Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

УГТЭШХ-д хийгдсэн эрдэм шинжилгээ судалгаа, үйлдвэрлэлийн
томоохон үр дүнгүүд
 
УГТЭШХ үүсэн байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд үр тарианы 96 сорт, бүтээж 20 гаруйг нутагшуулсан, төмсний 10 гаруй, хүнсний ногооны 40 орчим, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 20 гаруй сорт шинээр бүтээж, нутагшуулсны дээр технологийн заавар зөвлөмж 100 гаруйг боловсруулан гаргасан нь тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй хөтлөн явуулах гарын авлага, технологийн удирдамж болсон байна.
Монгол орны үр тариа, төмсний үйлдвэрлэлийн 40 %, хүнсний ногооны 60%, жимс жимсгэний 70 гаруй хувьд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын бүтээсэн сортууд тариалагдаж, тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, таримлыг тариалах, бордох зэрэг тариалангийн технологиуд 100% үйлдвэрлэлд иж бүрэн нэвтэрсэн.
Монгол орны газар тариалангийн салбарт иж бүрэн нэвтэрч улс орны хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн зарим бүтээлүүдээс дурьдвал:
-          Үр тарианы селекцийн ажлын үр дүнд төрийн шагналт буудайн “Орхон” сорт монголын тариаланд 50 жил амжилттай тариалагдаж, талх гурилын хэрэгцээг хангасан төдийгүй сүүлийн жилүүдэд зусах зөөлөн буудайн эртийн болцтой Дархан-131, Халх гол-1, дунд болцтой Дархан-74, Дархан-34, дунд оройн болцтой Дархан-144, пивоны арвайн Бурхан-1 сортуудыг нутагшуулж, гантай жилүүдэд хамгийн тогтвортой ургац өгч тариалан эрхлэгчдийн дунд хамгийн эрэлт хэрэгцээтэй байна.
-        Монгол орны тариалангийн бүс, бүсчлэлийг тогтоож, Монгол оронд газар тариалан эрхлэх технологийн шинжлэх ухааны үндэслэлийг иж бүрэн боловсруулж "БНМАУ-ын газар тариалангийн систем" анх удаа нэвтрүүлсэн байна. Тариалангийн хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах хавж боловсруулах технологийг нэвтрүүлж, Монгол орныг зурваслан тариалах системд шилжүүлсэн бөгөөд хөрс хамгаалах технологи дээр суурилсан үр тариа ургуулах эрчимжсэн 10 гаруй технологи боловсруулж нэг сая шахам га талбайд нэвтэрүүлсний үр дүнд хөрсний элэгдлийн хөнөөлийг зогсоож, үр тарианы ургац тогтворжуулж чадсан нь манай орны газар тариалангийн салбарт хийсэн технологийн хоёр дахь том шинэчлэл болсон байна.
-          Төмсний шинэ сортуудын үрийн булцууны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Щвейцарын Хөгжлийн Агентлагийн “Монгол төмс” хөтөлбөртэй хамтран аэропоникийн автомат төхөөрөмж бүхий хүлэмжийг ашиглалтанд оруулсны үр дүнд жилд 2 удаа тариалж нэг ургамлаас 20 орчим бичил булцуу буюу нийтдээ 200000 бичил булцуу хурааж улсын хэмжээний төмсний үрийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломж бүрдүүлээд байна.
-          Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний 70 гаруй сорт бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн төдийгүй эх орны селекцийн шинэ сорт бүтээх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Лоолийн эр үргүйн чанар бүхий мутант /7в-1/ ашиглан хүлэмжийн лоолийн гетерозис үр гаргах селекцийн ажлын үр дүнд лоолийн гетерозис /F1/ үрийг Монгол орны нөхцөлд анх удаа гарган авч  хүнсний ногооны гибрид сортын үрээр дотоодын хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. 
-          Монгол оронд хөдөө аж ахуйн таримал ургамлын анхны генобанкыг байгуулж 70 гаруй төрлийн тарималын 21000 гаруй сорт, дээжүүд бүхий эх орны ургамлын генетик нөөцийн санг амьдаар хадгалж судалгааны эх матеариал болгон ашиглаж байна.
-          Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2008-2010 онд нийт 15 аймгийн 102 сумын тариалангийн 579.0 мянган га талбайн хөрсийг шинжилж, хөрсний шим тэжээлийн бодисын хангалтын болон элэгдэл эвдрэлийн зэргийг тогтоож, тариалан эрхэлдэг 1942 аж ахуйн нэгж, иргэдэд “Бордох зөвлөмж” боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 2012-2013 онд ҮХААЯамны захиалгаар, ТЭДСангийн санхүүжилтээр “Тариалангийн атаршсан талбайн хөрсний шинжилгээг гүйцэтгэх” гэрээт ажлын хүрээнд 8 аймгийн 55 сумын 503 аж ахуйн нэгж, иргэд, ЗДТГазрын эзэмшил бүхий нийт 347.1 мянган га атаршсан талбайг хөрсний агрохимийн шинжилгээнд хамруулж атаршсан талбайг бордож ашиглах зөвлөмж боловсруулаад байна.
-          ОУАЭА-ийн техник хамтын ажиллагааны үр дүнд Монгол орны тариалангийн хөрснөөс азот хуримтлуулагч Azospirillum, Azotobacter, фосфор задлагч Azoarcus.зэрэг, ашигтай бичил биетнийг биотехнологийн аргаар ялган, сонгож нутгийн омгийн эсийн өндөр идэвхтэй штамм бүхий Ризобактерийн биобордоог бий болгож жилдээ 6-8 тонн хуурай хэлбэрээр бэлтгэн Төв, Сэлэнгэ, Булган, Увс, Хэнтий зэрэг аймгуудын тариалангийн үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн.
Ийнхүү судлаач, эрдэмтдийн оюуны бүтээлийн үр шим, монгол төрийн оновчтой бодлого, тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр бид дотоодын үр тариа, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоог 70 хувь хангасан амжилтанд хүрээд байна..
Цаашид, уур амьсгалын өөрчлөлтөд таримал, сортын дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, эх орны таримал, сортуудын нэр төрлийг олшруулах, тариалангийн технологийг улам бүр экологийн чиг баримжаатай боловсронгуй болгох зэрэг Монгол орны газар тариалангийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэх замаар экспортын чиг хандлагатай, мэдлэгт тулгуурласан тариалангийн салбарын хөгжил, дэвшилд бодитой хувь нэмэр оруулах эрхэм зорилго тавин ажиллаж байна.
Хаяг:  Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээнй Хүрээлэн
УГТЭШХ Ш/х-908
Дархан-Уул 45047
Монгол улс
Утас/факс: 976-7037-8826
Гар утас: 9901-4174
            И-мэйл: bayar67@yahoo.com



УРГАМАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИЛЖСЭН АЖЛЫН ЗАРИМ ҮР ДҮН

Унших ...

Дэлгэрэнгүй
УГТЭШХ-д хийгдсэн эрдэм шинжилгээ судалгаа, үйлдвэрлэлийн томоохон үр дүнгүүд

Унших ...

Дэлгэрэнгүй
УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Унших ...

Дэлгэрэнгүй

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn