“Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” англи хэлээрх эрдэм шинжилгээний X бага хурал зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-11-18 12:40:37

Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газар хамтран залуу судлаач, багш нарын дунд зохион байгуулдаг “Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний 10 дахь удаагийн хурлыг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Энэ хурал нь МЭЭШХ-ийн санаачлагаар ХАА-н салбарын залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, хамтарсан судалгаа, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох, судлаачдын англи хэлний мэдлэг чадвар дээшлэх, олон улсын түвшинд ажиллах сэдэл төрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Эрдэм шинжилгээний хурлыг нээж МЭЭШХ-ийн захирал, профессор Б.Батцэцэг, Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газрын дарга, доктор Б.Баярмаа нар үг хэлэв.

Энэ удаагийн хуралд залуу доктор, багш, судлаачид уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн, доройтол, ургамлын өөрчлөлт, агаарын бохирдол, малын эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлээр гүйцэтгэсэн судалгааны ажлын 9 илтгэл шалгаран оролцсон байна.

Хурлын хөтлөгчөөр АНУ-ын Принтстоны их сургуулиас ХААИС-д англи хэлний багшаар ажиллаж буй Vaishnavi Doma ажилласан бол шүүгчээр МЭЭШХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор А.Алтанчимэг, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхмийн эрхлэгч, доктор Д.Кадирбек, Агроэкологийн сургуулийн багш, доктор А.Сайнчулуу нар уригдан шүүж, судлаачдаас асуулт асууж, санал зөвлөгөө өгч ажилласанд талархал илэрхийлье.

Уг эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлийн тэргүүн байрт МЭС-ийн пост доктор судлаач (PhD) О.Отгонтуяа “Isolation of Virulent Rhodococcus equi in Mongolia”, дэд байрт МЭЭШХ-ийн Молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (PhD) О.Банзрагчгарав “Evalution of Mongolian medicinal plants for acaricidal activity with chemical profiling of Erigeron acer L. Root extract” илтгэлээр тус тус шалгарлаа. Хуралд оролцсон багш, судлаачдадаа судалгааны ажлын өндөр амжилт хүсье.







"Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байр МЭС-ийн пост доктор судлаач (PhD) О.Отгонтуяа “Isolation of Virulent Rhodococcus equi in Mongolia” илтгэл 

"Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурлын дэд байр МЭЭШХ-ийн Молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (PhD) О.Банзрагчгарав “Evalution of Mongolian medicinal plants for acaricidal activity with chemical profiling of Erigeron acer L. Root extract” илтгэл

Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газар