БНСУ-ЫН МУКПУ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ЗӨВЛӨХ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ХААИС-Д ЗОЧЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-10 16:48:36

ХААИС-ийн удирдлага, Мукпу хотын захирагчийн зөвлөх Жу Ю Хан тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хотын захирагчийн зөвлөх Жу Ю Хан хэлсэн үгэндээ “ХААИС-тай товчхон танилцах бус цаашид олон талаар хамтран ажиллах зорилготой байгаагаа уламжиллаа. Тухайлбал, оюутан, багш солилцоог хэрэгжүүлэх боломжтой. Мэдээж, сүүлийн жилүүдэд дэлхий хувьсан өөрчлөгдөж хүүхэд залуус IT чиглэлийг илүү сонирхон судлах болсон боловч хүний суурь хэрэгцээ болох ХАА, мал аж ахуйн салбарын ач холбогдол улам бүр өсөн нэмэгдсээр байна. Тиймээс танай сургууль маш чухал ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа нь сонирхол татаж буй юм. Цаашид Мукпу хотын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа хийх, оюутны дадлагын бааз байгуулах зэргээр хамтран ажиллах боломжтой гэв.

Төлөөлөгчид ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд (ИТС, Гадаад хэлний тэнхим), Агропарк, Мал амьтны эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Агропаркд цэцгийн хүлэмж байгуулж, цэцэг, хүнсний ногоо, нарийн ногооны аж ахуй хамтран эрхлэх боломжтой гэв.

Уулзалтад ХААИС-ийн талаас, захирал О.Баатарцогт, Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Б.Мөнхбат, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Батжаргал, Санхүү, төлөвлөлтийн газрын захирал Б.Бат-Эрдэнэ, ГХТА-ны менежер Ц.Сүхтулга, ГХТА-ны мэргэжилтэн Г.Уянга, БНСУ-ын талаас, Мукпу хотын Захирагчийн зөвлөх Жу Ю Хан, “Жоннам Мукпу” сонингийн захирал Канг Жон У, “Далай Бада” ХХК-ний захирал Чой Ён Чон, орчуулагч “Момэйд” агентлаг Л.Бадамцэцэг нар оролцов.