Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“МОНГОЛ УГСААТНЫ НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт хурал боллоо

“МОНГОЛ УГСААТНЫ НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт хурал боллоо

2017-10-13 15:19:49

 

“МОНГОЛ УГСААТНЫ НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болон Монголын Нүүдэлчдийн соёл иргэншлийн музейг үүсгэн байгуулагч, Шинжлэх ухааны доктор, Соёлын гавъяат зүтгэлтэн Ч.Сонгины хөдөлмөрийн алдарыг тэмдэглэх арга хэмжээ өнөөдөр /2017.10.13/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.

Хурлын үеэр доктор, профессор Ч.Авдай, академич Г.Нямцэрэн нар Монголчуудын өрх гэрийн уламжлалт үйлдвэрлэл орчин үеийн аж үйлдвэрийн суурь болох нь”, Батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдал судлалын докторант С.Чулуундорж Монголын соёл иргэншилд үзүүлж буй шашны нөлөө”, ХААИС-ийн дэд профессор Б.МөнхбатМонгол угсаатны нүүдэллэх ёс, байгаль хамгаалах уламжлал”,  МУБИС-ийн доктор Б.БаатархүүМонгол дахь соёлын биет бус өвийн судалгаа”,  ХААИС-ийн Нүүдэлчдийн соёл судлалын төвийн эрхлэгч, доктор Ч.ХуланМонгол нүүдэлчдийн амин чанар” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, ХАА-н ухааны доктор (Ph.D), Урлаг судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D) Ч.Сонгино, хань В.Бүнчингийнхээ хамт 1988 онд эх суурийг нь тавьсан Монголын Нүүдэлчдийн соёл иргэншлийн музей өдгөө нүүдэлчдийн соёлын өвийг хадгалж, хойч үедээ таниулсан 400 гаруй үзмэртэй, Төв Азидаа томоохонд тооцогдох үнэтэй сан хөмрөг болсоныг энд цугларсан эрдэмтэд онцлон тэмдэглэж, буянтай бууралд талархал илэрхийлж байлаа.  

Уг музей нь Соёл иргэншил талаас нь авч үзэхэд дэлхийд анх удаа байгуулагдсан сургалт, танин мэдэхүй, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдагаараа бусад музейнүүдээс онцлог юм. Нийт 400 гаруй үзмэр, 13 кино, нэвтрүүлгийн бичлэг бүхий сан хөмрөгтэйн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд малын тоног хэрэгсэл болон ахуйн хэрэглээнд ашиглагдах 50 гаруй стандартыг тогтоосон байна.

Өдгөө Монголын нүүдэлчдийн соёл иргэншил хөгжиж ирсэн түүхийг судлах, сурталчлах, мэдлэг түгээх, нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоо бүхий эд өлгийн зүйлийг судлах, олох, хадгалах, нийтийн хүртээл болгох зорилготой үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Тус музейд зочилсоноор Монголчуудын нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжиж ирсэн түүхэн цаг хугацаа төдийгүй эд өлгийн зүйлстэй биечлэн танилцаж, Монгол ахуйгаа таньж мэдэх боломжтой юм.

Энэ үеэр тус музейн үүсгэн байгуулагч Ч.Сонгинод ХААИС-ийн удирдлага хүндэтгэл үзүүлэн “Монголын нууц товчоо”-ны сонгомол эхийг бэлэглэлээ.

Монголын Нүүдэлчдийн соёл иргэншлийн музейг үүсгэн байгуулагч, Шинжлэх ухааны доктор, Соёлын гавъяат зүтгэлтэн Ч.Сонгины хөдөлмөрийн алдарыг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд болсон “МОНГОЛ УГСААТНЫ НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд түүхийн ухааны доктор Б.Баатархүү “Соёлын биет бус өвийн судалгаа” сэдвээр тавьсан илтгэлдээ дараах зүйлийг онцолсон юм.  Тухайлбал, “...1950-иад оны сүүл үеэс эдүгээг хүртэлх хугацаанд Монгол улсын бүх аймгийн 200-аад сумдад угсаатны зүйн (соёлын биет бус өвийн) хээрийн судалгааны 100 гаруй экспедиц зохион байгуулагдсан байна. Ийнхүү системтэй судалгаа хийгдэж буй боловч эдүгээ Монгол улсын нийт нутаг дэвсгэр, хүн амтай харьцуулахад судалгаа 50%-д хүрээгүй. Энэ нь судалгааг цаашид гүнзгийрүүлэх шаардлагатайг илтгэн харуулна. Дээрхи судалгаанд тулгуурлан монгол угсаатны соёлыг биет бус өвийг судлах, хадгалан хамгаалахад,

- Судалгааг өмнөх уламжлалд тулгуурлан гүнзгийрүүлэн судлах,

- Соёлын биет бус өвийн хэрэглээг бий болгох

- Төрийн бодлогоор бүсчилсэн байдлаар соёлын өвийг хадгалах зэргээр соёлын биет бус өвийг цаашид судлан, хамгаалах боломжтой юм...” гэв.

ХААИС-ийн НССТ-ийн эрхлэгч, доктор Ч.Хулан “Монгол нүүдэлчдийн Амин чанар” илтгэлдээ: “... Хүн төрөлхтөн өдгөө хөгжлийг соёлыг хүндэтгэж, соёлд нийцүүлсэн инноваци, сэтгэлийн боловсрол, Амин чанарын уламжлал, өөрчлөлт гэж ойлгож эхэлсэн бөгөөд бид ч нүүдлийн соёлоос суурин иргэншилд шилжиж буй энэхүү эгзэгтэй цаг үед Амин чанараа судлан тодорхойлж, цаашид юуг авч, юуг орхиж урагшлах тухайд судалгаа шинжилгээ хийх нь нэн шаардлагатай болоод байна.

“Биеэ мэдвэл хүн

Бэлчээрээ мэдвэл мал” хэмээн манай ард түмэн эртнээс хэлэлцсээр ирсэн нь хүн өөрийгөө танин мэдэх нь хүмүүн оршихын үндэс гэж ойлгож ирснийг илэрхийлж байгаа бөгөөд Нүүдэлчдийн амин чанарыг илэрхийлэх аман зохиол, ардын мэдлэг ухааны арвин их сан байгаагийн зэрэгцээ өөр соёл, өөр итгэл үнэмшлийн үүднээс ажиглаж тэмдэглэсэн гаднын аялагчдын тэмдэглэл, Монголд он удаан жил ажиллаж амьдарч асан монголын түүх, зан заншил, аман зохиол, хэл судлаачдын бүтээл туурвил бол Монгол амин чанарыг тодорхойлох хамгийн чухал эх сурвалж юм...” хэмээн онцлов.

Энэ мэтээр бид суурин соёл иргэншилд шилжиж байгаа ч өв соёл, уламжлалаа хэрхэн авч үлдэх талаар эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга хэлэхдээ, Өдгөө тогтвортой хөгжил, ногоон хөгжил гэж ярьж, тодорхойлох болсон. Энэ тодорхойлолт бүрэн утгаараа манай нүүдлийн соёл иргэншилд оршиж буйг дэлхийн эрдэмтэд сонирхон судалж байна. Монголчууд байгаль, эх дэлхийтэйгээ хэрхэн шүтэлцээтэй амьдарч, хайрлан хамгаалж, аж төрж ирсэний тод илэрхийлэл нь бидний нүүдлийн соёл иргэншил, аж төрөх ёс юм гэлээ.  


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn