ХААИС-ийн бакалаврын оюутны 2026 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл тодорлоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-13 19:17:25

Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын оюутны 2026 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах нэгдсэн хурал 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Хурал нь оюутнуудын судалгааны ажлыг дэмжих, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, инновац шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд таниулах зорилготой жил бүр уламжлалт болгон зохиодог бөгөөд энэ удаад 3 үе шаттайгаар зохион байгуулж, оролцогчдын хүрээ, өрсөлдөөний чанарыг нэмэгдүүлсэн онцлогтой байв.

I шат (2026.03.15 – 03.25): Бүрэлдэхүүн болон салбар сургуулиудын 32 тэнхимийн нийт 441 оюутан оролцож, судалгааны ажлаа танилцуулсанаас  дараагийн шатанд судалгааны суурь түвшин, шинэлэг санаа, онол практикийн уялдаа зэргийг үнэлж шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан.

II шат (2026.03.25 – 03.31): Бүрэлдэхүүн болон салбар сургуулиудаас шалгарсан  92 оюутан өрсөлдөж, илүү гүнзгийрүүлсэн судалгаа, илтгэх ур чадварыг үнэлж шилдгүүдийг тодруулсан.

III шат – Нэгдсэн хурал (2026.04.13): Нэгдсэн хуралд бүрэлдэхүүн болон салбар сургуулиудын 21 оюутан оролцож, судалгааны ажлаа аман болон ханан илтгэлийн хэлбэрээр танилцуулан, шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.

Аман илтгэлийн төрөлд тэргүүн байрт Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэлзүй IV ангийн оюутан Ц.Маралмаа, удирдагч багш П.Болормаа, Д.Дэлгэрмөрөн нарын “Зах зээлд борлуулагдаж буй малын мах, дотор эрхтэнд албендазолын үлдэцийг шинжилсэн дүн”, дэд байрт Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Зоо инженер, технологи IV ангийн оюутан Г.Түмэнбаяр, удирдагч багш Ж.Рэнцэнханд нарын “Дорпер Монгол болон Эдельбай Монголын эрлийз хургыг тэжээж, өсөлтийг харьцуулан судалсан дүн”, гутгаар байрт Эдийн засаг, бизнесийн сургуулийн Бизнес шинжлэл, загварчлал IV ангийн оюутан Д.Молор-Ундраа, удирдагч багш Г.Гантогоо нарын “Зээлийн эрсдэлийг урьдчилан таамаглах AHP, логистик регрессийн хосолсон загвар”, ханан илтгэлийн төрөлд Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэлзүй V ангийн  оюутан Н.Цэвэлмаа, удирдагч багш Б.Болдбаатар нарын “Зарим аймгийн хачигт энцефалитийн үүсгэгч илрүүлсэн дүн” сэдэвт бүтээл шалгарав.

Нэгдсэн хуралд оролцсон 21 оюутанд нь батламж гардуулж, эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцсон хөдөлмөр, хичээл зүтгэлийг урамшууллаа. Хурлыг зохион байгуулсанаар оюутнуудын судалгааны ажлыг бодит үнэлгээнд оруулах, судалгааны арга зүй, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, салбар бүрийн тулгамдсан асуудалд шинэлэг шийдэл дэвшүүлэх, ирээдүйн судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.



Аман илтгэл: Тэргүүн байрт Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэлзүй IV ангийн оюутан Ц.Маралмаа, дэд байрт Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Зоо инженер, технологи IV ангийн оюутан Г.Түмэнбаяр, гутгаар байрт Эдийн засаг, бизнесийн сургуулийн Бизнес шинжлэл, загварчлал IV ангийн оюутан Д.Молор-Ундраа, ханан илтгэл: Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэлзүй V ангийн оюутан Н.Цэвэлмаа