Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ӨНДӨР УРГАЦТАЙ, ГАНД ТЭСВЭРТЭЙ ЗУСАХ УЛААН БУУДАЙН СОРТЫГ НУТАГШСАН СОРТООР БАТАЛЛАА

ӨНДӨР УРГАЦТАЙ, ГАНД ТЭСВЭРТЭЙ ЗУСАХ УЛААН БУУДАЙН СОРТЫГ НУТАГШСАН СОРТООР БАТАЛЛАА

2018-01-11 16:17:53

Улсын сорт сорилтын зөвлөлийн хурал нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ХХААХҮ-ийн яаман дээр болж өндөрлөлөө. Хурлыг нээж тус зөвлөлийн дарга, ГТБХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун үг хэлэв. Тэрээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд хязгаарлагч хүчин зүйлүүдийн нөлөө нэмэгдэж буй цаг үед ганд тэсвэртэй, богино хугацаанд боловсрох чадвартай, аливаа өвчин, хортонд бага нэрвэгддэг, уураг амин дэмээр баялаг таримлуудын сортыг шалгаруулах, нутагшуулах асуудал онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ.

Монгол орны үр тарианы үйлдвэрлэлийн 30%, төмсний 80%, хүнсний ногооны 80%, жимс жимсгэний 70 гаруй хувьд ургамал, газар тариалангийн салбарын эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт, судалгааны ажил, нөр их хөдөлмөрийн үр дүнд бүтээсэн сортууд тариалагдаж байдаг билээ.

Улсын сорт сорилтын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар улаан буудай, төмс, шар буурцаг, тэжээлийн арвай, эрдэнэшиш, тарвас зэрэг хүн амын хүнсний болон малын тэжээлийн онцгой ач холбогдол бүхий таримлуудын сортыг нутагшсан болон ирээдүйтэй сортоор батлахаар шийдвэрлэв. Эдгээр таримлуудын зарим сортуудын онцлог, ач холбогдлыг дурдвал:

Ургамал, хамгаалал газар тариалангийн хүрээлэнгийн судлаачдын улаан буудайн селекцийн туршилт судалгааны ажлын дүнд бий болгосон, нутагшсан сортоор батлагдсан, Зусах буудайн “Дархан-160” сорт /Triticum aestivum L./ нь эртийн болцтой, жишиг “Дархан-131” сортоос 1.2 ц/га нэмүү ургацтай, усалгаагүй нөхцөлд 38.7 ц/га хүртэл ургац өгдөг, налалт, ган, үрийн асгаралт, зонхилох өвчинд тэсвэртэй, ялангуяа тоост харуунд гойд тэсвэртэй, уураг, цавуулгын өндөр агууламжтайгаараа онцгой ач холбогдолтой байна. Мөн түүнчлэн  Зусах буудайн “Дархан-181” сортыг ирээдүйтэй сортоор батлуулав. Уг сорт нь дунд оройн болцтой, эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтээр Бурятская-34  сорттой харьцуулахад 1 га-гаас 313,6 мянган төгрөгний нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм. 

Уг хуралдаанаар манай судлаачдын туршилт, судалгааны ажлын үр дүнд нутагших, ургац өгөх боломжтой нь нотлогдсон, Монгол хүний эрүүл, зөв хооллолт, хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Тарвасны “Астраханский” сорт  /Citrulus vulgaris Schrad/, Улаалзганы “Щедрая” сорт /Ribes rubrum/, Лоолийн “Евгения” сорт, Бөөрөнхий байцааны “Белорусская 455” сорт, Шар буурцагны “OAC VISION” сорт /Glycina hispida L/-ыг тус тус нутагшсан сортоор баталсан байна. Мөн Монгол оронд тарималжих ирээдүйтэй  Өргөст хэмхийн “Elisa F1” сорт /Cucumis sativus L./, Эрдэнэшишийн “GG5179” сорт /Zea mays L., induratа/, Цэс хашийн “Черный красавец” сорт /Solanium melongena, L/, Тэжээлийн арвайн “Шимт” сорт /H.distichum/-ыг тус тус ирээдүйтэй сортоор баталж, Эрдэнэшишийн “ТК-178” сорт /Zea indentata/, Төмсний “Атар 1” сортыг Улсын сорт сорилтонд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn