Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Академич А.Дулмаад ХААИС-ийн “Хүндэт профессор” цол олголоо

Академич А.Дулмаад ХААИС-ийн “Хүндэт профессор” цол олголоо

2017-05-29 16:50:49

Лабораторийн нээлтийн дараа академич А.Дулмаад ХААИС-ийн “Хүндэт профессор” цол олголоо. Тус арга хэмжээнд түүний хүү Монгол улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр оролцож, ээждээ баяр хүргэлээ.

Академич Аюурын ДУЛМАА1935 онд төрсөн, МУИС-ийг 1956 онд төгсч, тухайн үеийн УБДС-д багшилж байгаад 1965 оноос Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд тасгийн эрхлэгч, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд секторын эрхлэгчээр ажиллаж иржээ. Академич А.Дулмаа 1964 онд “Дархадын хотгорын нууруудын гидрогеологи” сэдвээр биологийн ухааны дэд докторын, 1974 онд “БНМАУ-ын нууруудын биологи” сэдвээр Биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ба 1987 онд Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна.

Тэрээр Монгол орны ус, нуурын амьтан, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, хөдлөл зүйн онцлогийг судлан илрүүлж, загасны тэжээлийн бааз, агнуурын нөөцийг тогтоосны зэрэгцээ, шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан 5 зүйл амьтныг шинээр олж зарам, сибирь, жарга, омуль загас нутагшуулан үржлийн эх сүрэгтэй болгожээ.

Академич А.Дулмаа 1975 оноос хойш одоо хүртэл “Монгол-Зөвлөлтийн биологийн иж бүрэн экспедицийн загас судлалын отряд” /хуучин нэрээр/-ын эрдэм шинжилгээний удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд 1994-1995 онд Монгол-Швейцарийн, 1995 оноос Монгол, Германы хамтарсан хайгуул судалгааг явуулж байна.

Академич А.Дулмаа 1958 онд ЗХУ-ын Байгаль нуурын загас үржүүлгийн үйлдвэрээс 14 сая орчим омуль загасны авгалдай авчирч Хөвсгөл нуурт нутагшуулснаас эхлээд загасгүй байсан 21 нуурыг загасжуулах ажлыг биечлэн хийжээ.

Академич Аюурын ДУЛМАА нь сүүлийн жилүүдэд ХААИСд Загас үржүүлэг технологи мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, сайжруулан хөгжүүлэхэд зүтгэл гарган ажиллаж ирсэн ба түүний олон жилийн нөр их хөдөлмөрийн  дүнд буй болсон эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд, ном сурах бичгүүдийг сургалтанд ашигласаар байна. Мөн үүний зэрэгцээ өнөөдөр нээлтээ хийсэн Загас үржүүлгийн лаборатори”-г байгуулахад идэвхи зүтгэл гарган ажилласан ба Байгаль хамгааллын чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Ийнхүү ХААИС-ийн Эрдмийн зөвлөл түүний их сургуулийн хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр, уйгагүй зүтгэл чармайлтыг үнэлэн ХААИС-ийн Хүндэт профессор цол олгохоор шийдвэрлэснийг өнөөдөр гардуулан өглөө.

Энэ үеэр түүний хүү Монгол улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр хэлсэн үгэндээ,

Юуны өмнө МУ-ын ХАА-н салбарын боловсон хүчнийг бэлтгэх эрдмийн уурхай болсон Хөдөө аж ахуйн их сургууль  миний ээжид сургуулийнхаа хүндэт профессор цолыг олгож буйд баярлалаа. Би өнөөдөр энэ индэр дээр ээжийн хүүгийн хувьд зогсож байна. Ээж маань ШУ-ны салбарт 60 жил зүтгэж байна. Хөвсгөл нуурт Дашдорж багшийн хамт 1956 оны хавар загас үржүүлж эхэлсэн тэр үед би ээжийнхээ хэвлийд байсан. Тэр үеэс хойш ээж маань ШУ-ны салбарт тасралтгүй зүтгэж байна. Миний бага нас ээжийн маань хийж байгаа ажилтай холбоотой байсан. Би өөрийгөө ШУ-нд огт хамаагүй хүн гэж боддоггүй. ШУ-ны туслах ажилтан гэж байдаг бол түүнд арай хүрэхгүй. Харин ШУ-ны хар ажилтны хэмжээнд хүрэх болов уу гэж боддог. Судалгааны ажилд нь хамт явж завь хийлэх, майхан босгох, түлээ түүх гэх мэтийн ажилд нь тусалж өөрийнхөө өчүүхэн хувь нэмрийг оруулдаг байлаа. Мөн хэсэг нөхөдтэйгөө хамтран ээжийнхээ хүслийг биелүүлэхээр загас үржүүлгийн цех байгуулсан.

Ээж маань Дархадын хотгорт загасны цех байх ёстой гэж ярьдаг байсан. Францийн мэргэжилтнүүдийн заавар, дэмээр гурван жил орчим хадран, зэвэг зэрэг загасыг лабораторийн нөхцөлд үржүүлсэн. Нэг сая гаруйг үржүүлж тавьсан болов уу. Гэхдээ энэ ажлыг байнга авч явах бололцоогүй байсан.

Өнөөдөр ХААИС, ХХААХҮЯ энэ ажилд анхаарал хандуулж байгаад баяртай байна.

Загас үржүүлнэ гэдэг ээжийн хэлсэнчлэн амар ажил биш. Тэвчээр шаардсан, нарийн ажил. Өнөөдөр ашиглалтад оруулсан лаборатори ирээдүйд их үр дүн үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Намайг багад ЗХУ-аас онгоц ирж, цагаан нуураас загас авдаг байсныг санаж байна. Түүхээс үзэхэд, Александр III хааны үеэс Хөвсгөлийн цагаан загасны амт, чанарыг мэдсэн судлаач, хааныхаа зоогт зориулж, дээрх загасыг авдаг байсан гэдэг.

Монголын загас маш өвөрмөц гэж ээжээсээ сонссон. Ийм сайхан голд муу загас гэж байхгүй. Эдгээр загасыг үржүүлэхэд анхаарч байгаад талархаж байна.

Би түрүүн хэлсэн ШУ-ны ажилтан биш, хар ажилтан. Гэхдээ цаашдаа ч энэ ажлыг дэмжиж ажиллах болно. Ээждээ эрүүл энх,  урт удаан наслахыг хүсэн ерөөе гэлээ. 

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn