Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛ, УРГАМЛЫН ГЕНОФОНДЫН СУДАЛГАА ХАГАС ЗУУНД” НОМЫН БАЯР БОЛЛОО

“БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛ, УРГАМЛЫН ГЕНОФОНДЫН СУДАЛГАА ХАГАС ЗУУНД” НОМЫН БАЯР БОЛЛОО

2018-10-01 10:12:19

Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх, ХАА-н Шинжлэх ухааны академийн гишүүн, ХАА-н ухааны доктор, профессор С.Жигжидсүрэн ХАА-н шинжлэх ухааны байгууллагад ажилласан 50 жилийн хугацаанд байгалийн бэлчээр, хадлангийн газрыг зохистой ашиглах, тэжээлийн олон наст ургамлын үрийн генийн сангийн цуглуулга хийх, тарьж турших, тарималжуулах, нутагшуулах, үр үржүүлэх, байгалийн бага ургацтай бэлчээр, хадланг сайжруулах, таримал бэлчээр бий болгох, тэжээлийн ургамал тариалах чиглэлээр биечлэн болон шавь нарынхаа хамт өргөн хүрээтэй туршилт, судалгааны ажил гүйцэтгэж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Тэрээр эдгээр бүтээлээ эмхэтгэн “Бэлчээр, тэжээл, ургамлын генофондын судалгаа хагас зуунд” номын баяр, эрдэм шинжилгээний бага хурал  өнгөрсөн долоо хоногт МААЭШХ-д боллоо. БСШУСЯ, “Тэжээлийн олон наст ургамлын генофондын үрийн амьдрах чадварын судалгаа” онолын суурь судалгааны төсөл, ХААИС, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран уг номын нээлтийг хийлээ.

Номын нээлтийн үеэр эрдэм шинжилгээний бага хурал болж “Тэжээлийн олон наст ургамлын генофондын үрийн амьдрах чадварын судалгаа” ОСС-ны төслийн болон МААЭШХ-ийн судлаачид өөрсдийн судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээр сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

БСШУСЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр 2016-2018 онд МААЭШХ дээр хэрэгжиж буй “Тэжээлийн олон наст ургамлын генофондын үрийн амьдрах чадварын судалгаа” онолын суурь судалгааны төсөл нь МААЭШХ-ийн тэжээлийн олон наст ургамлын генофондод хадгалагдаж буй  үрийн дээжийн амьдрах чадварыг тодорхойлох зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд төслийн багт МААЭШХ, ХААИС-ийн судлаачид хамтран  ажиллаж байна. 

Академич Ч.Содномцэрэн: Бэлчээр тэжээлийн салбарт С.Жигжидсүрэн багшийн гавъяа их

-МААЭШХүрээлэн дээр миний багш доктор С.Жигжидсүрэнгийн   “Бэлчээр, тэжээл, ургамлын генофондын судалгаа хагас зуунд” номын нээлт маш сайхан боллоо. Монголын бэлчээр тэжээлийн салбарын хагас зуун жилд хийсэн эрдмийн бүтээлүүдийн эмхтгэл болгож энэ номыг гаргасан. Энэ нь шинжлэх ухааны талаасаа их ач холбогдолтой. 1921 оны ардын хувьсгалын дараах нь ОХУ-аас эрүүл мэндийн, геологи хайгуулийн, бэлчээр тэжээлийн зэрэг чиглэлээр судалгаа хийхээр хэд хэдэн экспедиц ирж байлаа. Тэр үед манай улсын мал аж ахуйд хамгийн нөлөөтэй нь байгалийн бэлчээр байсан юм. Энийг судалж зөв зохистой ашиглах зөвлөмжийг тэд өгсөн. Үүний дараа Монголын эрдэмтэд бие дааж бэлчээр тэжээлийн судалгааг хийсэн. Ингээд манай эрдэмтэд бэлчээрийн болон ургамлын төрөл зүйл, ургацын хөдлөл зүй, бэлчээр тэжээлийн тэжээллэг шинж чанарыг хагас зуун жилд судалж тогтоосон. Энэ бол их том амжилт. Одоо манай эрдэмтэд судлаачид өөрсдийн хүчээр бэлчээрийг явж судлаад, шаардлагатай стандартуудыг гаргаад, мэргэжилтэн бэлтгээд явж байна. Энэ судалгааны ажлыг гүйцэтгэхэд доктор С.Жигжидсүрэн их хувь нэмрээ оруулсан. Олон арван ном, сурах бичиг гаргах, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, тэжээлийн стандарт, заавар зөвлөмж боловсруулахад энэ хүний оруулсан гавъяа их бий. Тийм ч учраас шавь нар, мэргэжил нэгт нөхөд нь цуглаад номын нээлт, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байна.

