Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ач холбогдол, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-11-18 15:53:25

БОУАӨЯ, ХААИС болон Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо хамтран “Байгаль орчны үнэлгээ, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ХААИС-ийн Захиргааны II байрны Эрдмийн зөвлөлийн 43 тоот танхимд зохион байгууллаа. Хуралд төрийн захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл, судлаач, эрдэмтэд оролцож, Монгол Улсад байгаль орчны үнэлгээний салбар үүсч хөгжсөн түүх, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсад байгаль орчны нөлөөллийн үнэлгээний эрх зүйн үндэс 1998 онд бүрдсэн нь байгаль хамгаалах төрийн бодлого албан ёсоор хэрэгжиж эхэлсэн чухал үе хэмээн салбарынхан онцоллоо. Өнөөдрийн байдлаар eic.mn системд 100 гаруй тусгай зөвшөөрөлтэй байгууллага бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн олонх нь ХААИС-ийн байгаль орчны хяналт, үнэлгээний чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдээр хангагдаж байна. ХААИС 2002 оноос эхлэн тус чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний мэргэжилтэн бэлтгэж, байгаль хамгааллын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар байна.

Хурлын үеэр байгаль орчны үнэлгээний үндэсний тогтолцооны хөгжил, олон улсын чиг хандлага, арга зүйн шинэчлэлийн шаардлага, салбарын тулгамдсан асуудал болон бодлогын шийдлийн талаар санал солилцов. Мөн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг тасралтгүй бэхжүүлэх нь салбарын хөгжлийн гол хүчин зүйл болохыг онцлов.

Монголын Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцаж буй энэхүү хурал нь тус байгууллагын салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, цаашдын зорилтыг тодорхойлох чухал арга хэмжээ боллоо. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь төслийн эерэг, сөрөг нөлөөллийг урьдчилан тооцох, экологийн болон эдийн засгийн эрсдлээс сэргийлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгааг оролцогчид тэмдэглэсэн юм.