Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ

2018-01-15 19:10:49

Т.Хэрүүга: Их, дээд сургуулиудын 19 хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн, 10 хөтөлбөр тайлангаа хүргүүлсэн.

    Дээд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулж, шинэ шатанд гарах ажлыг эрчимжүүлэхээр манай их, дээд сургуулийнхан энэ сарын 26, 27-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” сэдвийн хүрээнд чуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан хэлэлцэх гол асуудал нь юу байх бол, манай их, дээд сургуулиудын өнөөгийн байдал олон улсад хэрхэн үнэлэгдэж байгаа зэрэг асуудлаар Монголын их, дээд сургуулийн консорциум (МИДСК)-ын ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор, профессор Төмөрбаатарын Хэрүүгатай ярилцлаа.


- МИДСК-ын ерөнхийлөгчийн хувьд танаас манай их, дээд сургуулийн хөгжлийн түвшин ямар байна, олон улсад хаана явна вэ гэдгийг нэн түрүүнд асууя?

      -Улсын хэмжээнд 95 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 33 их сургууль, 33 дээд сургууль, 4 коллеж байгууллагын үндэсний магадлан итгэмжлэлд 1-2 удаа орж, 15 дээд сургууль анхны магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд хүргүүлсэн байна.

Эдгээр сургуулиуд 203 хөтөлбөрийг үндэсний хэмжээнд, 19 хөтөлбөрийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авсан бол 10 хөтөлбөрийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр зохих магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллагуудад хандсан.

- Дэлхийн хэмжээнд сургуулиудыг эрэмбэлсэн жагсаалтууд байдаг,  энэ талаар.

        -Эрэмбэ тогтоодог олон байгууллага байдаг. Бид эдгээр байгууллагад албан ёсоор хүсэлт гаргаж бүртгүүлэх, тэдний мэдээллийн санд мэдээлэл, өгөгдлүүдээ оруулах, үүнээс гадна нэг чухал зүйл нь эрэмбэ тогтоодог үзүүлэлт бүрээр нарийвчилсан төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах ажил бүрэн хийгдээгүй байсан. Иймд эрэмбэлэх үндсэн үзүүлэлтүүдийг нарийвчлан судалж, эдгээр үзүүлэлтүүдийг хангахын тулд томоохон их сургуулиуд маань судалгааны их сургууль болох замаар сургалт, судалгааны орчноо сайжруулах, чадавхиа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнд төрийн дэмжлэг чухал байна.

- МИДСК хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна вэ. Дээд боловсролын байгууллагуудыг хөгжүүлэх чиглэлээр хэрхэн ажилладаг юм бол?

      - 1992 онд,  тухайн үед ШУТИС-ийн захирлаар ажиллаж байсан профессор Д.Бадарчийн санаачлагаар төрийн өмчийн таван сургууль нэгдэж  МИДСК-ыг байгуулсан. Өнөөдөр боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн 58 их, дээд сургууль Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК) -ийн гишүүн бөгөөд эдгээр 58 сургуульд нийт оюутны 90 хувь буюу 140.000 оюутан суралцаж байна.
Тус консорциум нь дээд боловсролын эрх зүйн орчин, сургалт, судалгаа, инновацын дэлхийн жишигт нийцсэн ухаалаг тогтолцоог бүрдүүлэх, гишүүн сургуулиудын хамтын ажиллагаанд түшиглэн, хамтдаа хөгжих зорилготой.

Жил бүр консорциумын гишүүн 58 сургууль хамтран хөдөө орон нутагт элсэлт зохион байгуулдаг ажил уламжлал болсон. Улаанбаатарт бүх сургууль тус тусдаа элсэлтээ зохион байгуулж байна. Хөдөө орон нутагт элсэлтийн ажлаа хамтран зохион байгуулдаг болсноор нэг сургуулиас тухайн жилийн элсэлтийн ажил зохион байгуулах зардал, цаг хугацааг 4-5 дахин бууруулах, хөдөө орон нутагт ЕБС-ийн төгсөгчид, эцэг эхчүүдэд нэг цаг хугацаанд, нэг газар цуглаж сургууль бүрийн мэдээлэл, мэргэжлээ зөв сонгох зөвлөмжийг шуурхай зөв авах, аль болох тэнд чирэгдэл учруулахгүй байх, аймгийн боловсрол, соёлын газрынхантай гэрээ байгуулан илүү үр дүнтэй хамтран ажиллах  зэрэг давуу талуудыг бий болгодог. 

- Их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр консорциум элсэлтээс гадна ямар ажил төлөвлөж байна, хамгийн чухал, онцлог ажил юу вэ? 

     - Магистр, докторын хамтарсан хөтөлбөрийг бий болгох, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад хариу өгөх чадамж бүхий томоохон судалгааны ажлыг хамтран хийхээр төлөвлөж байна. Жишээ нь  ХААИС, Хууль сахиулахын их сургуультай хамтран “Хүнсний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал” гэсэн магистрын хоёр шинэ хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулаад ажиллаж байна. Хүнс, хүнсний технологи, эдийн засгийн онол, менежментийн сургалт судалгааг ХААИС, аюулгүй байдал, эрх зүйн талаас нь Хууль сахиулахын их сургуулийн судлаач профессорууд судалгаа, сургалтыг удирдаж явуулна.

Цаашдаа 2 сургууль биш, 4-5 сургууль хамтран тодорхой асуудлын хүрээнд далайцтай сургалт, судалгаа явуулах, хөтөлбөрүүдээ сайжруулах зэргээр профессоруудын хамтын ажиллагаа чухал болж байна.  Үүний үр дүнд нийгэмд өнөөдөр тулгамдаж, шийдлээ хүлээж байгаа олон асуудлууд богино хугацаанд, зөв шийдлээ олох болно.

- Удахгүй болох үндэсний зөвлөлгөөнөөр дээд боловсролын засаглал, сургалт, багш, оюутны хөгжил мөн судалгаа инновацийн асуудлуудаар салбар хуралдаанууд болно. Танай салбарын инноваци, гарааны компани, судалгааны ажлын үр дүн хэрхэн үйлдвэрлэлд нэвтэрч байна.

  ХХАА-н салбарын судлаачдын туршилт, судалгааны ажлын ихэнх үр дүн хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн бодит хэрэгцээнд нийцсэн байдаг. Иймд нийт гүйцэтгэсэн судалгааны ажлын 30-40 хувь нь шууд үйлдвэрлэлд нэвтэрдэг. Жил бүр 30 гаруй технологи үйлдвэрлэлд шилжүүлэхэд бэлэн болдог.  Улсын хэмжээнд 40 гарааны компани бүртгүүлснээс 25 гарааны компани хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ судалгааны эдгээр үр дүн, дэвшилт технологийг хэрэглэгчдэд хүргэх, маркетинг, зуучлал, оюуны өмчийн арилжаалах оновчтой тогтолцоо улсын хэмжээнд бүрдээгүйгээс тэр бүр хэрэглэгчдэд хүрч үр шимээ өгч чадахгүй байсаар байна.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn