ОХУ-ЫН ЭРХҮҮГИЙН ХААИС-ИЙН ЗАХИРАЛ Н.Н.ДМИТРИЕВ ХААИС-Д ЗОЧЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-03-23 16:29:53

ОХУ-ын Эрхүүгийн ХААИС-ийн Захирал Николай Николаевич Дмитриев 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзан хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Уулзалтад ХААИС-ийн Захирал О.Баатарцогт, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн Хэл соёлын тэнхимийн багш Ч.Баярчимэг, Инженер, технологийн сургуулийн зөвлөх профессор Г.Гантулга нар оролцов.

Эрхүүгийн ХААИС нь 1934 онд байгуулагдсан бөгөөд 9000 гаруй оюутан, 6 бүрэлдэхүүний сургууль, 3 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Хөдөө аж ахуйн их сургуультай 2004 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Үүнд:

  • 2+2 хөтөлбөр
  • 1+1 магистрын хөтөлбөр
  • Зун болон өвлийн сургалт, судалгааны хөтөлбөр (богино хугацааны 2-3 долоо хоногийн болон урт хугацааны 3 сарын)
  • Хамтарсан судалгаа хийх (буудайн үр болон төмс үржүүлэг, хөрс, ургамал хамгаалал, судлал)

Эрхүүгийн ХААИС-д 2009 оноос хойш 2+2 хөтөлбөрөөр нийт 155 оюутан 28  мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж төгсжээ. 2023 оны байдлаар нийт 18 оюутан бакалавр болон магистрын түвшинд суралцаж байна. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд манай их сургуулийн 2+2 хөтөлбөрийн Орос хэлний ангид 15 оюутан суралцаж байна. Эрхүүгийн ХААИС-д манай их сургуулийн оюутнууд төлбөрийн 50 хувийн хөнгөлөлттэй суралцдаг  юм.

Ирэх сард багтаан хоёр их сургуулийн эрдэмтэд тус тусын их сургуулийн хамтран ажиллах боломжтой судалгаа, шинжилгээний ажлын чиглэлийг тодорхойлж, үүний дараа цахимаар болон биечлэн уулзаж хамтран ажиллах судалгааны чиглэлийг эцэслэн тогтоосноор ОХУ-ын ШУА, Монгол улсын Шинжлэх ухаан Технологийн сан болон бусад судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин санхүүжүүлдэг сангуудад хандан хамтарсан төслийн санал хүргүүлэхээр талууд санал нэгдлээ. Уулзалтын үеэр ХААИС-ийн захирлыг ирэх жил тохиох Иркутскийн ХААИС-ийн 90 жилийн түүхт ойн арга хэмжээндээ оролцохыг урилаа.