Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ АНХДУГААР ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ АНХДУГААР ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-10-04 11:13:33

Монгол орны эдийн засгийн тулгуур салбарын нэг, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулах, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх суурь нөхцөл болсон малын тэжээлийн гол эх үүсвэр болох бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах асуудал зөвхөн малчид, мал бүхий иргэдээр хязгаарлагдахгүй өнөөдөр Монгол эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй бүх хүмүүсийн сэтгэлийг зовоосон асуудал болоод байгаа билээ. 
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн зорилтууд болон цаашлаад Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд бэлчээрийн асуудалд анхаарал хандуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй юм.
Бидэнд өнөөдөр байгаль эх дэлхийгээ, бэлчээрийн нөөц баялгаа хамгаалах, эзний ёсоор хандаж, хариуцлагатай эрүүл, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх бодит хэрэгцээ шаардлага тулгараад байна. Эдгээр болон бусад тулгамдсан асуудлыг тал талаас нь нухацтай ярилцахаар бодлого боловсруулагчид, орон нутгийн мал аж ахуйн мэргэжилтнүүд, малчид, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид нэг дор цуглан, нэгдсэн ойлголтод хүрч, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилго бүхий “Монгол орны бэлчээрийн үндэсний форум” 2017 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа амжилттай болж өндөрлөлөө. 

“Төрөлх нутаг бэлчээрээ хайрлацгаая” уриатай, үндэсний хэмжээний уг форумын ерөнхий зохион байгуулагчаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг ажиллаж, ХХААХҮЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, ХААИС, МУИС, Бодлого судлалын төв, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулав. Форумыг нээж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга нар үг хэлж, форумд оролцогсодод баяр хүргэж, амжилт хүсч байв. 

Уг форумын үйл ажиллагаанд 250 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон ба “Дундын эзэмшлийн бэлчээрийг зохистой ашиглахад Малчдын оролцоо”, “Бэлчээрийн сэргэх чадавхийн зүй тогтол, олон талт хамтын ажиллагаа”, “Монгол орны бэлчээрийн экологийн чадавхи ба бэлчээрийн үнэлгээ, мониторинг”, “Бэлчээр ашиглалтын эрх зүйн орчны зохицуулалтыг сайжруулах арга зам”, “Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэрэгцээ, боломж”, “Монголын нүүдэлч, малчдын хүрээлэн буй орчноо хамгаалах уламжлал,туршлага”, “Хадлан, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээ” зэрэг сэдвээр нэгдсэн болон салбар хуралдааныг 2 өдрийн турш зохион байгуулсан ба оролцогсодын идэвхи, сонирхол маш их байгаа нь ажиглагдаж байлаа. 

ХААИС-ийн Агро экологи, Мал аж ахуй, биотехнологийн сургууль болон Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Экосистемийн судалгааны төвийн судлаачид, профессор багш нар уг форумын үйл ажиллагааны нэгдсэн болон салбар хуралдаан аман болон түүнчлэн ханын илтгэл тавьж идэвхтэй оролцсон ба өөрсдийн сүүлийн үеийн туршилт, судалгааны үр дүнд буй болгосон арвин ургацтай тэжээлийн ургамлын үр, нэмэгдэл тэжээл, малд тарга хүч авахуулах эм бэлдмэл, бэлчээр хамгаалах биологийн бэлдмэл зэргийг танилцуулж байв.
Форумын үеэр Монгол орны бэлчээрийн туршилт, судалгааны ажилд олон жил идэвх зүтгэлтэй ажилласан профессор С.Жигжидсүрэн, профессор Д.Алимаа, дэд профессор Ж.Ундармаа, доктор Н.Лхагважав, доктор Д.Оюунцэцэг, доктор Д.Цогоо, доктор Ш.Батсүх, профессор Ё.Загдсүрэн нарын судлаачдад Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо шагнал гардуулж, судлаачдын цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсч байлаа. 

Форумын үеэр бэлчээр судлал, байгалийн нөөцийн ашиглалтын чиглэлээр суралцаж буй их дээд сургуулийн оюутнуудын дунд “Бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулагдаж, нийт 10 баг оролцсоноос ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн оюутны баг 3-р байранд шалгарлаа. 
Уг бэлчээрийн үндэсний форум цаг хугацаа, агуулга санаачилгын хувьд ч өндөр ач холбогдолтой боллоо гэж форумд оролцогчид үнэлж дүгнэлээ. Уг форумыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2024 оны Дэлхийн бэлчээрийн ээлжит форумыг Монгол Улсад зохион байгуулах талаар санаачлага гарган хамтран ажиллахаар тохиролцов.
Монгол орны бэлчээр, нутаг маань эрүүл байж бид эрүүл хүнс үйлдвэрлэж эрүүл саруул Монгол хүнийг хөгжүүлэх боломж  бүрдэнэ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn