Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“МАЛ ЭМНЭЛЭГ, БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ, ӨНӨӨГИЙН ТҮВШИН” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

“МАЛ ЭМНЭЛЭГ, БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ, ӨНӨӨГИЙН ТҮВШИН” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

2017-10-04 15:15:33

Академич Цэвэгийн Тойвгоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Мал эмнэлэг, биологийн шинжлэх ухааны ололт, өнөөгийн түвшин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Туушин зочид буудалд боллоо.

Хурлыг БСШУСЯ, ШУА, ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, Ц.Тойвгоогийн үр хүүхэд, төрөл төрөгсөд хамтран зохион байгуулсан юм.

Хурлыг нээж БСШУС-ын сайдын зөвлөх, академич Н.Бэгз үг хэлж, монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж сонордууллаа. 
Мөн ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор(ScD) Б.Авид үг хэлэв. 
Хурлын эхэнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Батцэцэг “Академич Ц.Тойвгоо” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлсэн бол АНУ-ын Дюкийн их сургуулийн доктор Амбер Барнэс Дюкийн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны “Нэг эрүүл мэнд D43” төслийн талаар танилцуулга хийв. Олон улсын хуралд Монголоос гадна АНУ, Япон, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирж оролцон, шинэ судалгааны үр дүнгээсээ танилцуулсан юм. 
 Япон улсын Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн сургуулийн доктор К.Суганумагийн “T. equiperdum-д эмийн мэдрэгшлийг бий болгож Монгол орны эмийн ургамлаас ялгасан бодисуудаас трипаносомын эсрэг үйлдэл илрүүлсэн дүн”, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн судлаач, магистр М.Номингийн “Буурын бохины уургийн in vitro орчинд үзүүлэх нөлөө”, АШУИС болон БНХАУ-ын Нанжин хотын Эм зүйн их сургуулийн судлаач доктор Ц.Алтансүх, доктор Жу Шиумей нарын “Лактобионы хүчил холбоот ТПГС нанопартиклаар элэгний эсийн хавдрын эсрэг этопозидын эмчилгээний идэвхийг нэмэгдүүлэх нь”, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Энхтуулын “Хүн, малаас илрүүлсэн хүнсний хордлого үүсгэгч Listeria monocytogenes-ийн молекул биологийн судалгаа” зэрэг мал эмнэлгийн ба анагаах, биологийн шинжлэх ухааны судалгааны орчин үеийн түвшинд хийгдсэн онц сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Мөн нэрт эрдэмтний 100 жилийн ойд зориулан “Академич Ц.Тойвгоогийн амьдрал замнал” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Төрийн соёрхолт, кино найруулагч Л.Шаравдорж “Хугараагүй ноён нуруу” богино хэмжээний баримтат киног бүтээж олны хүртээл болгож байна. 
Академич Ц.Тойвгоо нь 1917 онд малчны гэр бүлд төржээ. 1930-1934 онд дунд сургууль, 1938 онд ЗХУ-ын Эрхүү хотын Хөдөө аж ахуйн техникумд суралцан МАЛЫН БАГА ЭМЧ,  1942 онд Монгол улсын их сургууль (МУИС) байгуулагдахад анхны элсэгчээр орж, 1946 онд МАЛЫН ИХ ЭМЧ мэргэжил эзэмшсэн байна. 1952 онд ОХУ-ын Ленинград (хуучнаар) хотод Биологийн ухааны дэд эрдэмтний, 1960 онд “Монгол үхрийн насны краниологи” сэдвээр мал эмнэлгийн болон биологийн шинжлэх ухааны доктор(ScD)-ын зэрэг хамгаалсан.  
1952-1958 онуудад МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1958-1961 онд Хөдөө аж ахуйн их сургуульд тэнхимийн эрхлэгч, 1961-1974 онд Мал эмнэлгийн хүрээлэнд тасгийн эрхлэгч, орлогч захирал, 1974 оноос ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байв. 
1990 онд “Бог малын төл хүлээн авч бойжуулах тохиромжтой хугацааны шинжлэх ухааны үндэслэл” бүтээлийг үнэлэн төрийн шагнал олгож байжээ. 
Тэрээр 1992 онд “Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд” бүтээлээрээ шинжлэх ухааны шинэ нээлт хийсэн байна.
Ц.Тойвгоо 1957 онд доцент, 1961 онд профессор цол, 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, 1967 онд Зөвлөлт Холбоот Улсын Бүх Холбоотын Лениний нэрэмжит Хөдөө аж ахуйн академийн гадаад гишүүнээр сонгогдож байжээ. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn