Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН ЖАРАН ЖИЛ

ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН ЖАРАН ЖИЛ

2018-11-02 15:58:27

Монгол орны эдийн засгийн тулгуур салбар болох хөдөө аж ахуйн салбарын үе үеийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, салбарын хөгжлийн тулгамдсан асуудлын шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн үндэсний судлаачдыг төрүүлэх зэрэг үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан  Хөдөө аж ахуйн их сургууль анх 1958 онд мал эмнэлэг, зоотехник, агрономын факультеттэйгээр үүд хаалгаа нээж байлаа. Тэр үеэс өнөөдрийг хүртэлх 60 жилийн хугацаанд 30 гаруй мянган хөдөө аж ахуйн салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж эх орны өнцөг булан бүрт илгээжээ.

Өнгөрсөн долоо хоногт ХААИС байгуулагдсаны түүхэн 60 жилийн ойн баярын нэгдсэн үйл ажиллагаа боллоо. Ойн хүрээнд “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, дээд боловсролын гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Корпорейт Конвейшн Центрт 2018.10.25-ны өдөр зохион байгуулагдсан. Уг олон улсын бага хуралд тус их сургуультай хамтын ажиллагаатай Польш, Австри, Австрали, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, Тайван зэрэг 10 гаруй орны их сургуулийн 50 гаруй судлаач, багш, профессорууд, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйд биотехнологи, өндөр технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтлөн явуулах шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, эрдэм шинжилгээ туршилт, судалгааны орчныг шинэчлэх, инновацийн экосистемыг бүрдүүлэх нь ХАА-н шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагын тулгуур зорилт болж байгаа билээ. Уг олон улсын бага хурлаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн тулгуур асуудлуудыг шийдвэрлэх арга зам, салбарын хөгжилд дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд их сургуулиудын үүрэг оролцоог дээшлүүлэх боломж, гарцыг тодорхойлсон чухал үр дүнтэй хурал боллоо гэж оролцогчид онцолж байлаа.

Энэ үеэр БНХАУ-ын Шен Яаны Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Японы Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуультай Монгол улсын ХААИС хамтран ажиллах гэрээг сунгаж үзэглэсэн юм.  Мөн бага хурлын үеэр Япон улсын Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн гүйцэтгэх захирал Нобору Инүоэд түүний Монгол улсын мал эмнэлгийн салбарын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж ХААИС-ийн хүндэт профессор цол олгосон.

ХААИС-ийн 60 жилийн ойд зориулсан нэгдсэн арга хэмжээ ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга болон захирлын зөвлөлийн гишүүд хамтран ажилладаг гадаадын их сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзснаар үргэлжлэсэн /2018.10.26/ юм. Уулзалтын үеэр оролцогч талуудын цаашдын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй олон чиглэлээр хөгжүүлэх боломж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Уулзалтанд оролцогсод оюутан, багш солилцоог өргөжүүлэх, хамтарсан олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тулгамдсан асуудлыг хамтын хүч, оюунд тулгуурлан шийдвэрлэх, судлаачдыг, төгсгөн гаргаж буй мэргэжилтнийг чадавхижуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг ойрын үед идэвхижүүлэх шаардлага байгаа талаар санал бодлоо илэрхийлж байв.

БНСУ-ын Жэжүгийн үндэсний их сургууль, Монгол Улсын ХААИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд 5 жилийн дараа гэхэд ХААИС-ийн кампус дотор Мал эмнэлгийн иж бүрэн клиникийг барьж ашиглалтанд оруулахаар ажлаа эхлээд байгаа тухай Жэжүгийн үндэсний их сургуулиас ирсэн төлөөлөгч мэдэгдсэн юм. Монгол-Хоккайдо-ын нийгэмлэгийн тэргүүн Такабэ Цүтомү: ХАА-н салбарт бэлтгэгдэж байгаа боловсон хүчин, мэргэжилтэнгүүд үйлдвэрлэл дээр шууд очоод ажиллах чадамжтай байх ёстой. Илүү практик талдаа мэргэшсэн хүмүүсийг бэлтгэж байж тэд үйлдвэрлэл дээр шууд ажиллах боломжтой болох юм. Хоккайдо Монголын уур амьсгал адил учраас бидэнд хамтран ажиллах зүйл их байгаа. Энэ тал дээр анхаарч ажиллана гэлээ.

