ХААИС-ИЙН 2023 ОНЫ БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-22 19:02:44

Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын оюутны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ХААИС-ийн Захиргааны байрны Эрдмийн зөвлөлийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд бүрэлдэхүүний сургуулиудын эрдэм шинжилгээний хуралд шалгарсан оюутнууд  оролцож, 14 оюутан аман илтгэл, 7 оюутан ханын илтгэл хэлэлцүүллээ. Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлыг ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани дэмжин хамтран оролцож, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг шагнаж урамшуулснаараа онцлог боллоо. Тухайлбал, MCS группийн МЭТАГРО ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга С.Бямбасүрэн, ХААИС-ийн төгсөгч, ONE GROUP-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбат нар хуралд оролцож, багш оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шагнаж урамшууллаа.

Шилдэг илтгэлийнТЭРГҮҮН байранд ИТС-ийн Цахилгаан хангамж, электроникийн тэнхимийн багш Р.Байгалмаагийн удирдсан, Цахилгаан хангамжийн инженерийн V ангийн оюутан Э.Даваасүрэн, Д.Бат-Эрдэнэ, III ангийн оюутан Э.Дөлгөөнболд нарын “ХҮЛЭМЖИЙН АВТОМАТЖУУЛАЛТ” сэдэвт илтгэл шалгарлаа. Тэргүүн байранд шалгарсан шилдэг илтгэлийн эздийг хурлын ивээн тэтгэгч МЭТАГРО ХХК өргөмжлөл,1 000 000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

ДЭД байранд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн багш, доктор Т.Уянгаагийн удирдсан,  МЭЗ V ангийн оюутан Э.Цэвэгмидийн МУУРНЫ ДЕРМАТОФИТ МӨӨГӨНЦРИЙГ ИЛРҮҮЛСЭН ДҮН илтгэл шалгарч, өргөмжлөл, 800 000 төгрөгийн шагнал хүртлээ.

ГУТГААР БАЙРАНД ИТС-ийн Цахилгаан хангамж, электроникийн тэнхимийн багш Г.Нямдорж, Механик инженер, мехатроникийн тэнхимийн багш, доктор Л.Лхагвасүрэн нарын удирдсан, Инженер механик IV ангийн оюутан Б.Амгаабазар, Ц.Банзрагч нарын ЖИМС ЖИМСГЭНИЙ ТАРИМАЛД АРЧИЛГАА ХИЙХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ” сэдэвт бүтээл шалгарсныг ХААИС-ийн төгсөгч, ONE GROUP-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбат 500 000 төгрөгөөр шагнаж, цаашдын судалгааных нь ажилд амжилт хүслээ.

Мөн ГУТГААР БАЙРАНД Агроэкологийн сургууль, Таримал судлал, ой, ландшатны архитектурын тэнхимийн багш, доктор Д.Ундармаагийн удирдсан, УХХЦХҮ-IV ангийн оюутан Ө.Ууганчимэгийн “АНГУУЧИН АМЬДРАЛТАЙ БЯСААНЫ НУТГИЙН ШИНЭ ЗҮЙЛИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС” илтгэл тус тус шалгарч өргөмжлөл, 500 000 төгрөгийн шагнал хүртлээ.

ШИЛДЭГ ХАНЫН ИЛТГЭЛ-ээр Эдийн засаг, бизнесийн сургууль, Санхүүгийн тэнхимийн багш, доктор З.Ядмаагийн удирдсан Санхүүгийн менежер-III ангийн оюутан М.Тэмүүжингийн IPO ХИЙСЭН БАНКНУУДЫН САНХҮҮГИЙН ҮР ДҮНГИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ШИНЖЛЭХ НЬсэдэвт илтгэл шалгарсныг өргөмжлөл, 300 000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.


ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал профессор Б.Мөнхбат, Сургалт, цахим шилжилтийн бодлогын газрын захирал, доктор Н.Батжаргал,Судалгаа, инновацын албаны менежер, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Баярмаа,ХААИС-ийн төгсөгч, ONE группийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбат, MCS группийн МЭТАГРО ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга С.Бямбасүрэн нар хуралд оролцсон удирдагч багш, судлаач оюутнуудад баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүслээ.