ЯПОН УЛСЫН ТОКИОГИЙН ХААИС-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦОХ ОЮУТНЫГ ШАЛГАРУУЛАВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-03-27 18:19:32

Япон улсын Токиогийн ХААИС-иас жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Олон улсын оюутны чуулга уулзалтад 2023 онд Монгол улсын ХААИС-ийг төлөөлөн оролцох оюутан шалгаруулах шилдэг илтгэлийн уралдаан өнгөрсөн долоо хоногт болж, МААБС-ийн 2-р ангийн оюутан А.Анударь шалгарлаа.

 

 

Гадаад харилцаа, түншлэлийн албаны менежер Ц.Сүхтулга, Судалгаа, инновацын албаны менежер, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Баярмаа, Хэл, соёлын тэнхимийн багш Б.Батчимэг, Сургалтын бодлого, цахим шилжилтийн газрын Багш хөгжлийн төвийн мэргэжилтэн А.Алтанзул нарын шүүгчийн бүрэлдэхүүн уралдааныг шүүж, шилдэг оролцогчийг шалгаруулав. Шалгаруулалтад ХААИС-ийн МЭС-ийн Малын эмчийн 1-р ангийн оюутан Н.Хатанжаргал, МААБС-ийн Хүнсний чанар, эрүүл ахуйн үнэлгээний 3-р ангийн оюутан С.Энэрэл, Биотехнологийн 2-р ангийн оюутан А.Анударь, Биотехнологийн 3-р ангийн оюутан Т.Уранчимэг, АЭС-ийн Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээний 3-р ангийн оюутан М.Ариунтунгалаг нар оролцсоноос шүүгчдийн нийлбэр оноогоор А.Анударь нэгдүгээр байр эзэлж, Токиогийн ХААИС-д 2023 оны 8 дугаар сард зохион байгуулагдах “Олон улсын оюутны чуулга уулзалт”-д оролцохоор боллоо.

 

 

Уралдаанд оюутнууд англи хэл дээр илтгэл тавьж өрсөлддөг ба англи хэлний мэдлэг, илтгэх болон асуултад хариулах чадвар гэсэн 3 үзүүлэлтийг харгалзан шүүгчид оноо өгч шалгаруулдаг билээ.

Энэ жилийн уралдааны явцад нийт оюутны англи хэлний мэдлэг мэдэгдэхүйцээр сайжирсан, багш нарын хамт хийсэн судалгааны ажлууд нь сонирхолтой төдийгүй бэлтгэсэн илтгэлийн чанар сайжирсан зэрэг ахиц дэвшил ажиглагдлаа.