Ийнхүү уулзалтын төгсгөлд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга: Та бүхний гаргасан үнэтэй санал, зөвлөмжийг талархалтайгаар хүлээн авч байна. Маш их баярлалаа. Өмнө нь тогтоосон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цар хүрээг өргөжүүлэх талаар хариуцлагатай ажиллах болно гэлээ.

Мөн уулзалтын дараа ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон бусад албаны хүмүүс ОХУ-ын Москва хотын “Зэрлэг ан амьтан, туулайн аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн удирдлагыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцаж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Уулзалтын үеэр Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд илүү дасан зохицсон Халимаг үүлдрийн үхрийг Монголд сэргээн үржүүлэх Монгол үхрийг сайжруулах замаар үхрийн ашиг шимийг сайжруулах, байгалийн хаягдлыг хамгийн сайн шингээгч, өндөр ашиг шимтэй зэрлэг, тэжээвэр, үслэг  ан амьтныг үржүүлэх, дэлхийд ховордсон мазаалайг хамгаалах, тэдгээрийн тоо толгойг биотехнологийн аргаар өсгөн үржүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.  

Ойн гуравдахь өдөр баярын хурал, хүндэтгэлийн концертоор үргэлжилсэн юм. Хурлыг нээж ХААИС-ийн захирал Т.Хэрүүга үг хэлж, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Б.Баярсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Академич Ч.Содномцэрэн, А.Бакей, Польш улсын Варшавын ХААИС-ийн захирал Wiesław Bielawski, Японы Обохирогийн их сургуулийн гүйцэтгэх захирал Нобору Инүоэ зэрэг зочид баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн. Баярын хурлын үеэр ХААИС-ийн түүхэн замнал, өнөөгийн үйл ажиллагаа, ололт амжилтыг харуулсан “Хөгжилд тэмүүлсэн жаран” баримтат кино бүтээснийг хүндэт зочдод үзүүлэв. Уг баримтат киног ХААИС-ийн дэргэдэх S.Film студид ХААИС-ийн ажилтан, багш нарын тусламжтайгаар бүтээсэн билээ.

Баярын хурлын дараа ХААИС-ийн багш, оюутнуудын бэлтгэсэн баярын концертыг хүндэт зочид, төлөөлөгчдөд толилуулсан ба маш сайхан, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн концерт болсныг зочид онцолж байлаа. Уг концертыг ХААИС-ийн “Хатан туул театр” бэлтгэсэн бөгөөд нийт 300-аад авъяаслаг оюутан залуучууд, багш нар оролцсон юм.

Мөн баярын нэгдсэн арга хэмжээний үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан үр бүтээлтэй ажилласан ажилтан, ажилласагсад, профессор багш нарыг Монгол улсын засгийн газрын шагнал, салбарын тэргүүний ажилтан, жуух бичиг, хүндэт өргөжлөлөөр шагнаж урамшуулсаныг гардуулав. Үүнээс гадна ХААИС-ийн оны тэргүүнээр өргөмжлөгдсөн профессор багш нар, тэнхим хамт олныг шагнаж урамшуулсан.

Оройн хүлээн авалтыг МУСТА Э.Ууганбаяр хөтөлж зочдыг доригоогоод авав. Үр бүтээлтэй бусдыгаа манлайлан ажилласан ажилчдад шагнал гардуулж, үе үеийн хүндэт төгсөгчдөө ч бас энэ үеэр мартсангүй. Азтан шалгаруулах үйл ажиллагааг хэн хүнгүй хүлээж байсан биз. Супер шагнал болох Самсунг брендийн J6 гар утасыг хожих азтангаар Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Бүрэнзаяа тодорсон. Мэдээж ямар нэгэн баярыг дуу хөгжимгүйгээр төсөөлнө гэдэг бэрх. Ирсэн зочдын сонорыг мялааж “Хурд” хамтлаг, дуучин б.Баярцэцэг, Дуурийн дууч МУГЖ Д.Ганхуяг, “В” продакшны дуучин Х.Бямбахишиг нар ая дуугаа өргөж, “Хатан туул” хамтлаг цэнгээнт бүжгийн гайхамшгийг мэдрүүлж нэгэн оройг дурсамж дүүрэн өнгөрөөлөө.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn