Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС Загас үржүүлгийн лабораторитой боллоо

ХААИС Загас үржүүлгийн лабораторитой боллоо

2017-05-29 16:45:23

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн дэргэд Загас үржүүлгийн лаборатори байгуулагдаж өнөөдөр /2017.05.29/ нээлтээ хийлээ. Тус лаборатори нь 200.000  ширхэг загас үржүүлэх хүчин чадалтай юм.

Монгол оронд цөөрмийн загасны аж ахуйг хөгжүүлэх, загас, загасан бүтээгдэхүүний  хэрэглээг  нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)-аас “Загас, загасан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, цөөрмийн аж ахуйг Монголд хөгжүүлэх” төслийг 2014-2017 онд амжилттай хэрэгжүүлжээ.     

Энэ хүрээнд ХААИС-ийн 110 сая төгрөгийн санхүүжилтээр Загас үржүүлгийн лабораторийн барилгыг шинээр барьж өнгөрсөн оны  есдүгээр сард ашиглалтанд оруулсан бөгөөд  дээрх төслийн санхүүжилтээр 75.000 $ өртөг бүхий лабораторийн тоног төхөөрөмжийг Энэтхэг улсаас  худалдан авч  ХААИС-д нийлүүлсэн юм. 

Лаборатори байгуулагдсанаар Загасны аж ахуйн салбарт өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, сургалтын орчинг бий болгох, хичээлийн агуулга хөтөлбөрийн чанарыг дээшлүүлж заах арга зүйг сайжруулах, нэн ховор, ховор зүйл загасыг зохиомол аргаар үржүүлэх, байгалийн нөхөн сэргээлт хийх, загасны аж ахуй эрхлэгч нарт жарамгай, жараахай нийлүүлэх, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, судалгааны ажлыг орчин үеийн шинжлэх ухаан технологийн дэвшлийн түвшинд гүйцэтгэх боломж бүрдлээ.

Цаашлаад цөөрмийн аж ахуй хөгжсөнөөр нуур, голуудын агнуурын загасны төрөл, зүйлийг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцлийг бүрдүүлж, байгалийн нөөцийг түшиглэн загасчлал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг загас хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад тодорхой хувь нэмэр оруулах зорилготой юм.

Мөн импортын бүтээгдэхүүнийг орлохуйц загас, загасан бүтээгдэхүүнийг улсын хэмжээд нийлүүлэх боломжтой.

Лабораторын нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Adnan Quereshi, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Академич А.Дулмаа, Ш.Дэмбэрэл болон багш, судлаачид оролцлоо.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn