Пестицидийн үлдэгдэл хяналтгүйн улмаас хүнсний аюулгүй байдалд эрсдэл учирч байна

Нийтлэгч : .
Огноо: 2026-04-09 11:44:12

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Монгол Улс дахь пестицидийн хэрэглээ: Өнөөгийн байдал, эрсдэл, бууруулах арга хэмжээ ба төрийн бодлого” онол-практикийн хурлыг зохион байгууллаа.

Хурлаар манай улсын хөдөө аж ахуйн салбарт ашиглаж буй пестицидийн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдэл болон хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцсэн юм.
Хурлын үеэр танилцуулсан судалгааны дүн мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татлаа.

Тухайлбал, нийт шинжилсэн 525 дээжийн 48.5 хувь буюу 255 дээжид пестицидийн үлдэгдэл илэрч, нийт 92 төрлийн үйлчлэх бодис бүртгэгджээ. Хамгийн ноцтой нь, илэрсэн пестицидүүдийн багагүй хувь нь монгол улсад ашиглахыг зөвшөөрөөгүй бодисууд байсан нь хяналт шалгалтыг чангатгах зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Хуралд оролцогчид пестицидийн зохисгүй хэрэглээг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад дараах чиглэлээр бодлогын шинэчлэл хийх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байна.

Лабораторийн чадавх: Улсын хэмжээнд пестицидийн үлдэгдлийг нарийвчлан тодорхойлох лабораториудын тоног төхөөрөмж, хүний нөөцийг бэхжүүлэх.
Эрх зүйн шинэчлэл: Пестицидийн импорт, худалдаа, хэрэглээнд тавих хяналтыг чангатгах чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох.
Стандартын хэрэгжилт: шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй бодис агуулсан бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах, хэрэглэгчдийг эрсдэлээс хамгаалах тогтолцоог бүрдүүлэх.

Хурлыг ХААИС болон төрийн байгууллагууд хамтран зохион байгуулсанаар пестицидийн хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлтэй, хяналттай тогтолцоонд шилжүүлэхэд чухал алхам боллоо. Хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн төрийн бодлогын шийдвэрт тусгуулахаар ажиллана гэлээ.