Хөдөө аж ахуйн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Байгалийн ухааны багц лабораторийн шинэчлэлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд ХААИС-ийн Сургалт эрхэлсэн проректор А.Буянбаатар, Боловсролын яамны Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Нарангэрэл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Miyagi Kensuke, “Инженер технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай нар мэндчилгээ дэвшүүлэн төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар онцлон тэмдэглэлээ.
Төслийг Японы Засгийн газар, ЖАЙКА болон Боловсролын яам хамтран хэрэгжүүлж, нийт 421,309 ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлийн 9 лабораторийг бүрэн шинэчиллээ. Шинэчлэлийн хүрээнд 67 нэр төрлийн 800 багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж, сургалт, судалгаанд нэн шаардлагатай орчныг бүрдүүлсэн байна.
Энэхүү хөрөнгө оруулалт нь лабораторийн дэд бүтцийг сайжруулахаас гадна Монгол Улсын хөдөө аж ахуйн боловсролын салбарт байгалийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр олон улсын түвшний мэдлэг, ур чадвартай хүний нөөц бэлтгэх стратегийн ач холбогдолтой дэмжлэг болж байна. Шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулснаар биологи, хими, физик, математикийн чиглэлийн сургалт, судалгааг дэлхийн жишигт нийцүүлэн явуулах боломж бүрдэж, сургалт–судалгаа–үйлдвэрлэлийн уялдаа бодитоор бэхжих нөхцөл бүрдлээ.
Хөдөө аж ахуйн их сургууль нь цаашид орчин үеийн лабораторийн чадавхад тулгуурлан инновац, судалгааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд ажиллах зорилт тавин ажиллаж байна.