Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ЭВРИКА-2018”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ, ОЮУТНУУДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ

“ЭВРИКА-2018”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ, ОЮУТНУУДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ

2018-11-20 10:46:15

 

Монголын залуучуудын холбооноос 24 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулсан “ЭВРИКА-2018” багш, оюутны онол, практикийн эрдэм шинжилгээний их хурал саяхан Төрийн ордонд болж өндөрлөсөн. Олон жил тасралтгүй зохион байгуулагдаж буй, хамгийн өндөр шагналын сантай, хамгийн өргөн цар хүрээтэй, их сургуулиудын дундах хамгийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд амжилттай оролцсон багш, оюутнуудаа ХААИС-ийн Эрдмийн зөвлөлөөс өчигдөр /2018.11.19/ хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. 

“ХААИС бол судалгааны их сургууль гэдэг байр сууриа салбартаа улам бататган хөгжиж байгаа. Ялангуяа сүүлийн таван жил бид багш, оюутнуудынхаа эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажилд зориулсан  хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодоос татахад ихээхэн анхаарч байна. Үүний үр дүнд дэлхийн шилдэг эрдэмтэд бүтээлээ хэвлүүлдэг “Nature” сэтгүүлд Монголоос анх удаа манай хоёр багшийн судалгааны өгүүлэл нийтлэгдсэн. Хамгийн сүүлчийн нэг жишээ хэлэхэд, саяхан манай хамт олон “Дээд боловсролын шинэчлэлийг тэргүүлэгч сургууль”-иар шалгарсан. Тиймээс бид багш, оюутнуудынхаа судалгааны бүтээлийг бодит ажил болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн ХААИС-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Г.Гантулга энэ үеэр байр сууриа илэрхийлсэн юм. 

МААБС-ийн Биотехнологийн үржүүлгийн тэнхимийн багш З.Эрдэнэ: Улаан буудайн нийт хаягдал сүрлийн зөвхөн 20 хувийг ферментийн бэлдмэлээр боловсруулахад л одоо дутагдаад буй тэжээлээ бүрэн хангана.

Бидний судалгааны ажлын гол ач холбогдол нь хаягдал түүхий эдийг ферментийн бэлдмэлээр боловсруулж, малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, тэжээлийн нэмэлт бэлдмэл үйлдвэрлэхэд чиглэснээрээ онцлог. Энэ жил Монгол Улсын хэмжээнд 187.4 мянган тонн тэжээл хэрэгтэй байгаагийн 117.8 мянгыг нь дотоодоосоо хангасан дүн байна. Өөрөөр хэлбэл, цаана нь дутагдаж байгаа 49.6 мянган тонн тэжээлийг импортоор авахын тулд 50 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Үүний оронд хаягдал түүхий эдүүдийг биотехнологийн аргаар боловсруулж, малын нэмэгдэл үйлдвэрлэх, тэжээлийн нөөцийг  нэмэгдүүлэх боломжтой. Учир нь манай улс энэ жил 409.6 мянга гаруй тонн улаан буудай хурааж авдаг  хэрнээ хаягдал сүрлийнхээ дөнгөж 30 гаруй хувийг л ашигладаг. Тиймээс улаан буудай хураахад хаягддаг сүрлийн 20 гаруй хувийг биотехнологийн аргаар боловсруулахад л өнөөгийн дутагдаад байгаа малын тэжээлийг дотоодоосоо хангах боломжтой юм. Энэхүү технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, зардлыг л шийдвэрлэхэд  тэжээлийн нэмэлт  бэлдмэлийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэхэд бэлэн. Хэдийгээр энэ нь өндөр өртөгтэй тоног төхөөрөмж ч нэгэнт төр, засаг хөрөнгө мөнгийг нь шийдээд худалдаж авсан тохиолдолд Монголын шинжлэх ухааны бүхий л салбарынхан хамтдаа ашиглаад, үр дүнг нь үзэх боломжтой.

МААБС-ийн Бэлчээр тэжээллэг, химийн тэхмийн оюутан Ц.Бат-Эрдэнэ: Өөхөн тосоор саван, дизель түлш, автомашины тосол, шил арчигч шингэн, нүүрс асаагч үйлдвэрлэсэн.

