглэлийг нь Тайвань улс үйлдвэрлэдэг бөгөөд ОУ-ын тэмцээнд ч тус орныхыг зөвшөөрдөг байна. Манай улсын тамирчид энэ спортоор 2003 оноос эхлэн хичээллэж, Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байжээ.

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn