Уур амьсгалын эрсдэлийн индекст суурилсан санхүүжилтийн шинэ тогтолцоог хэлэлцлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-15 14:50:10

ХААИС, ХААШУА, АДАПТ төслөөс хамтран 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Мал аж ахуйн салбарын уур амьсгалын эрсдэлийн индекст суурилсан дасан зохицох төлөвлөлт, санхүүжилт” санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) дэмжлэгтэйгээр БОУАӨЯ, ХХААХҮЯ-ны хамтран хэрэгжүүлж буй АДАПТ төслийн хүрээнд санал солилцох уулзалтыг

  • Мал аж ахуйн салбарын эрсдэлийн индекст суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн арга зүйг боловсруулах;
  • Орон нутгийн түвшинд (аймаг, сум) төсөв хуваарилахад чиглэсэн стратегийг салбарын яамд болон шийдвэр гаргагчдад танилцуулах;
  • Салбарын эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг тусган бодлогын баримт бичгийг сайжруулах зорилготой зохион байгуулав.

Уулзалтаар Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэв “Мал аж ахуйн салбарын уур амьсгалын эрсдэлийн индекс, түүнд суурилсан дасан зохицох төлөвлөлт”, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ёекторын эрхлэгч, доктор М.Алтанбагана “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн индекст суурилсан санхүүжилт хийх боломж”-ийн талаарх судалгааг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Уулзалтад ХХААХҮЯ, БОУАӨЯ, ОБЕГ-ын төлөөллүүдээс гадна ШУА, ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцож, бодлогын түвшинд санал бодлоо солилцов.

    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бие даасан хууль боловсруулагдаж буй энэ цаг үед, байгалийн гамшигт өртөмтгий иргэд болон мал аж ахуйн салбарын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд энэхүү индексжүүлсэн санхүүжилтийн тогтолцоо нь томоохон дэмжлэг болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.