ХААИС “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслөөр хөдөө аж ахуйн машин техникийн мэргэшсэн оператор бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-01 17:49:12

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслөөр хөдөө аж ахуйн машин техник тэр дундаа газар тариалангийн техникийг мэргэжлийн түвшинд ашиглах болон услалтын системийн ажиллагаа, ашиглалт засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааны дүрэм, услалтын системийг тогтвортой, үр ашигтай ажиллуулах мэргэшсэн оператор бэлтгэх сургалтыг ХААИС-ийн Инженер, технологийн сургууль 2025 оны 11 дүгээр сарын 17-оос 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад 7 аймгийн 10 сумын ЗДТГ-ын төлөөлөл, тариаланч, ногоочдын төлөөлөл нийт 40 гаруй хүн хамрагдлаа.

Азийн хөгжлийн банкны зээл (хөнгөлөлттэй зээл)-ээр санхүүжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” техник туслалцааны хэлцлийн төсөл нь монгол орны газар тариалангийн салбарын хүнсний ногооны ургац, зах зээлийг нэмэгдүүлж орон нутагт жижиг тариаланчдын орлого, ажлын байр нэмэгдүүлэх төсөлд дэмжлэг үзүүлэх юм. Төслийн хүрээнд 7 аймгийн 10 сумын газар тариалангийн услалтын системийг шинэчлэн, сайжруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 7 сумын услалтын системийг шинэчлэн байгуулж, улсын комисст хүлээн өгсөн байна.