МААЭШХ-ийн захирал Т.Батсүх: С.Жигжидсүрэн гуай энэ салбарт тасралтгүй 50 жил ажилласан

-С.Жигжидсүрэн гуай 50 жил энэ салбарт тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд бэлчээр тэжээлийн таримал ургамлыг тариалах, хөрсийг нөхөн сэргээх чиглэлээр маш олон жил ажилласан юм. Ажиллаж байх хугацаандаа эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, гадны болон дотоодын эрдэмтэдтэй хамтран 30 гаруй ном гаргасан. Мөн бэлчээр тэжээлийн генофонд, бэлчээр тэжээлийн ургамал, газрыг нөхөн сэргээх чиглэлээр 16 хүнийг удирдаж докторын зэрэг хамгаалуулсан. Шавь нар нь ХАА-н салбарт амжилттай яваа. Номын гол онцлог нь хагас зуун жилд дагтаршсан газрыг нөхөн сэргээх, тэжээлийн олон наст ургамлуудын үр үржүүлгийн чиглэлээр маш сайн судалгаа, аргачлал, заавар зөвлөмжтэй ном болсон.

С.Жигжидсүрэн: Малчид, тариаланчид бол миний хамгийн том багш

-Сайн байна уу. Танд шинэ номоо өлгийдөн авсанд баяр хүргэе. Судалгааны ажлын гол үр дүн юу вэ?

-Би Шинжлэх ухааны байгууллагад 50 гаруй жил зүтгэсэн. Миний ажиллаж байгаа салбар бол ХАА, тэр дундаа Мал аж ахуйн салбар байгаа юм. МАА-н оршин тогтнох үндэс нь бэлчээр юм шүү дээ. Бэлчээрийн төлөв байдал нь ямар байна, яаж хувьсаж өөрчлөгдөж байна, зөв зохистой хэрхэн ашиглах ёстой вэ, яаж нөхөн сэргээх вэ, үржил шимийг нь хэрхэн сайжруулах вэ зэрэг чиглэлээр гол судалгааны ажлаа явуулсан. Тэрний үр дүнгүүд нь энэ номонд багтсан. Мөн МАА тогтвортой бус, байгалийн ширүүн шалгарал дор явагдаж байдаг. Ган, зуд болдог. Үүнээс хамгаалах арга нь юу байх вэ, тэжээлийн хангамжийг яаж сайжруулах, хот суурин газруудын хажууд бий болж байгаа өндөр ашиг шимтэй фермийн аж ахуйг яаж авч явах, тэжээлийн хангамж нь ямар байх зэрэг гаргалгааг энэ номондоо боловсруулж, заавар зөвөлгөөг бичиж хэвлүүлсэн нь энэ номонд орсон байгаа.

-Та одоо ямар ажил хийж байна?

-Манай орон бол эрс тэс уур амьсгалтай. Цаг уурын байдлаас болж малд хэрэгтэй 600-700 зүйл ургамал цөөрч байна. Тийм учраас энэ ургамлуудын үрийн генийн нөөцийг авч үлдэх, амьдаар нь хадгалах, цаашид үржүүлж тарималжуулах, шинэ сортууд гаргах ажлууд нэн даруй хэрэгтэй байгаа. Энэ ажлын суурийг тавьж энэ санг бүрдүүлж эхлээд байгаа. Би малчид тариаланчдынхаа дунд байх дуртай, тэдний үгийг сонсож суралцах зүйл ихтэй. Тэд бол миний хамгийн том багш юм шүү.

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn