Академич Ж.Тэмүүжин ХААИС-ийн эрдэмтдэд лекц уншлаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-03-10 14:18:50

Хөдөө аж ахуйн сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын албаны Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төв, Магистр, докторын сургууль хамтран цуврал лекцийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний удаад Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн “Mongolian Journal of Chemistry” сэтгүүлийн ерөнхий редактор, академич Ж.Тэмүүжинг урьж “Судалгааны ажлын үнэлэмж ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлийг хөгжүүлэх нь” сэдвээр лекц уншууллаа.

 Академич Ж.Тэмүүжин нь эрдэм шинжилгээний байгууллагад 1991 оноос хойш ажиллах хугацаандаа гадаадад хэвлэгдсэн номын бүлэг 6, олон улсын хурлын редакторлосон бүтээл 2, Web of science (Clarivate analytics)-ийн бүртгэлийн санд бүртгэгдсэн өгүүлэл 77, (73) (core collection>2600 ишлэл, Н-индекс 27), Скопус бүртгэлийн санд бүртгэгдсэн өгүүлэл 89 (3055 ишлэл, Н-индекс), Scholar google бүртгэлийн санд бүртгэгдсэн бүтээл>100 (>4310 ишлэл, Н-индекс), олон улсын 64 сэтгүүлийн өгүүлэлд хяналт хийсэн, үүнээс 60 сэтгүүл нь Clarivate analytics-ийн импакт фактортой юм.

Тэрээр ХААИС-ийн багш судлаачдад зориулсан лекцдээ олон улсын төвшинд эрдэм шинжилгээний ажилтныг үнэлэх аргачлал, олон улсын эрдэм шинжилгээний байгууллагыг үнэлэх аргачлал, ковидоос шалтгаалсан үнэлгээний шинэ үзүүлэлт, эрдэм шинжилгээний сэтгүүл, түүний онцлог, эрдэм шинжилгээний ажлын үр дүн судалгааны ажлаар илэрхийлэгдэх нь, эдийн засгийн хөгжлийн эрдэм шинжилгээний бүтээлд үзүүлэх нөлөө зэрэг багш, эрдэмтэн судлаачдын өмнө тулгардаг сэдвээр лекц уншиж онлайнаар 40, танхимаар 30 гаруй хүн оролцлоо.

Академич Ж.Тэмүүжин “Mongolian journal of Chemistry” сэтгүүлийг эрхлэн гаргаж олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн стандартад нийцүүлэхээр зорьж, одоогоор энэ сэтгүүл нь хоёр одтой, гадаадын 10 гаруй орноос эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авдаг, Scopus-т бүртгэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн монголын анхны сэтгүүл болоод байна.

Зохион байгуулагчид цуврал лекцийн дараагийнхыг гуравдугаар сард “Стандарт их сургуулийн судалгаа, сургалтын чанарыг дээшлүүлэх хөшүүрэг болох нь”, дөрөвдүгээр сард “Их сургуулийн цахим сургалтын платформыг хөгжүүлэх”, “Их сургуулийн цахим номын санг хөгжүүлэх” зэрэг сэдвээр мэргэжлийн судлаач, эрдэмтдийг урьж, илтгүүлэхээр төлөвлөөд байна.