ERASMUS+ MONGBWL ТӨСЛИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-05 10:22:58

Европын холбооны санхүүжилттэй Erasmus+ MONGWBL “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” олон улсын хамтарсан төслийн ээлжит сургалт-семинар ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засаг, хуулийн сургууль дээр 2023 оны 03 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

“Ажлын байранд суурилсан туршилтын сургалтын хэрэгжүүлэлтийн хэлэлцүүлэг” сэдэвт энэхүү сургалт-семинарт төслийн хамтрагч Европын 4 их сургууль, дотоодын 5 их сургууль, 3 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл бүхий 60 гаруй оролцогч хамрагдаж аялал жуулчлал болон банк, даатгалын хөтөлбөрийн туршилтын сургалтын үр дүнг хэлэлцэж, цаашид баримтлах чиглэл, анхаарах зүйлс, хэрэгжүүлэлтийг үр өгөөжтэй болгох зөвлөмжүүдийг өглөө. Мөн сургалтын төгсгөлд төслийн хөндлөнгийн аудитын дүгнэлттэй танилцав.

ХААИС-ийн аялал жуулчлал болон аялал жуулчлалын маркетинг хөтөлбөрийн нийт 25 оюутан энэхүү төслийн хүрээнд 10 байгууллага дээр ажлын байранд суурилсан сургалтад хамрагдаж дадлагажсанаас 50 хувь нь үргэлжлүүлэн ажиллах санал хүлээн авсан бөгөөд тэдгээрээс 3 оюутан одоогоор үндсэн ажилтнаар ажиллаж байгаа үр дүнтэй байна.