Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ НЭГЭН ЖАРАНАА ҮДЛЭЭ

АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ НЭГЭН ЖАРАНАА ҮДЛЭЭ

2018-11-27 17:01:41

ХААИС-ийн Агроэкологийн сургууль өнгөрсөн баасан гаригт жаран жилийн ойгоо тэмдэглэлээ. Тус сургууль байгуулагдсан цагаасаа хойш 60 жилийн хугацаанд олон мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачийг төрүүлжээ. Өмнө нь зөвхөн агрономич бэлддэг байсан бол өнөөдөр газар тариалан, газрын харилцаа, ой, экологи, байгаль хамгаалал, ландшафт архитектур, байгалийн аялал жуулчлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж байна. Мөн Агроэкологи сургууль байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээ, ойжуулалт, усны ай савын нэгдсэн судалгаа, хог хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжүүлж байгаа билээ.


ХААИС-ийн Агроэкологи сургуулийн 60 жилийн ойн нээлтийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга баяр хүргэсэн юм. Тэрээр “Монголын газар тариалангийн хөгжлийн өнөөгийн төвшин болон түүхийг бий болгосон уураг тархи нь ХААИС-ийн Агроэкологийн сургууль байсан гэж бодож байна. Өнөөдрийн амжилт бидэнд амархан ирээгүй. Хүн нэг бүрийн хүчин зүтгэл, туулсан амьдрал, алдаа оноогоор бий болсон. Тиймээс та бүхнээрээ бахархаж байна. Та нар ч бас өөрсдөөрөө бахархаарай. Цаг хугацаанд оюун санаа байгаа цагт зогсчихдоггүйн адилаар Монгол Улсын, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хийж бүтээх, хөгжүүлэх ажилд дахин нэг жарны босго хүлээж байна. Өнөөдөр дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, улс, үндэстнүүдийн хоол хүнс болон хэрэглээний ойлголт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт эрчимтэй явагдаж байна. Хот суурин газрууд тэлж байна. Хүнс үйлдвэрлэх газар улам хомс болж байна. Ирээдүйд хүнс, ус хамгийн үнэтэй зүйл болохоор байна. Нөгөө талаар шинжлэх ухааны шинэ ололтууд гарч технологи хөгжиж байна. Зөвхөн өндөр ургац, чанараар хязгаарлагдахгүй далай, сансарт хүнс бий болгох туршилтыг хийж эхлээд байна. Шинжлэх ухаан гүнзгийрч, юмс үзэгдлийг ойлгож ухаарахын хэрээр аливаа шийдэл, гаргалгааг нэг хүний чадлаас ихэнхдээ давамгайлж байна. Нэг асуудлыг олон талаас хамтдаа нэг баг болж судлан үр дүнд хүрдэг болоод байна. Бид үнэхээр сайхан байгаль, эх оронтой хүмүүс. Цаашид 100, 1000 жил аль болох яаж сайхнаар нь хадгалан хойч үедээ үлдээх талаарх төрийн хар хайрцагны бодлогыг бидний сэтгэл, оюунаас үеийн үед өвлөгдөж байх учиртай гэж бодож байна. Тиймээс манай Агроэкологийн сургууль зөв чиглэлтэй явж байна гэж харж байгаа. Бид ирээдүйд байгальд ээлтэй, байгальтайгаа зохицон орших шинжлэх ухаан, мэдлэгээр хөдөлмөр хийсэн хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж эх орныхоо нийгэм, эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулахад тогтвортой салбарыг бий болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Энэ үеэр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нарын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэнд эрдэмтэн багш нарын ном товхимол, бүтээлийн шагнал урамшууллыг дэлгэж тавьсан байлаа. Хүмүүсийн анхаарлыг татсан нэг зүйл нь эрдэмтэн багш нарын Монголын хөрсөнд тарьж ургуулсан жимс, ногооны танилцуулга, үр тарианы бүтээгдэхүүн, Монголын хөрсөнд тохирсон бордоонууд байсан юм. Тухайлбал, Чемалская сортын чавга. Үүнийг Сибирийн жимст цэцэрлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн туршилтын талбайд В.С.Путов, Т.М.Целецавер нар Манжурская, Красавец чавганы сортыг эвсэлдүүлж гаргажээ. Модны өндөр гурван метр, өвөлд тэсвэртэй, жил бүр жимсэлдэг. Талбайд суулгацыг суулгаснаас хойш 3-4 жилийн дараа жимсээ өгч эхэлдэг байна. Жимсний хэмжээ 12-32 грамм, хүрэн өнгийн жимстэй, жимсний гадна талаар цагаан өнгөртэй. Нэг модны дундаж ургац 14-15 кг, өвчин хортонд бага нэрвэгддэг. Үр жимсэнд С аминдэм 4.11 мг, сахар 5.11 хувь, пектин 10.87 мг агуулдаг энэ жимсийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн, багш Н.Сайханцэцэг, Д.Хандсүрэн, Г.Ганцэцэг нар Монголд нутагшуулсан байна.60 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод Агроэкологийн сургуулийн багш нарын бүтээсэн “Амжилтаар жигүүрлэсэн жаран” баримтат киног толилуулж баярын хуралыг нээсэн бол авъяаслаг багш, оюутнуудийн гайхалтай тоглолтоор баярын хурал, хүндэтгэлийн концертоо хаасан юм.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn