Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд /2025.01.21/ Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллаж Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Б.Хэрлэн болон сургуулийн удирдлагууд, багш ажиллагсад, тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын эхэнд Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор, профессор Б.Баасансүх сургуулийн танилцуулга, бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэж Байнгын хорооны гишүүдийн асуултад хариуллаа.
Байнгын хорооны гишүүд их дээд сургуулийн сургалтын төлбөрийг төр зохицуулахгүй тул зах зээлийнхээ жамаар явах ёстойг, төрийн өмчийн их дээд сургуулиудыг кампус хэлбэрээр хөгжихийг дэмжих учраас бодлого, санаачлагыг гартаа авч ажиллахыг зөвлөлөө.
Байнгын хорооны дарга Ч.Ундрам: “Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр”-ийг яамдад чиг үүрэг өгч боловсруулан хэлэлцэх, БОХХААБХ-той хамтраад улсын хэмжээнд хэрэгжүүлэх юм бол хөдөө аж ахуйн 1000 мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг болно.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Ахлах сургуулийг бүсчилсэн хөгжлийн дагуу төрөлжүүлж хөгжүүлье. Бүс нутгийн онцлогт тохирсон хөдөө аж ахуйн ахлах сургууль байгуулаад төгссөн хүүхдүүдийг ХААИС-д авдаг. Тухайлбал, мал аж ахуйн ангид ерөнхий эрдмийн хичээлийн зэрэгцээ мал аж ахуйн хичээл заалгаад төгсөөд малчин болох эсвэл үргэлжлүүлэн их сургуульд суралцаж болно. Жишээ нь, Японд хөдөө аж ахуйн ахлах сургуульд ногоо, будаа тарьдаг, хичээлийг сайн будаа тарьдаг туршлагатай хүн орно. Ахлах сургуулиа төгсөөд хөдөө аж ахуйн ажил хийхэд зээл, газрыг шийдэж өгөх өөрөөр хэлбэл, ажлын байр, ажиллах нөхцөлийг шийдээд тасралтгүй явуулж байдаг бол манайд ингэж чаддаггүй.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Сургуулийн танилцуулгад дурдсан тэтгэлгийн сан байгуулах санааг дэмжиж байна. Ангид 2 сайн оюутан байхад 10 оюутанд сайнаар нөлөөлдөг, энэ бол олон улсын сайн жишээ. Сайн сургуулиуд бүх оюутанд тэтгэлэг өгч чадахгүй, 2-3 маш сайн оюутныг тэтгэлгээр татдаг, тэд орчноо өөрчилж чаддаг. Тэтгэлгийн санг төрөөс тусламж хүлээхгүйгээр бусад эх үүсвэрийг олон талаас нь судалж бүрдүүлж чадвал тухайлбал, төгсөгч, аж ахуй нэгж, ажил олгогчдыг татан оролцуулбал урт хугацааны үр дүн гарах болно гэлээ.
Байнгын хорооны гишүүд багш ажиллагсад болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллүүдийн саналыг сонсож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв. Хөдөө аж ахуйн чиглэлээр элсэн суралцагчдын тоо эрс багассан талаар багш, судлаачид хэлж байв. Түүнчлэн эрэлттэй мэргэжлээр суралцагсдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, тэтгэлэг олгох асуудлын талаар болон багш, ажилчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах, судалгаа, шинжилгээний чиглэлээр хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудлаар, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын статус төрийн албан хаагч мөн биш эсэх нь тодорхойгүйгээс зарим төрлийн тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлаас хасагдах тохиолдол байгааг дурдсан. Тухайлбал, төрийн албан хаагчийн нэг хүүхдийг их дээд сургуульд хөнгөлөлттэй үнээр сургах болон ажилласан жилээс шалтгаалан тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид хамрагдаж чадахгүй байгаа талаар мэдээлэл өгсөн. Байнгын хорооны гишүүдийн зүгээс хууль, эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.
ХААИС-ийн ректор Б.Баасансүх
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн С.Эрдэнэбат
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн О.Батнайрамдал
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн Ж.Галбадрах
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн О.Саранчулуун
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн Б.Хэрлэн
ХААИС-ийн Сургалт, цахим шилжилтийн бодлогын газрын захирал Г.Энхбаяр
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар
Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд
ХААИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Я.Эрдэнэсүрэн
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл Х.Мөнхтүвшин
ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш П.Болормаа