Би анх МУБИС-д элсэн орж байсан. Гэхдээ судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийхэд хамгийн тохиромжтой юм байна гээд энэ сургуульдаа шилжиж ирсэн. Зорилго маань ч алхам алхмаар урагшилж, “Био хаягдал тосноос олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа” минь энэ оны шилдэг бүтээлээр шалгарсанд баяртай байна. Био хаягдал тосыг боловсруулахгүй, шууд байгальд хаях нь агаарын бохирдолд нөлөөлөхөөс эхлээд олон сөрөг үр дагавартай. Энгийнээр тайлбарлавал, малын өөхөн тос болон хуушуур, боорцог хайрсан ургамлын тос гэх мэт хаягдал бүтээгдэхүүнийг ашиглан төрөл бүрийн саван, дизель түлш, автомашины тосол, шил арчигч шингэн, нүүрс асаагч гэх мэт янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг. Саван гэхэд л бактерын эсрэг, эдийн болон гар, нүүрний гээд олон янз бий. Хүний биед харшил өгөхөөр байна уу гэдгээс эхлээд бүгдийг нь лабораторийн шинжилгээгээр оруулж, баталгаажуулсан. Тиймээс одоо бэлэн болсон бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд нийгэмд эерэг мэдээлэл өгч, оновчтой зөв маркетинг хийх шаардлага тулгарч байх шиг байна.

АЭС-ийн Ургамал хамгаалал, хорио цээр үнэлгээний ангийн оюутан Н.Нямбаяр: Цаг уураас үл шалтгаалан ургацаа алдахгүй байх боломжтойг бүтээлээрээ харуулсан

Монгол орныг хөдөө аж ахуйн улс гэдэг учраас энэ салбарт шинжлэх  ухааны ололт амжилтыг цаг алдалгүй нэвтрүүлж байх ёстой гэж боддог. Тиймээс залуу судлаач хүний хувьд энэ чиглэлээр ажиллахыг зорьдог. Энэ удаагийн “Ургамлын өсөлт хөгжил нэмэгдүүлэх биостимуляторын судалгаа”-ны минь ач холбогдол бол байгаль, цаг уураас үл шалтгаалан ургац алдахгүй, бүрэн гүйцэд хураадаг болоход оршиж байгаа юм. Булган аймгийн улсын тэргүүний тариаланч айлын талбайд очиж, долоон га талбайд судалгаа шинжилгээний дүнгээ туршиж, баталгаажуулсан. ОХУ-д жил гаруй хугацаанд суралцаж байхдаа анх энэ сэдвийг судалж эхэлсэн юм. Эко бордооны энэхүү судалгааг 1960-аад оны эхээр Орос, Монголын эрдэмтэд хамтран хийж байгаад "Шилдэг бүтээлийн шагнал" авсан ч тэгсхийгээд орхичихсон юм билээ. Тиймээс одоо үүнийг Монголын төдийгүй, дэлхийн түвшинд гартал нь судлахыг хичээж зорьж байна. Эхнээсээ салбарын хүмүүс маань дэмжээд, Химийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа. 

МААБС-ийн Биотехнологийн үржүүлгийн тэнхимийн багш, профессор Х.Алтанцэцэг: Монгол Улсад микробиологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх цаг нь болсон.

Монголын төр, засаг 1986 онд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх ойрын болоод хэтийн зорилтуудаа тодорхойлохдоо тэргүүлэх салбарын нэгээр биотехнологийн салбарыг авч үзсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, орчин үеийн биотехнологийн нарийн мэргэжилтнүүдийг гадаадад олноор бэлтгэснээс хойш 50 гаруй жил,  төрийн бодлогоор шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбар гэж анхаарч эхэлснээс хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ бодлогын залгамж халааг манайхан тасралтгүй авч явсны үр дүнд өдгөө миний шавь З.Эрдэнэ “ЭВРИКА-2018” онол, практикийн эрдэм шинжилгээний их хурлын “Залуу багш судлаач”-ийн ангилалд эрдэм шинжилгээний бүтээлээрээ Улс ардын аж ахуй салбарын шилдгийн шилдгээр шалгарсанд багшийн хувиар их баяртай байна. 
Монголын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсөж, хот суурин газруудыг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад буй энэ үед нэмэлт тэжээл, бордоо тун их эрэлттэй байна. Манай сургууль 1998 оноос хөдөө аж ахуйн биотехнологич мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа. Цаг үеийн шаардлага, эрэлт хэрэгцээнд үндэслээд бид биотехнологийн үйлдвэрлэлд ашиглах биологийн өндөр идэвхтэй амьд организмуудыг биологийн селекцийн аргаар лабораторидоо гарган авч байна. Тодорхой хэмжээний омгуудтай ч болцгоосон. Тиймээс одоо энэ бүхэндээ түшиглээд Монгол Улсад микробиологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх цаг нь болсон гэдгийг удирдагч багшийн хувьд зориуд онцолъё.

 

Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn