ХААИС-ИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ЭЛЕКТРОНИКИЙН ТЭНХИМИЙН 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-02-14 13:16:32

ХААИС-ийн Цахилгаан хангамж, электроникийн тэнхим үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Тус тэнхимийн багш, судлаач, төгсөгч, оюутнууд өнгөрсөн хугацааны ололт, амжилтаа дүгнэн “Цахилгаан хангамжийн онол-үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 2 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, 12 судалгааны чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ.

Анх таван багш, нэг тэнхимийн туслах ажилтан, 40 гаруй оюутантай байсан тус тэнхим өдгөө 11 эрдэмтэн багш, 2 сургалтын мастер, 1 хичээлийн туслах ажилтантай болон өргөжжээ. Өнгөрсөн хугацаанд 1002 оюутан суралцан төгсөж, Монгол Улсын аюулгүй байдал, стратегийн чухал салбар болох цахилгаан хангамж, элетроникийн салбарт амжилттай ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсаар байна.

Ойн эрдэм шинжилгээний хуралд ХААИС-ийн захирал, дэд профессор О.Баатарцогт, Эрчим хүчний яамны Түлшний бодлого, хэрэгжилтийн газрын дарга И.Лувсанцэрэн, тэнхимийн үүсгэн байгуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Р.Бүүвэйбаатар, тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Баатархүү болон багш, судлаачид, төгсөгчдийн төлөөлөл оролцож байна.

Тэнхимийн багш нар санаачлан 16 лаборатори, ном, сурах бичиг 10, гарын авлага 41-ийг боловсруулан салбарынхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжилд хувь нэмрээ оруулжээ.